НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр Израиль болон Палестины Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнд энгийн иргэдийг хамгаалах нь "нэн тэргүүнд" байх ёстой гэж хэлээд Газын зурвас "хүүхдийн оршуулгын газар" болж байгааг анхааруулав. Тэрбээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид энэ харгис хэрцгий, аймшигтай мөргөлдөөнөөс гарах гарцыг олохын тулд одооноос арга хэмжээ авах ёстой" гэсэн бөгөөд "хүмүүнлэгийн гал зогсоох"-ыг дахин уриалав.
“Газын зурвас хүүхдүүдийн оршуулгын газар болж байна. Өдөр бүр олон зуун охин, хөвгүүн амь насаа алдаж, гэмтэж бэртэж байна. Хүмүүнлэгийн гал зогсоох хэрэгцээ цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр нэмэгдэж байна. Мөргөлдөөнд оролцогч талууд, тэр дундаа олон улсын хамтын нийгэмлэг нь мөргөлдөөнийг зогсоож, Газад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг эрс өргөжүүлэх нэн даруй бөгөөд үндсэн үүрэг хариуцлага юм" гэж Гутерриш хэлжээ.
НҮБ-аас Газын зурвас, Баруун эрэг, Зүүн Иерусалимын зарим хэсэг дэх 2.7 сая палестинчуудад туслах 1.2 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Гутерриш албан ёсоор эхлүүлснээ мэдэгдэв. Тусламжийн ачааны машинууд Рафах гарцаар дамжин Египетээс Газын зурвас руу нэвтэрч байгаа. Гэвч энэ нь аравдугаар сарын 7-ны өмнөхөөс багассан бөгөөд Израиль тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгахад цаг хугацаа хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Мөн хүмүүнлэгийн тусламжаар шатахуун авчирахгүй байгаа учраас инкубатор дахь нярайнууд болон амьсгалын аппарат ашиглаж буй хүүхдүүд үхэж байна гэж Гутерриш халаглажээ.
Мөргөлдөөн гарснаас хойш 1400 орчим хүн амь үрэгдсэний олонх нь энгийн иргэд бөгөөд тэдний гэрийг пуужингаар оносноос амь үрэгджээ. Хамасын Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израиль хариу цохилт өгч эхэлснээс хойш Газын зурваст 10,222 хүн амиа алдсаны 4,000 гаруй нь хүүхэд байна.
Үүний зэрэгцээ Газын зурваст ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг амь үрэгдэж байгаад тэрбээр харамсч буйгаа илэрхийлжээ. Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлснээр, наад зах нь 36 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгджээ.
Түүнчлэн НҮБ-ын тусламжийн 88 ажилтан амь үрэгдээд байгаа аж. 2.4 сая хүн амтай Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр НҮБ-ын 13 мянга орчим алба хаагч ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ