Жиндүүхэн бас жавартай өдрийг үл ажиран замын голд зогсох цагдаа шүгэлийн дуу хадааж, "Тэнгис" кино театраас дээш өгсөх чиглэлийг татав. “Бөмбөгөр чиглэлийн ачаалал их байгаа болохоор энэ чиглэлийг мөд татахгүй нь бололтой. Халтиргаа гулгаа их байхад хажуу хавиргаас дохиогоо ч өгөлгүй дайрдаг нөхдүүдийг яах вэ. Тормос гишгэж амжилгүй очоод шүргэчихвэл адгийн зарга арав хоног гэгч нь болно шүү дээ” хэмээн таксины жолооч бувтнана. Зам дээр таг болоод тэг зогсохоос наагуур Бөмбөгөр худалдааны төвийн эсрэг талын автобусны буудал дээр бууж гүүрэн шатаар өгсөв. Хүний хөлд хагас тагтаршиж амжаагүй цасан бүрхүүл бүхий шатны бариулаас сайтар барьж өгсөж, уруудахгүй л бол “мөсөн гулсуур”-аас хальтирч унах аюултай орчин нэгэнт бүрджээ. Гялгар, гөлтгөр, гөлчгөр замын халтиргаа гулгааг аав, ээжийнхээ гараас нь хөтөлж, хөлөөрөө гулсах аядан яваа бяцхан охин үл ажирна. “Аавын цалин буусан юм уу. Надад тэгээд гутал, куртик авах юм уу. Ягаан өнгөтэйг авна шүү” хэмээн худалдааны төвийн үүдээр орохыг тэсч ядсан охин ээжээсээ хариу нэхэн шавдуулна. “Ямартай ч ороод үзье. Сайн үзэж байж сонгоно шүү. Шууд авна гэж дайрахгүй шүү” гэх мэтчилэн харилцан ам мөчиг асуулцана. Тэдний ярианаас аавын цалин буусан учир охин шинэ куртик бас гуталтай болох нь нэгэнт тодорхой боллоо.
Ингээд "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн үүдээр оров.
ХҮҮХДИЙН МАЛГАЙ ОРООЛТ 20-45 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
-“Чихтэй малгай авна” наадах чинь таалагдахгүй байна хэмээн хошуу дэвсэх өсвөр насны охин.
-“Уг нь энэ л чих толгойг чинь бүрэн хаагаад зүгээр юм биш үү. Дулаахан байвал тэр загвар нь ямар ч байсан яадаг юм” хэмээн охиндоо хатуурхах аядсанаа
“За за. Сонирхоод байгааг нь сонгохоос. Ядахдаа наадах чинь ороолтгүй юм байна. Тэр ангоран загвартай малгай чинь ороолттойгоо хос юм байна. “Тэгээд ороолтгүй өвөлжих юм уу” хэмээн охиноосоо сонголтоо өөрчлөх болов уу гэсэн горьдлого тээсэн өнгөөр гэх үү эсвэл сонголтыг нь бататгах аятай лавлан асууна.
Өсвөр насны охин мууран чих бүхий саарал өнгийн малгайг сонгосон сонголтдоо үнэнч үлдэж, мөн ижил өнгийн бээлийтэй болж, ээжийнхээ биш өөрийнхөө хүссэн сонголтоо хийсэндээ сэтгэл хангалуун үлдэв. Харин ээжийн хувьд элдэв янзын загвар гэхээс илүүтэй охиноо ороолттой бас дулаан явуулах хүсэлдээ хүрээгүй ч охиныхоо сонголтыг хүндэтгээд худалдагчийн дансанд малгайны үнэ 25 мянга, бээлний үнэ 8000 төгрөг нийт 35 мянган төгрөг шилжүүлж дуусаад охинтойгоо хөтлөлцөн одов. Ажил тарах цаг учраас захын хөл хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн гэдгийг хүүхдийн ороолт малгайны худалдагч бүсгүй онцолж байна.
Сүүлийн хэд хоног цас орж, хүйтний эрч чангарсан нь тэдний орлогыг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлсөн аж. Гэхдээ цас орохтой зэрэгцээд сурагчдын амралт эхэлсэн учраас өмнөх жилтэй харьцуулахад худалдан авалт тийм ч их биш байгаа гэдгийг учирлав.
Энэ жил ес болон аравдугаар сард цаг агаар дулаахан байсан учраас өвлийн хувцасны худалдаа эрхлэгчдийн ашиг, орлого тун тааруу байсан гэв. Хүүхдийн малгай ороолт чанараасаа шалтгаалаад үнэ нь 20-45 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Өмнөх жилийг бодвол нэг ширхэг малгай ороолт дээр 500 төгрөг нэмэгдсэн байна. Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болох тусам борлуулалт буурч байгаа гэв. “Манайхан ямар ч юмны цагийг нь тулгах дуртай. Ирэх амралтын өдрүүдээр хүүхдийг ороолт, малгай болон өвлийн гутал хувцасны худалдаа сайн байна гэдгийг “Ванга” шиг л мэдэж байна хэмээн хөхрөнө. Харин том хүний малгай, ороолтны хувьд 35-55 мянган төгрөгийн хооронд үнэ болоод загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Харин ноолууран болон ноосон малгай ороолтны хувьд зузаан, нимгэн болоод утасны чанараасаа шалтгаалаад 65-160 мянган төгрөгөөр тус худалдааны төвд зарагдаж байна.
ХҮҮХДИЙН ГУТАЛ 60-95 МЯНГА, ТОМ ХҮНИЙ ГУТАЛ 150-280 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
Цаашлаад гутлын тасагт очлоо. Том хүний болоод хүүхдийн гутлын үнийн хувьд харилцан адилгүй байна. Арванхоёрдугаар ангийн охиндоо гутал сонгохоор яваа аавын хэлснээр охинд нь таарах болоод таалагдах гутлын үнэ 200 гаруй мянган төгрөгөөс эхэлж байгааг учирлалаа. Тэд ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхдийнх нь хоёр нь өсвөр насных бол хоёр нь бага насных аж. Өсвөр насны хүүхдүүдийнх нь хувьд гутал 200, куртик 300 мянгаар тооцвол тус бүр нь 500 мянган төгрөгөөр өвлийн хувцасны бэлтгэлээ базаах тооцоо гарчээ.Өрхийн гишүүдийн өвлийн хувцасны зарлагыг өрхийн орлоготойгоо харьцуулвал инфляци өндөр байгаа энэ үед хүнд тусч байгааг хэлж байна. “Ямар ч эцэг хүн өсвөр насны хүүхдүүдээ үеийнхнээс нь дутаачихгүй юм сан л гэж боддог байх. Тэдний нэгэн адил би ч бас дутаахгүй юмсан гэж хичээж л байна” хэмээн ярина.
Харин гутлын худалдаа эрхлэгч бүсгүй хэлэхдээ “Сүүлийн хоёр сар бид түрээсийн төлбөрөө арай хийж л хийсэн. Сүүлийн гурван өдөр л хүн, хөдөлгөөн нэмэгдэж байна. Иргэдийн амьжиргаа доогуур байна.
Цас орчихсон болохоор л аргагүй эрхэнд өвлийн бэлтгэлээ базааж эхэлж байна. Хоёр, гурван хүүхдээ дагуулаад явж байгаа хүмүүс ядаж нэгнийх нь гутлаас 5-10 мянган төгрөг татчихаач гээд л гуйж байна. Бид багахан ашиг хараад хамгийн доод үнэ ханшаа хэлж байна. Бусад дэлгүүрт яг ижил гутал 20-30 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Бөмбөгөрийн ханш ер нь л ижил. Хүүхдийн гутал 60-95 мянга, том хүний гутал 150-280 мянган төгрөгийн ханштай байна. Бараа, бүтээгдэхүүн элбэг болсон учраас чанар, загвараасаа л үнэ нь шууд хамаарч байна. Тэр ч бүү хэл 1-2 дугаар ангийнхан 3-4 настай хүүхдүүд ч өөрт таалагдсан өнгө, загвараа сонгож байна. Ээж, аав, эмээ өвөө нь дур мэдэн сонгодог үе ард хоцорч. Одооны хүүхдүүд зөвхөн өөрт таалагдсанаа л авдаг, өмсдөг, үгүй бол дургүйцлээ шууд илэрхийлдэг болсон. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ сонголтыг соргог мэдэрч хэн хэнийх нь хүссэн сонголтыг санал болгох нь бас нэг ур чадвар болсон гэв.
ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ИЖ БҮРЭН ХАНГАХАД ДУНДЖААР САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Гадуур хувцасны хувтд хүүхдийн куртик 65-195 мянган төгрөг бол том хүний куртик эрэгтэй нь 75-260, эмэгтэй нь 95-350 мянган төгрөгийн үнэтэй байна. “Охиндоо 200 гаруй мянган төгрөгөөр куртик авлаа. Гутлын хувьд мөн л өндөр үнэтэй байна. Одоогоор сонголтоо хийгээгүй сонирхоод л явж байна. Үнэ дагаж чанар гэдэг. Чанарын хувьд арай дөмөгхөн гэсэн нь үнэтэй байна. Нэг биш хоёр жил өмсүүлэхээ бодоод үнэтэй ч гэсэн чанартайг нь сонгохыг л хичээж байна. Хүүхэддээ дундаж үнэтэй иж бүрэн өвлийн хувцас авч өгөхөд нэг сая төгрөг давахаар байна. Дөрвөн ам бүлтэй өрхийн хувьд доод тал нь дөрвөн сая гаруй төгрөг болохоор байгаа нь авч байгаа цалинтайгаа харьцуулахад өндөр тусч байна хэмээн бас нэгэн ээж учирлав. Аав ээжтэйгээ хамт явах нэг нь байхад бие даан сонголт хийх залуус ч байна. Гутал болоод ороолт авах тооцоотой гарч ирсэн залуугийн халаасанд 200 гаруй мянган төгрөг байна. Тэрээр сонголтоо хийхийн тулд тус худалдааны төвийн В1 давхараас авахуулаад бүхий л лангуугаар явжээ. Түүнд таалагдах гутал 45-160 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч чанар, загвар нь харилцан адилгүй байгааг хэлж байна.
Б.ЦОГТБАЯР: ИРГЭД ӨӨРТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАРААГАА ХУДАЛДАН АВАХААС ИЛҮҮ ЗАРЛАГА ГАРГАХ ЧАДАМЖГҮЙ БАЙНА
Б.Цогтбаярын хувьд эрэгтэй өмд болон цамцны худалдаа эрхлээд арав гаруй жил болж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ өвлийн өмд зузаан нимгэнээсээ шалтгаалаад 30-65 мянган төгрөг, малгайтай болон бөөрөнхий захтай цамц 30-70 мянган төгрөг, подвалкны хувьд 20-45 мянган төгрөгний үнэтэй байгаа бол Туркаас оруулж ирсэн зузаан ноосон цамны хувьд 90 мянган төгрөгний үнэтэй худалдаалж байна. Ашиг орлогын хувьд өдөр бүр өөр өөр байдаг боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдагн авах чадвар муу байгааг тэрээр онцоллоо. Өвлийн улирал эхэлж байгаа учраас өөрт нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад түлхүү анхаарч байгаа нь анзаарагдаж байна. Түүнээс илүү хэмжээний зарлага гаргах санхүүгийн чадамжгүй байна гэв. Тиймээс өөрсдийн бололцоондоо тааруулж үнэ болоод чанарыг нь анхаарч сонголтоо хийж байгаа аж. Мөн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь иргэдийн бараа худалдан авалтад нөлөөлж байна хэмээн тэрбээр үзэж байна. Учир нь "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн нэг давхарт байрлах хүнсний бөөний худалдааны төв үйлчлүүлэгч олон байхад бэлэн хувцас худалдаалдаг хоёрдугаар давхар өдрийн цагаар хүн бага харин ажил тарах цагаар нэг хэсэгтээ үйлчлүүлэгчийн тоо нэмэгддэг гэв.
О.БАТДЭЛГЭР: АМЬДАРЛАА ЗАЛГУУЛАХЫН ТУЛД ХӨӨГДӨЖ, ТУУГДААД БОЛОВЧ ЗОГСОХООС ӨӨР АРГА АЛГА
Гадуурхагсад гэж нэрлэж болох хэсэг бүлэг хүмүүс "Бөмбөгөр" худалдааны төвийн гадна талбайд худалдаа эрхэлдэг. Тэдний хувьд дотор худалдаа эрхэлж байгаа иргэдийг бодвол ямар нэгэн түрээс төлдөггүй учраас бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хэд гурван төгрөгөөр датуу. Тийм учраас түрээсээ төлөөд дотор худалдаа эрхлэгчдийн хувьд болоод дүүргийн удирдлага, хэсгийн байцаагч гээд тэдэнд дургүй хүмүүс цөөнгүй. Тэд ихэвчлэн дотуур өмд, оймс, бандааш гэх мэт хүн бүрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн зардаг. Тэдний нэг болох О.Батдэлгэр хэлэхдээ, Иргэдийн худалдан авалт өдрөөс өдөрт муудаж байна. Гадаа хүйтэн учраас иргэд аль болох дулаахан, дотроос худалдан авалт хийхийг илүүд үздэг. Угтаа ямар нэгэн түрээс төлдөггүй учраас дотор худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнээс хэдэн төгрөгөөр хямд байдаг гэдгийг иргэд анддаггүй.
Гэсэн хэдий ч “Гудамжинд худалдаа хийсэн, зам хаасан” нэрээр хөөгдөж туугдаад зогсох амаргүй л дээ. Амьдарлаа залгуулахын тулд хөөгдөж, туугдаад боловч зогсохоос өөр арга алга.
Яг үнэндээ замын цаана хөл муутай, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэн буулаа гэхэд гүүрэн гарцны цахилгаан шат ажиллахгүй учраас зам хөндлөн гарч ирэх ямар ч боломжгүй байна шүү дээ. Иргэддээ зориулсан дэд бүтцээ сайжруулъя гэж бодохын оронд биднийг хөөж туухаа л урьтал болгох юм. Ажилд ороё гэвэл биднийг ажилд авах газар алга. Тиймээс өөрөө өөртөө ажлын байр бий болгохын тулд өвлийн хүйтэнд гадаа даарч бээрээд л зогсож байна. Иргэдийн амьдрал хүнд байна. Өдрөөс өдөрт худалдан авах чадвар нь муудаж байна. Тийм учраас таван цаас татуу үнээр оймс, өмд, бандааш дотуур хувцасыг нь худалдаад л зогсож байна. Хаанаас сонголт хийх нь хувь хүмүүсийн сонголт. Тухайлбал, өвлийн зузаан оймс 1500-2000 төгрөг, эрэгтэй, эмэгтэй зузаан дотуур өмд 15-20 мянган төгрөг, бээлий 3-8 мянган төгрөгөөр худалдаалж байна. Иргэдийн цалин буух цагаар худалдан авалт нэмэгддэг. Бусад үед тааруу л байна.
Өвлийн цагт 11-5 цагийн хооронд л зогсож байна. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас ялгаагүй л БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүнээ авч байна. Тиймээс иргэд үнэ нь татуу байгаа хувцас л авахыг бодож байгаа нь нууц биш байна. Албан ёсны зөвшөөрөл аваад худалдаа, үйлчилгээ явуулах талаар оролдлого хийж үзэхэд гудамж чөлөөл гэдэг байдлаар ханддаг. Дээдсүүдийн хэн нь ч биднийг хүлээж авдаггүй гэв.
Гулдачсан, чирсэн, гуйсан, гувшсан, үнэ хаясан, үнэлгээ бууруулсан, уйлсан бас инээсэн олон дүр зураг тус худалдааны төвд хөвөрнө. УИХ-ын гишүүдийн хэлсэнчилэн "Өвөл болохоор хүйтэн болдог". "Өвөл болно. Дараа нь хавар болно". Харин тэр хүртэл амьд байх, амьдрахын тулд дулаан хувцасаа зэхэхээс өөр сонголтгүй. Цастай бас хальтиргаа гулгаатай эдгээр өдрүүдэд явганаас болон өндрөөс унаж бэртэх эрсдэл их байна. Тиймээс ЭМЯ-наас хальтиргаа гулгаанаас хэрхэн сэргийлэх, яаж эрсдэл багатай унах талаар хүртэл заавар зөвлөгөө өгч нэгэнт бэртэж, гэмтсэн бол эмчилгээ хийх нь тодорхой байна. Харин ганц л зүйл өнөөдөр болоод ирээдүйд тодорхойгүй байна. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан дундаж орлоготой иргэд өдрөөс өдөрт үнийн хөөрөгдөл, өрийн дарамтад дарлуулсаар "ядуурал" хэмээх том ангал руу нэг нэгээрээ биш нэлээд олноороо гулсаж байна. Үүнээс сэргийлсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Нийтийн гудамж талбай гулгаатай, нийгмийн амьдрал хальтиргаатай байна.
Холбоотой мэдээ