Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй, ДНБ-ийн хэмжээтэй дүйх мөнгө нүүрсний хулгайчид завшсан талаар эрх баригчид анх зарласан. Үүнтэй холбоотойгоор 17 чингэлэг спиртийг сануулах гэсэн шиг 17 улстөрч ард нь бий тухай баахан цуурсан. Аргаа бараад АТГ-аас хэлсэн тоотой ойртуулсан тоотой УИХ-ын гишүүдийг нэрийг зарласан нь нүүрсний хулгайч биш тойргоо булаалгасан “доожоогүй” гишүүд болж таарсан билээ. Хөгжлийн банкны сонсголоос багцаа аван нүүрсний хулгайн сонсголыг хийхээр төлөвлөсөн байх өндөр магадлалтай эрх баригчдын үйлдэл эхнээсээ уншигдаад эхэлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр чөлөөт цагаараа сайдын ажлаа хийж бүх анхаарлаа энэ хэрэгт хандуулж гэдгээ зарлаад байгаа. Гэтэл өөрсдийнх нь хэлдгээр нүүрсний мафийн энэ хэрэг их л жигтэй, жогтой болоод явчихлаа.
Учир нь сайдтан энэ талаар өөрийн албан ёсны сошиал хуудсууддаа бичлэг хийн байршуулсан бөгөөд түүнд хэлж буй санаа нь ихэд цочоов.
Б.Энхбаяр:
-"Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг sonsgol.mn хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд олруулах боломжтой. Sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй.
Өөрсдөө сүржигнэн жил тойрон шоудсан хэр нь сонсголдоо иргэдээс мэдээлэл авах гэнэ. Нэг ёсондоо матаач хийгээдэхээч гэснээр ялгаагүй. “Үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж” гэсэн нь эцэстээ таныг гэрч болгох бололтой. Амьд хүний гэрч болон Ардын намын матаач болсноос мөрөөрөө явсан нь дээр гэдгийг иргэд ойлгохгүй гэж бодсон бололтой. Хэрэвзээ иргэдэд нүүрсний хулгайн мэдээлэл байсан бол МАН өдий хүртэл юугаа хийж нуух вэ?! Дээр нь мэдээлэл цуглуулж буй сайтаа зориуд төөрдөг байшины зохион байгуулалтаар хийсэн төдийгүй найдвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, хийлгэсэн хүн түүнээс үзэмжээрээ, хэрэгтэй гэснээ сонсголд ашиглах бөгөөд ирэх сонгуульд рейтинг өндөр нэр дэвшигчдийг харлуулах пропаганда болох нь тодорхой болчих шиг. Харин өөрсдийгөө нууна, өөд нь гаргахгүй гэснээ золино. Нүүрсний сонсгол гээч үнэн хэрэгтэй “Чамайг даа” л болоод дуусах нь.
Хуучин цагт ногоон малгайтнууд хэн нэгнийг зайлуулахдаа мэдээлэгчээс авсан мэдээллээрээ зандалчилдаг байсан бол өнөө цагт энэ технологи ийнхүү техникийн дэвшлээр дахин ирэх нь.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ