Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, МУИС-ийн дэд профессор, доктор Б.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Төв банкнаас хэрэгжүүлэх ирэх оны мөнгөний бодлогын зорилтод ямар сорилтууд тулгарна гэж та үзэж байна вэ. Яагаад?
-Төсвийн зарлага 22.3 хувиар өсөхөөр төсөвлөгдсөн. Үүнийг санхүүжүүлэхийн тулд орлогоо өөдрөгөөр төсөөлөх ёстой болчихдог. Төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наядын алдагдалтай байхаар өргөн баригдсан. Ер нь төсвийн тэлэлтэд сонгуулийн болоод эдийн засгийн мөчлөг төсөвт нөлөөлсөөр олон жил болж байна, одоо ч үргэлжилж байна. Миний бодлоор 2024 он мөнгөний бодлогыг нэлээд сорино. Төсвийн зарлагын өсөлт нийт эрэлтийг дэмжиж буй учир эдийн засгийн өсөлт хангагдах талтай ч үнэ хөөргөднө. Монголбанк 2024 онд инфляцыг бууруулж 8 хувьд хүргэхээр зорьж байгаа ч төсвийн энэхүү тэлэлт Монголбанкийг мөнгөний бодлогоо улам хатууруулахыг шаардана гэсэн үг. Хатуу бодлого явагдах учраас хүү буурахгүй, харин ч өсөх талтай гэсэн үг. Энэ нь хөрөнгө оруулалтыг бууруулдаг учраас эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болохуйц байна. Үнэ хөөрөгдөхөөр валютын ханш дээр төгрөг улам сулрах дарамтад орно. 2024 онд гадаад валютын дотогшлох урсгал доголдвол валютын ханшинд зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй. Ийм бие биеэсээ нөхцөлдсөн асуудлууд үүсэх эрсдэл 2024 онд бий.
-Одоо хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого ирэх онд зөөлрөх орон зайг хэрхэн харж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн Засгийн газрын зарлага өсөлттэй бол инфляц улам өсөх эрсдэл байгаа. Иймд мөнгөний бодлогыг хатууруулж зорилтот хэмжээнд барина гэсэн дүр зураг харагдаж байна. Гэтэл үүн дээр нэмээд шинэ ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүл гэвэл энэ нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө гээн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөний хатуу бодлоготой нь зөрчилдөнө. Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогоо улам хатууруулах шаардлага гарна. Нэг талаараа эдийн засагт мөнгө нийлүүлж, нөгөө талаараа улам хүчтэй чангална гэсэн үг. Тийм учраас мөнгөний бодлогыг 2024 оны хувьд гол зорилт болох инфляц руу нь чиглүүлбэл илүү үр дүнтэй.
-Ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ гэдгийг та онцоллоо. Төв банкны зүгээс ипотекийг эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ гэдгийг та ямар агуулгаар хэлж байна вэ, тодруулж тайлбарлаж өгнө үү?
-Хэрэв зөвхөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх гэж байгаа бол мэдээж мөнгөний нийлүүлэлт өсөхгүй. Гэхдээ энэ тохиолдолд Монголбанк дээр тус хөтөлбөрийг авах, шинээр ипотекийн корпорац байгуулах шаардлага бас байхгүй мэт. Иймэрхүү хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж ирсэн учраас нийгэмд хүлээлт үүссэн байна. Үүнийг буруутгах аргагүй. Тийм учраас ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх үйл явцаа түргэтгэн иймэрхүү төөрөгдлийг нэг тийш болгох нь зүйтэй.
-Гадаад нөхцөл байдал талаас ирэх хүчин зүйлсийг төсөв, мөнгөний бодлого дээр хэрхэн авч үзсэн гэж та үзэж байна вэ?
-Гадаад гэхээсээ илүүтэйгээр дотоод хүчин зүйлүүд 2024 онд илүү нөлөөтэй байхаар харагдаж байгаа. Гэхдээ, нүүрс болоод зэсийн үнэ, Хятад улсын эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдах эсэх, гадаад орнууд дах инфляцын түвшин буурах эсэх гэх мэт гол хүчин зүйлс нөлөөтэй хэвээр байхаар харагдаж байгаа.