Сүүлийн 10 жилд байгаагүйгээр сэргэж буй ураны зах зээл

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Сүүлийн 10 жилд байгаагүйгээр сэргэж буй ураны зах зээл

Сүүлийн 10 жилд байгаагүйгээр сэргэж буй ураны зах зээл

Засгийн газрууд нүүрстөрөгчийг тэглэх зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон. Үүнээс гадна Орос, Украины дайнаас хойш дэлхий дахинд цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц өсчээ. Энэ нь Оросын эрчим хүчнээс хамааралтай байсан олон улс орон өөр хувилбар хайж эхэлсэнтэй холбоотой.

Тэгвэл цөмийн реакторуудын ураны эрэлт 2030 он гэхэд 28 хувиар, 2024 он гэхэд үүнээсээ хоёр дахин өсөх төлөвтэй байгааг Дэлхийн цөмийн холбоо есдүгээр сард мэдээлэв. Эрэлт хэрэгэцээгээ дагаад ирэх 10 жилийн эхэн үеэс төлөвлөгөөт болон хэтийн төлөвтэй уурхайнуудыг ашиглалтад оруулах шаардлагатай болно.

Дэлхийн ураны үйлдвэрлэл 2016-2020 оны хооронд 25 хувиар буурч, 47731 тонн болжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд үл ялиг сэргэж, 49355 тонн болсон байна.

Японы Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтийг Чернобилиэс хойш дэлхийн хэмжээнд тохиолдсон хамгийн аймшигтай цөмийн гамшиг гэж нэрлэдэг. Энэ гамшгийн дараа улс орнууд олон 10 цөмийн реактороо хаасан юм.

Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын мэдээллийг харахад ураны зах зээл сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээрээ сэргэх хандлагатай байна. Тодруулбал, ураны үнэ гуравдугаар улирлын сүүлээр нэг фунт нь 70 ам.долларт хүрчээ. 10 гаруй ам.доллароор огцом өссөн нь удаан хүлээсэн эргэн ирэлт гэдгийг шинжээчид зарлаж байна.

Гуравдугаар улиралд ураны үнийн үзүүлэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг нарийвчлан авч үзье.

Нэгдүгээрт, энэ нь цэвэр эрчим хүчинд чиглэсэн дэлхий нийтийн хүсэл эрмэлзэл болон эрчим хүчний аюулгүй байдлын огтлолцол юм. Дэлхийн улс орнууд эрчим хүчний аюулгүй байдалдаа санаа зовнихын хэрээр цөмийн эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулж эхэллээ. Дэлхийн цөмийн холбоо цөмийн эрчим хүчийг нүүрстөрөгчгүй найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр гэж зарласан.

Тиймээс Хятад улс л гэхэд 2030 он хүртэл 32 цөмийн реактор нэмэхээр төлөвлөж байна. Харин Европын холбооны орнууд, АНУ, Канад зэрэг бусад бүс нутгийн засгийн газрууд одоо байгаа 140 гаруй цөмийн станцынхаа ашиглалтын хугацааг уртасгахаар ажиллаж байна. Энэ мэт хүчин чармайлтуудаас хамаараад 2040 он гэхэд ураны жилийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэхээр байна.

Хоёрдугаарт, Украин дахь дайн, Нигерийн улс төрийн тогтворгүй байдал, “Cameco” үйлдвэрлэлээ танасан зэрэгтэй холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсчээ. Улс орнуудад байгаа стратегийн нөөц харьцангуй бага байгаа учир дунд хугацаанд нийлүүлэлтийн хар нүх үүснэ гэж мэргэжлийн шинжээчид үзэж байна.

Ойрын хоёр жилд нийлүүлэлтийн хомсдол улам ихэсч, ураны эрэлт нэмэгдэхийн хэрээр ураны үнэ илүү ихээр өснө. Бид өдгөө Хятадын хэрэглээ, бараа материалын хомсдол зэргийг дутуу үнэлж байна гэж шинжээчид үзэв.

Ажиллах хүч, материалын тээвэрлэлт, оюуны капиталын сорилт зэргээс шалтгаалаад өндөр үнэ нь шинэ нийлүүлэлтэд саад болох магадлалтай юм. Ураны үнэ 85-90 ам.долларт хүрч, тэндээ тогтвортой байх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл “Goehring & Rozencwajg”-ийн удирдах албан тушаалтан Адам Розенцвайг ураны үнэ 300 ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж таамаглажээ.

Дэлхийн цөмийн холбооноос гаргасан хамгийн гутранги таамаглалыг л аваад үзэхэд 2040 онд ураны хэрэгцээ 87 мянган тонн болж өсөх аж. Энэ нь түүхий эдийн эрэлт эрүүлээр өснө гэсэн үг юм.

УРАН ОЛБОРЛОЛТ БОЛОН НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧИД

Уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг таван орон нь Казахстан, Канад, Намиби, Австрали, Узбекистан юм. Харин ураны нөөцөөрөө тэргүүлдэг таван орон нь Австрали, Казахстан, Канад, ОХУ, Намиби юм.

1.Австрали. Ураны нөөц нь 1,684,100 тонн буюу дэлхийн ураны нөөцийн 28 хувь. Австрали улс ураны олборлолтоороо дэлхийд дөрөвт ордог ч нөөцөөрөө тэргүүлж байна. Олимпийн далан нэртэй орд нь Австралийн хамгийн том орд юм. Үүнээс гадна Рэйнжер, Беверли, Фоор Майл гэсэн ордууд байна. Австралийн Энержи ресурсийн эзэмшдэг Рэйнжерийн үйлдвэрлэлийг 2021 оны эхээр зогсоосон.

2.Казахстан. Ураны нөөц нь 815,200 тонн буюу дэлхийн ураны нөөцийн 13 хувь. Казахстан улс ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог ч ураны үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт ордог. Тус улсын уран олборлогч үндэсний компани Казатомпром нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч юм.

3.Канад. Ураны нөөц нь 588,500 тонн буюу дэлхийн ураны нөөцийн 10 хувь. Ураны хоёр дахь том үйлдвэрлэгч Канад нь ураны нөөцөөрөө гуравдугаарт ордог. Cameco’s Cigar Lake болон McArthur River нь дэлхийн хамгийн том ураны уурхайд тооцогддог. Эдгээр нь хамтдаа Саскачеван мужийг ураны хайгуулын голомт болгодог.

4.Орос. Ураны нөөц нь 480,900 тонн буюу дэлхийн ураны нөөцийн 8 хувь. ОХУ-ын дотоодын ураны үйлдвэрлэлийн дийлэнх хувийг Росатом хариуцдаг. Росатом нь Приаргунскийн далд уурхайг эзэмшдэг, Өмнөд Сибирийн Вершинное ордыг ашиглаж буй ARMZ Uranium Holding-ийн охин компани юм.

Тэгвэл Монгол Улсын хувьд Зөөвч овоо, Дулаан-Уул орчим нийт батлагдсан нөөц нь 100,345 тонн. Үүнээс ашиглаж болох нөөц нь 70 гаруй мянган тонн гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Зөөвч овоо төслийн хүрээнд жилд 2500 тонн уран олборлох боломжтой юм. Энэхүү нөөц нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийд бүртгэгдсэн хамгийн өндөр нөөц ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэрээ Францын "Орано майнинг" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн протоколд тусгаснаар хувь эзэмшлийг өөрчилж, Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, зөвхөн татварын орлогоо авахаар урьдчилан тохирчээ. Мөн энэ удаагийн хөрөнгө оруулалтын гэрээг өмнөх томоохон хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүйгээр, монголчуудад ашигтай байдлаар байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон байна.

Эх сурвалж: REUTERS, INVESTING NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж