Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын "Орано майнинг" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Зөөвч овоо” ураны уурхайн төслийн бүтээн байгуулалт ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Монгол, Францын хамтарсан “Зөөвч овоо” ураны төслийг "Бадрах энержи" компани гүйцэтгэж буй. Одоогоор "Бадрах энержи" компанийн 34 хувийн “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Францын төрийн өмчит "Орано майнинг" компанин эзэмшдэг.
Ажлын хэсгийн протоколд тусгаснаар хувь эзэмшлийг өөрчилж, Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, зөвхөн татварын орлогоо авахаар урьдчилан тохироод буй.
Мөн энэ удаагийн хөрөнгө оруулалтын гэрээг өмнөх томоохон хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүйгээр, монголчуудад ашигтай байдлаар байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон.
Одоо хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгүүд байгуулагдаж, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас өргөн барихаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталдаг бөгөөд зүйл, заалт бүрийг нь нарийвчлан тусгах, мөн монголчууд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт гаргахгүй байх зохицуулалтууд хийж байгааг албаныхан хэлж буй.
ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОЛТ ТЕХНОЛОГИЙГ ДЭЛХИЙН 50 ГАРУЙ КОМПАНИ АШИГЛАДАГ
"Зөөвч овоо" ураны төсөл нь Монголд шинэ төсөл биш. 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлж, 2010 онд "Зөөвч овоо" ордыг албан ёсоор илрүүлж, 2021 оноос Газар доор усан олборлолт гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршигдаж буй үйлдвэрлэлийн технологийг туршжээ. Харин биднийг очиход Газар доор уусган олборлолтын технологийн туршилт дуусаад сар гаруй хугацаа өнгөрсөн байв.
Өөрөөр хэлбэл, газар доорх уусган олборлолтын технологийн туршилтын ажил дуусч, ураныг ил бус далд хэлбэрээр байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр 2 жилийн хугацаанд туршиж, 10 тонн уран амжилттай олборлосноо "Бадрах энержи" компанийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг тайлбарласан юм.
Газар доорх уусган олборлох /ГДУО/гэдэг нь газрын гүн дахь урантай, усархаг элсэнд цооног байгуулж, түүнээсээ ус соруулж, тусгай зориулалтын саванд шилжүүлж, боловсруулсны дараа тодорхой бодис нэмж хатуу хэлбэртэй ураныг шингэн төлөвт оруулснаар дахин соруулж, ураныг нь ялгаж авах технологийг хэлнэ.
“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр Газар дор уусган олборлох технологиор дэлхийн олон улс уран олборлодог бөгөөд Казакстан улс ч энэ технологиор уран олборлож, дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг хангадаг байна. “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын хувьд Казакстан улсад энэ аргаар олборлолт хийдэг компанид ажиллаж байгаад Монголд ирж, ажиллаж байна. Казакстан улсад ажиллах үед нь үйлдвэрлэлийн хугацаанд үйлдвэрийн орчинд амьдардаг хүний эрүүл мэнд, мал амьтанд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй байна. “Бадрах энержи” компанийн хувьд ч үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд тогтмол туршилт хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 оны хавар хийжээ. Тус компани газар доор уусган олборлох аргыг анх удаа ашиглаж байгаа боловч дэлхий дээр энэ аргыг 60 орчим жил ашиглаж байна. “Орано майнинг” компанийн хувьд нь энэ технологийг ашиглаж ирсэн, туршлагатай компани аж.
Дэлхийн ураны олборлолтоор тэргүүлж буй улс орнуудын дийлэнх нь энэ технологийг ашигладаг гэсэн үг. Бадрах энержи компанийн хувьд 2021 оноос хойш ГДУО технологиор туршилтын олборлолтоо эхлүүлж, сарын өмнө дуусгажээ. Туршилтын олборлолт хийх явцад байгаль орчны болон хүн, мал амьтанд нөлөөлж байгаа эсэхийг тогтмол шинжилж, мэргэжлийн лабораториудад шинжлүүлж, газар доорх уусган технологи нь ус бага ашигладаг, байгаль орчин, хүн малд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгээ баталгаажуулсан гэдгийг хэлж байв.
Бадрах энержи компанийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.ГАНХУЯГ:
-Бид газар доорх уусган олборлолтын технологийг туршилтын хугацаанд хэрэгжүүлсэн. Энэхүү технологи нь өөрөө ус бага ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Туршилтын хугацаанд бид газрын гүнээс уран олборлох технологиор дамжуулан зураан цооног байршуулж, 145-155 метрийн гүнд уусгалт явуулж, хатуу хэлбэрт ураныг шингэн хэлбэрт шижүүлж, тодорхой хугацааны дараа соруулж, үйлдвэр лүү соруулж, тусгай саванд хийж, ялгах зэргээр гурван технологи дамжин шар нунтгаа гаргаж авна. Шар нунтгаа дахин боловсруулж, дахин боловсруулж, хар ислийг дэлхийн зах зээлд гаргахад бэлэн болгож, боловсруулалт хийдэг. Газар доорх уасан олборлолтын технологи нь бусад байгалийн баялагийг ашигладаг шиг ил, задгай талбайд олборлох бус харин газрын гүнээс үйлдвэр лүү, үйлдвэрээс газрын гүн рүү зөвхөн хоолойгоор дамжуулах процессыг хэлж байгаа юм. Газрын гүнээс хатуу хэлбэрт ураныг шингэн хэлбэрт шилжүүлж, зөвхөн тусгай зориулалтын хоолойгоор дамжуулан үйлдвэр лүү шилжүүлэх буюу эргэлтийн горимоор олборлодог учраас хамгийн аюулгүй технологи юм.
Зөөвч овоо, Дулаан-Уул орчим нийт батлагдсан нөөц нь 100 345 тонн. Үүнээс ашиглаж болох нөөц нь 70 гаруй мянган тонн гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Зөөвч овоо төслийн хүрээнд жилд 2500 тонн уран олборлох боломжтой юм. Энэхүү нөөц нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн бүртгэгдсэн хамгийн өндөр нөөц юм.
"БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮН, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨ ИЛРЭЭГҮЙ НЬ УДАА ДАРАА НОТЛОГДСОН"
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн туршилтын үед ил уурхай, хаягдлын далан, шороон овоолго үүсэхгүй, тэсэлгээ хийгдэхгүй учраас хүдрийн нуранги үүсэхгүй, олборлоход ус шавхахгүй буюу нэг усаа дахин дахин ашиглах технологитой. Говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл явуулахад ус маш том асуудал байдаг. Тэгвэл туршилтын хугацаанд бусад уурхайгаас 2-5 дахин бага ус ашиглаж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэг ашигласан усаа дахин дахин ашигладаг бөгөөд малчдын ундны усыг огт ашиглахгүй, зөвхөн газрын гүн дэх урантай элсний усыг ашигладаг аж. Өнгөрсөн хугацаанд ашигласан туршилтын үйлдвэрийг дараагийн үйлдвэр ашиглалтад орох хүртэл туршилтын бааз хэлбэрээр ашиглаж байгаад нураахаар төлөвлөсөн байна.
Туршилтын хугацаанд ашигласан Газар доор уусган олборлох технологи нь усны зарцуулалт бага, байгалийн унаган төрх өөрчлөгдөхгүй, ус хөрс, агаар, хүнстэй холбоотой байгаль орчны хяналтыг олборлолтын өмнө, явцад, дараа тогтмол хийжээ.
Компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй Улаанбадрах, Дулаан-Уул, Хөвсгөл гэх мэт зэргэлдээ сумдад цацрагийн нэмэлт шарлагад өртөж байгаа эсэх туршилтыг үйлдвэрлэлийн явцад хийжээ. Энэ хүрээнд байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө илрээгүй байна. Олон нийтийн дунд уран нь малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, дөрвөн хөлтэй мал төрсөн зэрэг олон эргэлзээтэй асуудал гардаг.
“Бадрах энержи” компанийн Цацрагийн супервайзер Д.БАТМАНЛАЙ:
-Байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нөлөөтэй байгааг төрийн байгууллагууд судалгаа, хяналтыг тогтмол хийж байсан. Малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд олон улсын судалгааны байгууллагууд ч энэ төрлийн судалгааг хийж байна. Эцсийн дүгнэлтийг харахад “Бадрах энержи” компанийн Дорноговь аймагт явуулж буй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн мал, хүн амьтанд нөлөөлсөн зүйл байхгүй гэдэг нь нотлогдсон.
Тэгвэл "Бадрах энержи" компанийн талбайгаас ердөө 1,5 км зайд малчин өрхүүд олон бий. Тэр дунд мянган малчин, гавьяат тэмээчин зэрэг олон өрх маллаа маллаж амьдардаг. Эдгээр өрхүүдийн малд ч шинжилгээг жил бүр хийж, хамгийн сүүлд 2023 онд хийж гүйцэтгэжээ. Зөвхөн ойр орчмын биш зэргэлдээ орших бусад сумдын малд ч шинжилгээ хийхэд тусгайлсан асуудал үүсээгүй орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр гаргажээ.
3,5 ТЭРБУМЫН ТАТВАР, 7,8 ТЭРБУМЫГ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАРЦУУЛЖЭЭ
"Бадрах энержи" компани 2019-2021 онд Дорноговь аймагт 3,5 тэрбум, тусгай зөвшөөрлийн төлбөр жилд 1 тэрбум, төгрөгийн газар ашигласны төлбөр, 2006 оноос хойш орон нутгийн хөгжилд 7,8 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа 2025-2028 оны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 2500 тонн уран олборлох хүчин чадалтай гэж тооцсон байна.
Мөн "Орано майнинг" компанийн зүгээс 1,6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх бөгөөд Монгол Улсаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг урьдчилсан тохиролцоог хийгээд буй. Мөн үйлдвэрлэл ашиглалтад орсноор 800 шууд, 800 шууд бус ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал МАРК МЕЛЕАРД:
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдвал төслийн нийт хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар. Мөн уулрхайн олборлолт явах хугацаанд 2 тэрбум ам.долларын татвар, хураамж Монгол Улсад төвлөрүүлнэ гэсэн тооцоолол байгаа. Мөн жил орон нутгийн нийгэм, эдийн засгийн дэмжсэн хөгжлийн хөтөлбөрүүдэд 1 сая ам.доллар хөрөнгө оруулахаар ажиллахаар төлөвлөж байна. Францад байгуулсан протоколын дагуу Монгол Улсын Засгийн газар давуу эрхийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт хийхгүй, шууд олборлолт эхэлсэн цагаас эхлэн 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүртээд явах тохиролцоод талууд хүрсэн.
“Эрдэнэс Монгол” компанийн захирал НАРАНЦОГТ:
-Оюутолгой компанитай бид 34 хувийн энгийн хувьцаа эзэмшсэн. Энгийн хувьцаа эзэмшигч нь хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, төсөл ашигтай болж байж ногдол ашиг авдаг, мөн АМНАТ-аа 5 хувиар тогтоосон байсан учраас үр ашиг багатай байсан. Энэ мэт өмнөх том төслүүд дээр хийж байсан алдааг энэ удаад давтахгүй байх, АМНАТ-аас 10-19 хувь, төсөл ашигтай, ашиггүйгээс үл хамаарч бүтээгдэхүүн борлуулагдсан цагаас эхлэн ногдол ашгаа авах зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн хөгжлийн түвшинд эрчим хүчийг хамгийн байгальд ээлтэй, цэвэр аргаар үйлдвэрлэх арга нь уран гэдгийг дэлхийн томоохон улс орнууд хүлээн зөвшөөрч, нүүрс бус уранд хөрөнгө оруулалтаа чиглүүлж эхлээд байна. "Бадрах энержи" компанийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж, 20 гаруй жил бэлтгэлээ базааж, туршилтаа хоёр жил амжилттай хийж, үйлдвэрлэлээ эхлүүлэхэд туршлага, хүний нөөц, аюулгүй байдал зэргээ бүрэн хангасан гэдгээ бидэнд танилцуулав.
Хөрөнгө оруулалтын гэрээ төлөвлөсөн цагтаа хийгдэж, үйлдвэрлэл эхэлсэн цагаас бидний эрчим хүчний хараат бус байдал, эдийн засгийн өгөөж, ажлын байр гээд олон зүйлийн эхлэл болно. Хамгийн чухал нь том төслүүдээ хөдөлгөхийн тулд бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ Монголд ашигтай, монголчууд ашгийг нь хүртэх байдлаар хийх ёстой бөгөөд энэ эрх мэдэл нь УИХ-д, УИХ-ын эрхэм түшээдэд хадгалагдаж буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ