Украины эзлэгдсэн бүс нутгуудад оросуудад газар олгох хуулийн төслийг ОХУ-ын төрийн Дум боловсруулж байна. "Зүүн Украины га" нэртэй хуулийн төслийг санаачлагч, "Родина" (Эх орон) намын удирдагч Алексей Журавлёв "Коммерсант" сонинд энэ тухай ярьжээ. Энэ нь өмнө нь хэрэгжүүлсэн "Алс Дорнодын га", "Арктикийн га" гэх хөтөлбөрүүдтэй төстэй зарчмаар явагдах гэнэ.
Хуулийн дагуу оросууд Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье зэрэг мужийн эзлэгдсэн хэсгүүдэд газар авах боломжтой болох юм. Төслийг санаачлагчдын зүгээс Украины эзлэгдсэн газар нутгаас 100 сая га талбайг оросуудад эзэмшүүлэх боломжтой гэж тооцоолжээ.
Ингэхдээ эхний ээлжинд Украины эсрэг дайнд оролцсон хүмүүст газар олгохоор хуульд тусгасан байна. "Би газар нутгаа (Украины газар нутгийг) чөлөөлөхөд шууд оролцсон хүмүүсийн дунд хуваарилахыг санал болгож байна" гэж Алексей Журавлёв ярьжээ. Түүний саналыг хараахан эцэслэн шийдээгүй байна.
ОХУ-аас 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолж, газар нутгийг нь булаан эзэлж эхэлсэн. Үүний эсрэг Украин нь өнгөрсөн хавраас сөрөг довтолгооныг эхлүүлснээр оросуудад эзлэгдсэн газар нутгийнхаа 50 хувийг буцаан авчээ. АНУ-ын дэмжлэгтэйгээр Украины сөрөг довтолгоо дахин хэдэн сарын турш үргэлжлэх гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ