“NEWS” агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Дамдины Цогтбаатарыг танилцуулж байна.
Дипломатч мэргэжилтэй Д.Цогтбаатар нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагддаг. Фракцынхаа квотоор Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын алба залгуулж ирсэн.
Дипломат албанд хийсэн их цэвэрлэгээг нь “МАН-ын захиалгаар хийсэн улс төр” гэж тодорхойлох нь бий.
Учир нь, У.Хүрэлсүхийн танхим 2019 онд хилийн чанад дахь дипломатуудыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлэхэд гардаж ажилласан юм. Ингэхдээ “Польшийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломатч” гэх нэрсийг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханаар зарлуулж, эхний ээлжинд зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, хил дамнасан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр Х.Даваадоржийг Бельги улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын Элчин сайдын зөвлөхөөс, А.Батсайханыг Лаос улс дахь Элчин сайдын яамны зөвлөхөөс, Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулаас, Б.Баттүшигийг БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаас чөлөөлсөн.
Эл асуудлын талаар сайд Д.Цогтбаатар “Энэ бол 2009 оны жагсаалт. Би 2012 онд энэ хулгайчидтай чинь тэмцээд, ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн юм. Гэвч таван жилийн дараа эргээд очиход тэднийг бүгдийг нь буцаагаад ажилд авчихсан байсан. Би ахиад бүгдийг хөөгөөд явуулсан.
Энэ 69 хүн дотор одоогийн Гадаад харилцааны яамны яг унаган ажилтан хүн байхгүй” гэдэг тайлбар хийсэн удаатай. Гэвч Монголын дипломат албаны хоёр ажилтан Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэхийг завдаад баригдсан дуулиан дэгдэхэд тэдний нэг нь сайд Д.Цогтбаатарын туслахаар ажиллаж байсан жолооч С.Эрдэнэбаяр болохыг хэвлэлүүд онцолсон юм.
Гадаад харилцааны сайдад Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа дипломатууддаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг ч зөрүүлээд эрх ашигтай томилгоог хийх нь намын, фракцын шахаа гэж харахаас аргагүйд хүргэж буй. Учир нь, сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь Элчин сайдын яаманд атташе, Гадаад харилцааны дэд сайдын алба хашиж байсан Б.Батцэцэгийн туслах Ц.Даваасүрэнг Ром дахь Элчин сайдын яаманд атташегаар томилсон юм. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын жолоочоор ажиллаж байсан Ц.Сумъяадоржийг Шанхай дахь Консулын газарт аж ахуйн эрхлэгч-жолоочоор, Бээжин дэх Элчин сайдын яамны I нарийн бичгийн даргаар Ж.Баярмаа нарыг тус, тус томилсон нь Гадаад харилцааны яаманд ажиллаж үзээгүй хүмүүсийг хилийн чанад руу томиллоо гэх хэл амыг дагуулж байв.
У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Гадаад харилцааны сайдаас огцорсон.
УИХ-ын 2020 оны сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөл болон парламентад ажиллаж байна. Саяхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болсон нь мөн л Сү.Батболдын фракцад хуваарилсан квот гэж хэлж болно.
Учир нь, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болж, давхар дээлтэн болсноор Д.Цогтбаатар гишүүнд тус байнгын хороог удирдах квот ногдсон юм.
УИХ-д сонгогдсон хугацаандаа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийг шинээр нэмж байгуулахыг түр хориглох тухай тогтоолын төсөл, Ломбардын үйл ажиллагааг зохицуулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.
Тухайлбал, УИХ-аас Ломбардыг зохицуулах тухай хууль батлагдсанаар иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, маш өндөр хүүтэй өдрийн зээл олгодог зэрэг асуудлыг хязгаарлах зохицуулалттай болсон. Мөн зээлийн хүүг урьдчилж авахыг хориглох, хулгайд алдагдсан үнэт эдлэлийг барьцаа нэрээр зарж байгааг хаах зэрэг зохицуулалтыг тусгасан юм.
УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн баталсан. Уг хуулийн ач холбогдлын талаар төсөл санаачлагч Д.Цогтбаатар “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Гэвч амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос үргэлж цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүний дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байв.
2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг 215 хүний оффшор дансыг ил болгосон баримтыг дэлгэхэд 49 нь Монгол Улсын иргэн байв.
Тэрхүү 49 хүний жагсаалтад Д.Цогтбаатар гишүүний нэр багтаж, оффшорчдын тоонд орсон ч тайлбар хийж, няцаасан.
Тэрбээр “Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Австралийн хөрөнгө оруулалттай "Бату Майнинг" компани нь гадааддаа оффшор данстай байдаг. Ер нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гадааддаа оффшор данстай байдаг. “Оюутолгой” компани гэхэд л толгой компани нь Голландад оффшор компанитай. Тухайн үед Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болоод түр сууж байгаа ч гэсэн хүсэлт тавьсны дагуу би ямар ч цалингүй, зөвхөн нэрээ бүртгүүлж байсан удаатай. Би тухайн үед 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан. Хөрөнгө оруулалт хийсэн 11 сая төгрөгийг 1998 оноос үйл ажиллагаа явуулсан өөрийн хуулийн компаниас гаргасан. Тухайн үед надад тэр хэмжээний мөнгийг гаргах боломж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2007 оноос эхлэн хэрэгжиж эхэлснээс нь хойш өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрт байгаа хувьцаагаа нэгд нэгэнгүй оруулж өгсөн. Оффшор данстай байх, хулгайлсан мөнгөө угаах хоёр ялгаатай. Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш” гэсэн юм.
Тэрбээр их улс төрд орж ирэхээсээ өмнө Гадаадын харилцааны яаманд атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, мөн тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал зэрэг албыг залгуулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх болж, их улс төрд хал тавих замаа зассан байдаг.
Англи, Орос, Кхмер, Тай зэрэг дөрвөн хэлтэй.
Авлигатай тэмцэх газарт гаргасан 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 50 сая бол гэр бүлийн орлого 942 сая, нийтийн орон сууц гуравтай, нийт үнэлгээ нь 854 сая төгрөг гэж мэдүүлжээ. Lexus-570 маркын 1 автомашинтай 257 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 180 сая төгрөгийн авлагатай бол 948 сая төгрөгийн зээлтэй.
Линкс поверкоре ХХК, Түмэнгаз ХХК, Аргиба инвестмент ХХК, Нано энержи ХХК, Састэйнабилити Ийст эйжия ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, ББ Дент ХХК, И Клиник ХХК, Иксиллион ХХК, Эко баттерэй ХХК, Нано коүтинг монголиа ХХК, Дархан хөгжил Би Ти Пи ХХК-иудад тус бүр 30.000-100 хүртэлх ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
- 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
- 1998-2000 онд Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
- 2000-2002 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
- 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
- 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
ШАГНАЛ:
- 2005 онд Алтангадас одон
- 2011 онд Ардын хувьсгалын ойн медаль
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос, Кхмер, Тай
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ