АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден даваа гаригт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзаж, Газын зурваст тактикийн завсарлага авах боломжийн талаар хэлэлцжээ. Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийн тулд Израилийн цэргийн ажиллагааг түр зогсооход Байдены засаг захиргаа төвлөрч байна.
Беньямин Нетаньяху өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Блинкен энэ үеэр мөн хүмүүнлэгийн тусламжийн төлөө гал зогсоох санаачлага гаргасан ч Нетаньяху хүлээж аваагүй.
Тактикийн бус байдлаар гал зогсоох нь Хамаст ашигтай гэж үзэж буй тул АНУ дэмжихгүй байгаа аж. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ мэдэгдлийг мөн давтжээ. "Бид ерөнхий гал зогсоолтыг дэмжихгүй. Тусламж үзүүлэх, барьцааны хүмүүсийг суллах, энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх гэх мэт зорилгоор галыг түр хугацаанд хүмүүнлэгийн зорилгоор зогсоохыг дэмжинэ" гэж тэр хэлэв.
Мөргөлдөөн эхэлснээс хойш Хамасын 3000 орчим дайчин Израильд нэвтэрч, 1000 гаруй энгийн иргэн, хэдэн зуун цэргийн амь насанд хүрсэн гэж тооцоолж байна. Мөн дор хаяж 240 хүнийг барьцаалжээ.
Харин Израилийн хариу цохилт Газын зурвасыг дахин сүйрүүлсэн. Газын Эрүүл мэндийн яамнаас даваа гаригт мэдээлснээр нас барагсдын тоо 10 мянга даваад байна.
Эх сурвалж: THE HILL