Өнгөрөгч амралтын өдрүүдэд цаг агаар ширүүсч, цас их орсны улмаас зам, талбайд халтиргаа гулгаа үүссэн. Улмаар нийслэлийн асуудлууд буюу давс цацах, халтиргаа гулгааг цэвэрлэхээс эхлээд хамаг ажил Хотын дарга Х.Нямбаатарын нуруун дээр буув. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, цас орсон шөнө зам талбай, гэр хорооллын замуудын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж мэдээлэл өгч байлаа.
Тэрбээр “Шөнө 04.00 цагаас эхлээд халтиргаа гулгаа ихээр үүсдэг өгсүүр замууд болон гэр хорооллын замуудаар тойрч байна. Тохижилт нийтийн аж ахуйн компаниуд ажиллаж л байна. Гэхдээ цас нэмж орсоны улмаас хүндэрч байгаа газрууд их байна. Энэ ондоо багтаад зам талбай, цас цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдээ шинэчилж авна аа. Фэйсбүүк дээр нийслэлийн мэдээ хуудас дээр лайв явж байгаа шүү. Санал сэтгэгдлээ хэлээрэй” гэжээ.
Түүнчлэн, ирэх оны нэг дүгээр сарын 1-нээс эхлээд хот тохижилтын компанийг 6 дүүрэгт хуваахаар болжээ. Мөн УБЗЗА газрыг дүүргүүдэд хуваарилна. Хот нийтийн аж ахуйн гол бодлогыг тодорхойлдог Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг ч мөн дүүргүүдэд хуваарилна. Ирэх оноос эхлээд Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн салбарт зарчмын өөрчлөлт хийх талаар мэдээлэл өгсөн юм.
Холбоотой мэдээ