УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын сайдаар олон удаа ажилласан Д.Оюунхоролд төрийн хар хүн гэдэг тодорхойлолт ч багадах байх. Тэрбээр одоо Монгол Улсын аялал жуучлалын ирээдүй гэгдэж буй Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байгаа. Засгийн газраас 2021 онд Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) Д.Оюунхоролыг томилсон. Тэрбээр энэхүү ажил үүргийнхээ хүрээнд Хөшигийн хөндийн газар зохион байгуулалт, төлөвлөлтийг хариуцах болсон юм.
Засгийн газраас Хөшигийн хөндийн онгоцны буудлыг түшиглэн үйлдвэржилт, тээвэр логистикийн төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасан.
Мөн Монголын анхны казино, тансаг зочид буудлууд сүндэрлэх аэро сити бий болгоно гэдэг зорилт тавьж байгаа. Тэгвэл 2024 оны төсөвт Хөшигийн хөндийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр 51.5 тэрбум төгрөг тавьсан байна. Тодруулбал,
- 31.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд бүтцийн ажлыг 2024 онд 16.4 тэрбумаар санхүүжүүлнэ.
- Зуунмодоос Хөшигийн хөндий орох авто замын есөн тэрбум өртгөөс 2024 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
- Мөн 138 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн ажлын санхүүжилт болгож 2024 онд 33.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Засгийн газраас Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс болон “Шинэ зуунмод” хотын төлөвлөлт зураг гарган, хэрэгжүүлж эхлээд байгаа. Шинэ бүтээн байгуулалтын хувьд эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд 56.8 км урттай үерийн хамгаалалтын суваг, ус хангамж, ариутгах татуургын 50 км урттай шугам, цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Энэ ажилд 2023 онд улсаас 63 тэрбум төгрөг зарцуулсан. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үндэслэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн суурьших дагуул хот сүндэрлэх хүлээлт бий.
Хэдийгээр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа 2021 онд байгуулагдсан энэ ажил дорвитой яваагүй. Тиймээс бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2022 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороо”-г байгуулсан байдаг. Тус хороог Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн даргалж байгаа юм. Хөшигийн хөндий нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас гадна БНХАУ, ОХУ-тай төмөр зам болон олон улсын хурдны авто замаар шууд холбогдох эдийн засгийн гол зангилаа цэг билээ.
Д.Шархүү
Холбоотой мэдээ