Бээжин Европоос хамтын ажиллагааг шаардав

Бээжин Европоос хамтын ажиллагааг шаардав

Бээжин Европоос хамтын ажиллагааг шаардав

Хятадын дарга Ши Жиньпин Украин болон Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсооход хамтарч ажиллахыг Европоос шаарджээ.  Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт Германы канцлер Олаф Шольцод хандаж хэлсэн үгэндээ, "Нэг улсын аюулгүй байдлыг бусдын зардлаар хангах боломжгүй" гэж онцлон мэдэгдсэн байна.

"Палестин-Израилийн мөргөлдөөн болон Украины хямралыг шийдвэрлэхэд аюулгүй байдлын асуудлаар гүн гүнзгий эргэцүүлэн бодож, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход түлхэц шаардлагатай. Бусад орны аюулгүй байдлын орон зайг шахаж, нэг талыг дэмжиж, нөгөө талын хууль ёсны шаардлагыг үл тоомсорлох нь бүс нутгийн тэнцвэргүй байдал, мөргөлдөөнийг хурцатгахад л хүргэнэ. Хятад, Европ мөргөлдөөнийг зуучилж, хурцадмал байдлыг намжаахад [хүчээ] зориулах ёстой" гэж Ши Жиньпин хэлснийг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ сэргэсэн зэрэг олон улсын томоохон эрсдэлүүд Хятад Германыг дэлхийн дэг журам, олон талт үзлийг хамтран хамгаалах зайлшгүй шаардлагатай болсон гэж тэрбээр мөн тэмдэглэв.

Тэдний цахим уулзалт сүүлийн долоо хоногт Хятад, Европын өндөр албан тушаалтнуудын харилцан яриа хэлэлцээг сайжруулж, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хийсэн цуврал яриа хэлэлцээний үр дүнд болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах ээлж энэ сард Хятад улсад ирсэн бөгөөд Бээжингийн зүгээс "Палестины ард түмний хууль ёсны эрхийг хамгаалах" тогтоолуудыг аль болох хурдан батлахыг дэмжиж, хямралыг намжаахад анхаарна гэж мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Баасан гаригт Саудын Арабын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай утсаар ярихдаа дээрх амлалтыг өгсөн байна. Ван И хэлэхдээ, Бээжингийн зүгээс Эр-Рияд болон бусад оронтой санал солилцож, зохицуулалтаа нэмэгдүүлэхийн тулд "илүү эрх мэдэлтэй" олон улсын хурал зохион байгуулж, мөргөлдөөнийг зохицуулах хоёр улсын шийдэлд шинэ нийтлэг ойлголтод хүрэхэд бэлэн байна гэжээ.

Израиль-Газын дайнд палестинчуудын амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, 9,016 хүн амиа алдаж, 32,000 гаруй хүн шархадсан гэж Газын Эрүүл мэндийн яам мэдээлсэн.

ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШ, ОЛОН ТУЙЛТ ХҮЧНИЙ ЧУХАЛ ТОГЛОГЧ

Үүний зэрэгцээ хэлэлцээний үеэр Ши Жиньпин Хятад, Европын харилцааг эрүүл байлгахад Герман улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна. Бээжин Европын хооронд харилцаа сайжирч байгаа ч Брюссель Хятадын зах зээлээс хараат байдлаа багасгахын тулд эрсдэлээс ангижрах бодлогоо үргэлжлүүлсээр байна. Мөн Хятадын цахилгаан автомашины экспортод татаас олгох асуудалд мөрдөн байцаалт явуулж, тус улсын бараа бүтээгдэхүүний худалдааны талаар нэмэлт шалгалт явуулахаар хэлэлцэж байна.

Гэсэн ч Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Европын харилцаа нь дэлхийн тогтвортой байдал, Ази, Европ тивийн хөгжил цэцэглэлтэд чухал нөлөөтэй бөгөөд хоёр талын бүхий л хүчин чармайлтаар хамгаалж, хөгжүүлэх ёстой. Хятад улс Европыг иж бүрэн стратегийн түнш, олон туйлт хүчний чухал тоглогч гэж үздэг. ХБНГУ Европын холбооны зах зээл, шударга ёсны зарчмуудыг баримталж, Хятадтай хамтран зах зээлийн шударга өрсөлдөөн, чөлөөт худалдааг хамгаалж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулна гэж бид найдаж байна" гэж онцлон тэмдэглэжээ.

Мөн хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, ногоон өөрчлөлтийн асуудлаарх анхны яриа хэлэлцээг "аль болох хурдан" хийж, байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой гэсэн байна. Ши Жиньпин мөн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны зах зээлийн чадавхийг дээшлүүлж, энэ нь Германы компаниудад том боломж гэдгийг онцолж, хариуд нь Берлин Хятадын хөрөнгө оруулалтыг "өндөр түвшний" зах зээлд нэвтрэх боломжийг олгох ёстой гэж хэлэв.

Өнгөрсөн онд Хятад Германы худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсөж, 191 тэрбум евро буюу 214.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. ХБНГУ-ын Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар өссөн ч Хятад руу хийсэн экспортын үнэ ердөө 3.1 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж