Амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын төвд бүртгэгдсэн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Өнгөрсөн Баасан гаригаас эхэлж ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсан. Улмаар аюулт үзэгдлээс шалтгаалсан дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болжээ.
Мөн Төв аймгийн Эрдэнэсант суманд зургаа, Лүн суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг нийт найман иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байж.
Төөрсөн дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдөр Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд, Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
АТҮТ: ҮЗЭГДЭХ ОРЧИН ХЯЗГААРЛАГДМАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭЭД БАЙНА
Төв аймгийн Эрдэнэсантаас Лүн сумын хооронд цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байгаа бөгөөд зорчих замаа зөв сонгохыг АТҮТ-өөс анхааруулж байна.
Өчигдрийн байдлаар 537 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.