Сийрэг толгойтой залуус амралтын өдрүүдээр гоо зүй мэдрэмжийг нь ашиглан бүсгүйчүүдийг хуйлруулангаа мөнгө олов. Булчинлаг, царайлаг гадаад залуусын үзүүлбэрийг сонирхож, нүдээ баясгах гэсэн бүсгүйчүүдийг өвлийн жавар гэрт нь хорьж дийлсэнгүй. Төлсөн мөнгөндөө бүсгүйчүүд харамссангүй… Ирсэн зочид буцав. Хот цас, мөсөнд дарагдав. Хүүхнүүд ярих юмтай. Хүүхдүүд гулгаж наадах цас, мөстэй. Харчууд халтиргаатай замд зуны дугуйтай машинтай биеэ чангалаад бензин хайгаад бухимдалтай. Хөгшид эмгүй, эмнэлэггүй эмгэнэлтэй, эмзэглэлтэй… Харин эрх баригчид мунаг төсвөө тулган муйхарлаастай. Хөмсгөө духандаа овоолох шахсан дарга нараа доодчууд нь худлаа инээмсэглэлээр тал засаастай.
Монгол өссөн долларын өмнө суларсан төгрөгтэй, үнийн өсөлтийн өмнө өвдөглөсөн цалинтай, өеөдсөн эдийн засаг, өөриймшдөггүй төртэй, өөдгүй ард түмэнтэй болов. Ер л тулгасан, дарамталсан хууль, журам үйлчилдэг болжээ. “Цалин хүрэлцэхгүй байна” гээд царайчлаад байхад л “Төсөв хүндрэх гээд байна” гээд татвараар дарамтлаастай. Цэцэрлэг бариачээ гэвэл соёлын ордон сүндэрлүүлэх жишээтэй. Хавдрын эмнэлэг төсөвт алга гэвэл спорт заалнууд зөндөө бий гэх нь мунхаг. Их зохиолч Д.Нацагдорж уг нь “Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс…” гэж энгийнээс энгийнээр бичсэнийг тэд цээжилсэн ч утгыг нь ухаарсангүй. Төрийн эрхэнд гарагсдыг харахад түрэмгий гэж жигтэйхэн. Тэдний амнаас гардаг нь “хураа, нураа”, "тараа", "тураа…” болчихсон. Арга ч үгүй. Аливаа хүчирхийлэгчийг хараад шууд л “ал, шул, цаазла, хөнөө…” гэж бархирдаг ард түмнээс өөр хэн сонгогдох вэ дээ. Яг энэ сэтгэл зүй дээр өнөөгийн эрх баригчдын дүр бүрдсэн бөгөөд түүнийг буй биеэрээ үлгэрлэгч нь Ерөнхийлөгч болой.
ХАРУУЛСАН ХАР ХҮН…
Улстөрчдийн хувьд бусдаас ялгарах давуу байдлаа ашиглан олонд хүрэхүйц стиль, имиж бүрдүүлнэ гэдэг тун чиг адармаатай асуудал. Үүнийг андуурсан нь алдах бөгөөд балмадаараа дуудуулаад “ад” үзэгдэх нь энүүхэнд. Олонд хүрэх гээд онигоонд орсон нөхөд ч бишгүй бий. У.Хүрэлсүхийн “пи-ар”-чид ч үүнийг чадварлаг ашигласан юм. Угаас цэргийнхэнд нийтлэг ажиглагдах шинж болох олон таван үггүй, товч тодорхой үг яриатай, шулуун, түрэмгий байдлыг нь дөвийлгөх байдлаар ухаалаг гэж эндүүрсэн зальхай, завхай улстөрчдөөс уйдсан монголчуудад У.Хүрэлсүхийг санал болгов. Түүний имиж хүчтэй, шулуун, шударга, зарим талаараа түрэмгий болов. Жолооч, анчин гөрөөчин, адуучин, тусгай салааны дайчин мэтээр зургийн цомогтой болов. Олон улсад ийм улстөрчдийг “masculine/macho/ politics”-д хамруулдаг бөгөөд эр хүний түрэмгий занд суурилсан популизмыг зэвсгээ болгодог "гарууд" байх аж. Молхи бичигчийн мугуйд ойлгосноор, монголоор бол түрэмгий, мунхаг, мунаг, мангар хар гэх үгстэй дуйх мэт. Үгүй ч байхыг үгүйсгэхгүй. Коммунист удирдагч нарын гол имиж нь энэ бөгөөд Фидель Кастро, Сталин, Мао, хожмын Ким Жон Уныг санавал түвэггүйхэн ойлгоно. Тиймээс цэргийн хүн гэдгээ тодотгосон ёслолын хувцаснаас эхлээд өдөр тутмын өнгөлөн далдлалтын хувцас өмсөн зураг, бичлэг хийлгэх агаад үйл хөдөлгөөндөө цэргийн ёсолгоо зэргийг ашигласан нь дайсагнасан сэтгэхүйтэй монголчуудад таалагдаад сүйд. Элдэв тусгай зөвшөөрөл, энэ тэрээр байнга дарамталдаг дарга нарыг дагуулж яваад далдиртал нь загнах ч юм уу эсвэл эцэг хүний ёсоор бяцхан хүүг барьж аваад үнсэхээс авхуулаад дунд сургуулийн багшийг барьж аван тэврэх зэрэг нь хүний халдашгүй байдлыг хараахан хүндэлдэггүй бидэнд “эр хүн” шиг харагдсан. Ингэж сэтгэлзүйг нь бэлдсэн хойно олон улсын худалдааны төвөөр явахдаа хамгаалагчдаа хөөх нь залуусын хэлдгээр “гал гал”. Хоржоонтой нь хойд хөршийн тэргүүний авхуулсан зургуудыг зогсолт бүрээр нь манай хүн дуурайн даруулсан. Тэр нь амжилт олов. Намаасаа татгалзав. Тийнхүү төрийн тэргүүнээр залрав. Түүнийг яаж бужигнуулж буйг харсан намынхан нь амбицлаж, ахын үйлдлийг амжилтад хүрэх гарын авлага болгон бяцхан тархиндаа бат хадгалав. Ингээд эр, эмгүй цэргийн дүрэмт хувцсаар имиж хийж, төрийн байгууллагууд ч татварласан мөнгөөр өчнөөн формтой болов. Аавдаа алхаж сурснаа харуулах гэсэн хүүхэд шиг хууль тогтоох дээд байгууллагын дарга хөл тавин хөөрцөглөхдөө хашир руу харж буйг зурагчид шороо шиг мөнхлөв.
МАНГАР мода…
Нуруу, туруу хамаагүй, дарга нарын гангараа нь тактикал хувцас болов. Тахлын үеэр дэлхийд ч ийм мангар мода дэлгэрсэн бөгөөд тэр нь манай дарга нарыг улам дөгөөв. Хүн төрөлхтнийг халдварт өвчнөөр айлгагсад эрх чөлөөний үзэл санаа рүү дайрч, чамгүй амжилт олжээ. Оросын байлдаантай кино үзэж өссөн дунд насныхнаар энэ дэмийрэл зогссон гэвэл худлаа. Цагаан нөмрөгтөн болоод удаагүй байж зарим залуус нөмөрч амжаагүй шахам цагаан нөмрөгөө тайлж орхиод цэрэг цамцтай амралтын газарт хөлчүүрэн эмчийн цалинг голон агсамнахыг анзаарсан л байлгүй. Ингээд мэдээлэл хийсэн ч, мод тарьсан ч, нутагтаа очсон, аялж зугаалсан ч, өмч хөрөнгө хураасан ч, архидсан ч, авгай хүүхэн эргүүлсэн ч эрээн хувцастай болов. Цэргийн бие бүрэлдэхүүн ч үүнд нь ундуйцаастай. Захын лангуун дээр хог нэгээрээ хөглөрч харагддаг хувцас байгаад өлгүүрт өлгөгдөж, үнэд оров. Хөдөө гарч халуун чулуу атгаад, хатуу юм хүртдэг залуус хүнд ноцтой гэмт хэрэгнүүдтэй байнга харилцдаг цагдаагаас ч илүүтэй галд, мэсэнд тэсвэртэй, тэнгэрт тулсан үнэтэй өмдөөр биедээ баярхах бол энүүхэнд. Бүр найзууд бие биендээ төрсөн өдрийн бэлэг болгон барьдаг болжээ.
ЦЭРЭГ, ЦАГДААГИЙНХАН ҮНЭД ОРОВ
Яван явсаар энэ балайрал цэрэг, цагдаагийнхан мэргэжлээсээ үл хамааран аль ч салбарт очих шаанс бүрдүүлэв. Энхийн манаанд зогсдог цэргийн бие бүрэлдэхүүн эрүүл мэндийн манаанд зогсох нь энгийн үзэгдэл болсон төдийгүй дутагдсан ажиллах хүчний том орон зайг нөхөх болжээ. Төмөр замаа тэднээр мануулж, төмс, ногоогоо тэднээр хураалгаж, барилгын ангийг хүртэл сэргээх тухай бархирч байна. Удахгүй цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллах эрхгүй хууль үйлчилнэ. Гээд залуус цэргийн алба руу хошуурсан юм алга. Төрийн аль ч албаны дээгүүр албан тушаалд цэрэг, цагдаагийнхан мэргэжлээсээ үл хамааран томилогдох нь үзэгдэл болов. Тэр ч бүү хэл эх нялхасын эсэн эндэгдлээрээ дээгүүр тооцогдогддог байхад удирдлагыг нь цагдаагаар сонгох болсон нь гайхмаар. Нөгөө талаас нь харвал цэрэгт дэглэлт оршсоор буй төдийгүй тулгамдсан өчнөөн асуудал шийдэл нэхэж буй бол цагдаа ард иргэдээ аюул, гэм хэргээс урьдчилан хамгаалахаа умартах нь холгүй айлгаж, ичээдэг болжээ. Монголын гудамжинд цагдаа том байна.
МАНГАР ХАРЫГ ДАГААД…
Монголчууд отгон охиныг нь өхөөрдөн “Эдний мангар том болжээ” гэдэг. Гэтэл мачо улс төрийг мөрдлөгөө болгосон эрчүүдийг дагаад эмэгтэйчүүд ч хүчтэй харагдах гэж элдвээр хичээдэг болов. Эмэгтэй улстөрчид орон нутагт ажиллахдаа цэрэг хувцастай гунхаж явах нь олонтаа үзэгдэв. Аргаа барсан ахимаг насны, махлагдуу эмэгтэй дарга нарыг дагаад эрээн хувцас өмсч, салхинд ёсолгоо хийж зогсоог шоолоод өнгөрсөн. Харин хаашаа чирээд байгаа тухай ярихын оронд эрчүүд гэр бүлээ хүчирхийлсэн статистик нэмэгдэж буйн эсрэг эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил болгох тухай дэмийрээд сууж байна. Утгагүй улс төр ингэж төрөлхийн оршихуйд хүртэл нөлөөллөө тогтоохоор заналхийлэх бол үүний эсрэг талд нь эрчүүдийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлэх үндэс суурийг тавиад байх шиг. “Хатагтай” гэх хачин сайхан нэршил байсаар байтал “Ноён эмэгтэй” гэх кино гарав. Агуулга нь дээрхтэй агаар нэг. Цэцэрлэг, сургуулийн орчинд охид хөвгүүдийг цохиж, зодох нь ёс болов. Цэцэг, Навчийг бэлгэдсэн атлаа хад чулуу аятай охид, Чулуу, Төмөртэй зүйрлүүлсэн атлаа нялцгай, асуудалтай нүүр тулахаас хулчийдаг болчихсон хөвгүүдтэй болох бэлтгэл бүрэн хангагджээ…
МУНАГ ТОЛГОЙЛОГЧ
Энэ суртлын хэлбэрт нь эхэлж автаад одоо агуулга руу нь өөрсдөө ч анзааралгүй гулсан орлоо. Ам нээвэл захиран тушаадаг, хууль, журмаар хааж, боодог, иргэд рүү зандарч эрх мэдэлтэнд тал засан зулгуйддаг тийм новшийн үзэгдэл Монголд ноёлоод уджээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Засгийн газар, ИТХ гээд хаанаас ч харж болно. Хотын дарга тахимаа өгөхөөс өмнө хуулиар өмчлөөд авчихсан байхад л дургүй нөхрийнхөө газраар зам тавих гээд барилгыг нь "нураа, нураа", "түр түр" гэж зандарч буй гээд олон жишээг харсан л байх. Улстөрчдийн ярианы өнгө аяст аргадах, аядуу шинж байдалд тун чиг ховор болсон. Зандарсан, занасан олшров. Асуудлыг ухаанаар бус мунагаар шийддэг улстөрчидтэй болжээ. "Төлгөн коммунист" нэр хоч хүртэл автлаа олонд зүхүүлсэн нөхөр хосгүй суутан аятай хотын дарга болов. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг сайтар ажвал "Өндөр Нямдорж" гэж өргөмжилсөн ч болохоор. Тэднийгээ “мундаг” гэж магтагсад үнэмлэхүй олонх. Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухай сэтгэж суудаг хүн эрүүл хүн мөн үү гэж эргэлзэх ёстой байтал энэ улсад засгийг толгойлж сууна. “Жендер жендер…” гэж цэцэрхдэг мөртлөө жендерийнхээ яг эсрэг хийдэг нь хэн сэн билээ дээ. Жендерчид ч ялгаагүй дээ, гэр бүлийнхнийг мууталцуулах даалгавартай аятай л байдаг улс. Мунаг толгой, мухар олгойноос айдаг л ард түмэн юмсан.
УЛИГЛАХ НЬ: УХААНААР НЬ ҮД
Хэлбэрт автснаар хичнээн хичээгээд ч агуулга нь буруу болох нь дамжиггүй. Хүчтэй удирдагчийн дүрд тоглох гээд хөгөө чирсэн улстөрчдийг ямар цэцэн ард түмэн сонгох билээ дээ. Ийм түрэмгий улс төрийг дэмжээд байвал эцэстээ эрх чөлөөгүй болж дарангуйлагчийг л бид төрүүлнэ. Хүчээр асуудлыг шийдэх гэж оролдвол хожим нь ямар их хохирол учруулдаг вэ гэдгийг бидний өнөөгийн байгаа царай, цараа бэлхнээ харуулж байна. Хүчээр үнэ тогтоовол салбар нь сүйрдэг гэдгийг эрчим хүчний салбар 30 жил хэлээд өглөө. Үүнийг ухаарахын оронд шоронд хатаа, шонд дүүжил гэж хэчнээн их хашгирах юм бэ? Сайхан халамж амлаж байгаад ангайж хэвтэж байхад чинь аманд чинь өөхтэй мах үмхүүлнэ гэсэн “Ам барих ач” чинь арай л эрт нүд аниулах гээд алхам алхмаар дөхөөд байна. Хэн нэгний хүчээр таны амьдрал сайжирна гэх мунхаглалаасаа салаагүй цагт мунаг харчуудаас дарангуйлагч төрөх нь цаг хугацааны асуудал. Тиймээс тэднийг ухаанаараа үд.