МАН-ын сонгуулийн урхи ба 100 мянгын занга

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

МАН-ын сонгуулийн урхи ба 100 мянгын занга

МАН-ын сонгуулийн урхи ба 100 мянгын занга

МАН ирэх оны сонгуулиар  ахмадуудын саналыг татахын тулд  тэтгэврийг  100 мянган төгрөгөөр нэмж, аргалах нь ээ.  Энэ удаад тэтгэврийг их, багаас нь үл шалтгаалж, нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналд бүлгийн гишүүд нь нэгдсэн байна.

 “Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодож, арилгана” гэж амлаад ахмадуудаа хударсан МАН-ын гишүүдэд үүнээс өөр сонголт үлдээгүй бололтой.

Тойрогтоо ажиллах бүрийд толгойных нь үсийг босгодог сэдэв тэтгэврийн нэмэгдэл болж хувирсан нь нууц биш.  Учир нь, Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд ахмад настны тэтгэврийг итгэлцүүрээр бодон, мөн 10 хувиар нэмэгдүүлсэн ч дарга, даамал албан тушаал хашиж явсных нь тэтгэвэр 300.000-400.000 төгрөгөөр өсч, хар ажил хийж явсных нь 50.000-70.000 төгрөгөөр л өссөн. Түүнийгээ тэтгэврийн зөрүүг арилгасан гэж салбарын яам нь тайлбарласан. Хүлээлт өндөр байсан ахмадуудын хувьд 10000-50000 төгрөгөөр өссөн тэтгэврээ хараад итгэсэнгүй, харьяа дүүргийнхээ Нийгмийн халамжийн хэлтэст очиж, шалгуулаад ч тусыг эс олсон. “Таны хөдөлмөрлөлсөн жил 35 жил ч, бага цалинг төрөөс авч байсан тул итгэлцүүрээр 7100 төгрөгөөр нэмэгдсэн нь зөв. Дээр нь 10 хувийн нэмэгдэл орж ирээд 560 мянган төгрөг авах нь зөв байна. Бодолтод зөрүү алга” гэдэг тайлбар сонсон буцсан нь олонтаа.  Харамсалтай нь, тэтгэвэр нэмсэн дуулианаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, 2200 төгрөгөөр худалдан авдаг байсан талхыг 2400 төгрөгөөр авдаг болж, үнийн дарамттай тулснаас өөр өөрчлөлт амьдралд нь гараагүй.

УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд Сангийн сайдад хандан тавьсан, давхардсан асуулт тэтгэврийг хэдэн хувиар нэмэх тухай байв.  Сангийн сайд Б.Жавхлан “2024 оны төсөвт 885 тэрбум төгрөгийг тэтгэвэрт тусгасан. Тэтгэврийг хэдэн хувиар нэмэх вэ гэдэг асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж, тухайн үед нь шийднэ. Тэтгэврийг их багаас нь үл хамаарч 10 хувиар нэмэх нь шударга” гэсэн байр суурь илэрхийлсэн удаатай.

Харин Ерөнхий сайд “Тэтгэврийг 10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд 55 мянган төгрөгөөр нэмэгдэх нь  хангалтгүй. Энэ хэмжээг нэмэх шаардлагатай” гэж үзсэн нь эцэстээ их, бага гэж ялгахгүйгээр 100 мянган төгрөгөөр нэмэх нь эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх дундын хувилбар гэж үзсэнийх бололтой.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 400 гаруй мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас 70 гаруй хувь нь 550-600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн статистик бий. Нэг ёсны дийлэнх олонх нь бага тэтгэвэр авч буй юм. Хэрэв энэ массынхны тэтгэврийг дахин 50 мянган төгрөгөөр нэмбэл МАН сонгуулиар дээрх бүлгийнхнээс санал авах боломжоо алдаж байгаа гэж хэлж болно. Нэг ёсны 300 мянган ахмадын санал өөр намд очно гэсэн үг. Тиймээс тэтгэврийг их багаас үл хамаарч 100 мянгаар нэмэгдүүлэх нь ахмадуудын саналыг өөр улс төрийн хүчин рүү алдахгүй байх сонгуулийн урхи ч гэж тайлбарлаж болно. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч ахмадуудад тал засаад эхэлчихсэн, "Өнөөдрийн тэтгэвэр авагчид бол баялаг бүтээгчид. Баялаг бүтээсэн хүмүүсийн тэтгэвэр бага тогтоогдсоноос бага тэтгэвэр авч байна. Иргэдээсээ харамлаж болохгүй. Энэ оны төсвийн орлого төлөвлөснөөсөө 2 их наяд төгрөгөөр давж байна. Энэ орлогоор ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх ёстой" гэдэг байр суурийг илэрхийлж эхлэв.

Уг нь эрх баригч хүчин сонгуульд зориулж, малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр урагшлуулж, мөн НДШ-ийг нь төрөөс дааж, ажил хөдөлмөр эрхэлж, НДШ төлөөгүй иргэдийн толгойг илж, НДШ нөхөн төлөх эрх өгч, эрхлүүлээгүй бол тэтгэвэр авагчдын дунд үүсээд байгаа “ажил хөдөлмөр эрхэлж, НДШ төлсөн иргэнээ төр ялгаварлалаа” гэдэг гомдолтой ахмадуудын арми бий болгохгүй л байсан болов уу.

Учир нь, ажил хөдөлмөр эрхэлж, тасралтгүй НДШ төлсөн иргэн, НДШ нөхөн төлсөн иргэн хоёр өнөөдөр адил тэтгэвэр авч буй нь шударга бус юм. Тэтгэврийг ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тогтоодог гэж ярьж байгаа ч сонгуульд зориулсан амлалтуудаас болж, энэ дүрэм үйлчлэхээ болиод удаж буй. Иймээс ч тэтгэвэр авагчдын дунд УИХ-аас баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлээр иргэн сард 55 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлчихөөд,  тэтгэвэрт гарахдаа сард 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь ч олон бий. Энэ гажгийг засч, тэтгэврийг шударга тогтоох ёстой гэсэн шаардлагыг ахмадууд тавьж ирсэн ч харамсалтай нь, дарга хийж явсан бага албан тушаалтнуудын тэтгэврийг түлхүү нэмчихээд “Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгасан” гэж шоудсан. Эцэстээ энэ үнэнд гүйцэгдэн, сонгуультай залгахад 100 мянгын урхи тавьж байна.

Одоо энэ урхинд нь ахмадууд уярах л байхдаа…

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж