Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.
-УИХ нийгмийн бухимдал дээр үндэслэсэн гэж болох Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогын чангаруулах өөрчлөлт туссан байна. Өмлөөгчийн хувьд үүний нөлөөллийг хэрхэн харж байна даа?
-УИХ-аар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд томоохон бодлогын шинжтэй өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зайлшгүй хийх шаардлагатай байсан зөв зүйтэй өөрчлөлтүүд орохоор байна. Харин Эрүүгийн хуулийн хувьд судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулах шаардлагатай юм болов уу. Хэт яарч, нийгмийн сэтгэл зүйд таалагдах өөрчлөлт оруулах заалтууд харагдаж байна. Үндсэндээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд олон нийтийн сүлжээн дэх нийгмийн бухимдал дээр үндэслэн хэт яараад, хүндрүүлсэн заалтууд оруулчихав уу. Хоёр дахь нь согтуурсан үедээ автомашин жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэхээр төсөлд тусгасан байна. Зарчмын хувьд томоохон өөрчлөлтүүдийг дурдвал, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 20 жил байдаг. Үүнийг 25 жил болгож нэмэгдүүлэхээр байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүүхэд, жирэмсэн хүний эсрэг гэмт хэрэг дээр нэмэгдүүлсэн. Энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгоно өөрчлөхөөр оруулжээ.
Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгө хийх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа 12 жил байдаг бол 30 жил болгож өөрчлөхөөр байна. Хорих ялын хэмжээг 20 жил байсныг 25 жил, эсвэл бүх насаар нь гэж зүйлчилжээ. Дээр нь авлига, албан тушаалын хэрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй.
Бидний ярьдгаар магадланд орох буюу хугацаанаас өмнө суллах асуудал байхгүй, ялыг нь бүрэн эдлүүлэх зохицуулалтууд туссан байна. Ер нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг хэн нэгэн үзэмжээрээ тогтоочихдог зүйл биш. Олон зүйл шалтгаануудыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаснаар хавтаст хэргийн тоо олширч, нэг мөрдөгч, прокурор, шүүгчид ногдох хэргийн тоо асар их болно. Тэр олон хэргийг 30-40 жилээр цуглуулаад байвал, төрийн албан хаагчид ачааллаа дийлэхгүй. Хүний нөөцийн талаасаа шийдэх боломжгүй учраас тодорхой хугацаа өнгөрсний дараа тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог шалтгаантай. Мөн цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж ярьдагтай адил олон жил өнгөрсний дараа тухайн үед гэмт хэрэгтэнд ял оногдуулснаас үүсэх эерэг үр дагаврууд арилчихсан байдаг.
Ял оногдууллаа гээд асуудлыг шийдвэрлэх хугацаа өнгөрч, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь байхгүй болчихсон байдаг. Тиймээс заавал ял оноох шаардлага байхгүй гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог. Эдгээр шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг олон жилийн судалгаатай тогтоож өгсөн байхад, шууд 30 жил болгосон байна.
-Ер нь ялын бодлого чангаллаа гээд гэмт хэргийн гаралт буурдаг уу?
-УИХ-аас 2015 онд баталж, 2017 оноос хэрэгжүүлж буй Эрүүгийн хууль өөрөө ялын бодлогыг зөөлрүүлсэн. Дэлхийн эрүүгийн хууль буюу эрх зүйн хөгжил өндөр улсуудын хуулиас үндэслэсэн загвар эрүүгийн хууль байдаг. Тэр хуулийг заавал, хуулбарлаж дагах албагүй. Гэхдээ судалгаа, тооцоотой сонгож болох зөв хувилбар гэж санал болгосон хууль байгаа юм.
Үүнд үндэслэн эрүүгийн хуулийн ялын бодлогыг хөнгөрүүлэх нь зүйтэй. Ялын төрлийг нэмэгдүүлэхгүй бол хэт олон хоригдолтой болсон гэдэг тодорхой үндэслэлүүдээр ялын бодлогыг хөнгөрүүлсэн. Үүнийг буцаагаад хүндрүүлж байгаа юм байна.
XVII зуунд Чезаре Баккериагийн “Гэмт хэрэг ба ялын тухай” гэдэг алдарт бүтээлд өгүүлсэн зарчмууд улс орнуудын эрүүгийн хуульд суугаад явж байгаа. Тухайн хүн ялын бодлогыг нэмэгдүүлэхэд гэмт хэрэг буурдаггүй гэдгийг маш тодорхой хэлчихсэн. Энэ чиглэлд ялын бодлого явж байгаа. Ялыг хүндрүүллээ гээд тухайн гэмт хэрэг гарахаа болино гэсэн үг биш. Хүнд ял онооно гээд хуульд заачихаар хүмүүсийн ухамсарт энэ гэмт хэргийг үйлдэж болохгүй гэдэг ойлголт суудаггүйг судалгаагаар тогтоочихсон. Тэгэхээр тухайн ялын бодлогыг чангатгалаа гээд гэмт хэргийн гаралт буурна гэж бодохгүй байна.
"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НАСНЫ ХЯЗГААРЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ, СУДАЛГААТАЙ, ЦАГ ҮЕДЭЭ НИЙЦСЭН БАЙДЛААР ТОГТООХ ЁСТОЙ"
-Бага насны хүүхдийн насны хязгаарыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр 14 наснаас 16 болгон нэмэгдүүлэх гэж байна. Яг практик дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийн зүгээс энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Одоогийн хуульд 14 насанд хүрээгүй бол бага насны хүүхэд гэж тооцож байгаа. Гэтэл энэ насыг 16 болгож нэмэгдүүлж байна. Амьдрал дээр гарч байгаа энгийн жишээ хэлэхэд,
18 насанд хүрсэн хүүхдээрээ байгаа хүн 16 насанд хүрээгүй хүүхэд гэдгийг нь мэдээгүй найз охинтойгоо бэлгийн харилцаанд ороод 1 жил хүртэл хорих ял авч байгаа тохиолдлууд бий.
Нэгдүгээрт, тэр 18 насанд хүрсэн хүүхдээрээ хүн найз охиноо 16 нас хүрээгүйг нь шалгаагүй бэлгийн харилцаанд орвол ял авна гэдгээ ухамсарлах байдал бага. Хоёрдугаарт, орчин үед хүүхдүүдийн өсөлт бойжилт маш өндөр болсон. Дөнгөж 16 нас хүрсэн мөртлөө 18, 20 насанд хүрсэн хүн шиг харагдах тохиолдол байдаг. Энэ байдлаар найз залуудаа өөрийгөө 18 хүрсэн гэж хэлээд, бэлгийн харилцаанд орсны улмаас хорих ял шийтгүүлсэн хүмүүс байгаа.
Ийм гэмт хэрэг ихэнхдээ хүүхэд өөрийгөө хүчирхийлүүлсэн, бэлгийн харилцаанд орсон гэдэг гомдол гаргаснаас биш эцэг, эхийн гомдлоор шалгагддаг.
Эрүүгийн хуульд бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох юм бол мэдсэн, мэдээгүй, зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял өгнө гэсэн заалт байгаа. Тэгвэл бага насны хүүхдийн насны хязгаарыг 16 нас гэж нэмэгдүүлэн тогтоосноор 18 нас дөнгөж хүрсэн хүүхэд найз охиноо 16 нас хүрээгүй гэдгийг мэдэлгүй бэлгийн харилцаанд орвол шууд бүх насаараа хоригдох ял авах нөхцөл байдалд хүргэхээр байна. Тэгэхээр бага насны хүүхдийн насны хязгаарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай, цаг үедээ нийцсэн байдлаар тогтоох ёстой. Ингэж ул суурьтай хандахгүй бол хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш богино хугацаанд бүх насаараа хорих ял авсан 18 настнууд маш олон болох магадлал өндөр гэж харж байна. Тиймээс Эрүүгийн хуульд оруулж байгаа томоохон өөрчлөлтүүдийг маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй.
-Согтуугаар автомашин жолоодох асуудалд оногдуулах ялыг мөн хүндрүүлж байгаа. Автомашин жолоодох нь өөрөө хүний өдөр тутмын хэрэгцээ болсон учраас энэ өөрчлөлт олон нийтийн анхаарлыг их татаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын чуулган дээр согтуу жолоочидтой тэмцэх хуулийг чангатгана гэсэн чинь долоо хоногийн дотор энэ төрлийн хэрэг, зөрчил 50 хувиар буурлаа гэдэг мэдэгдэл хийсэн. Одоогийн хууль тийм сул байгаа юм уу?
-Мөн л тооцоо судалгаа хэрэгтэй. Ялыг чангаруулснаар согтуу жолооч нарын тоо буурах уу гэдэг дээр эргэлзэж байна. Сотуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрх хасах гэж нэмэлт ял оноодог. Үндсэн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялан дээр нэмж оногдуулдаг эрх хасах ял гэж бий. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бол заавал оногдуулах ёстой. Заагаагүй бол нэмж оногдуулах эсэхийг шүүх хэргийн нөхцөл байдлаас хамаараад шийддэг.
Яригдаж байгаа өөрчлөлтөөр согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн бол эрх хасах ялыг заавал нэмж оногдуулах зохицуулалт тусгасан байна. Ингэж оногдуулахдаа 1-8 жил, эсвэл бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах байдлаар тусгасан.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл цагдаагийн албан хаагчийн шалгалтыг эсэргүүцсэн бол зургаан сараас 1 жил хорих ял өгнө. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан бол 1-2 жилийн хорих ял онооно. Хүндэвтэр, хүнд гэмтэл учруусан, эсвэл бусдын амь насыг хохироосон бол бүр хүнд ял өгнө. Хорих ял нь 1-5 жил, дээр нь автомашин жолоодох эрхийг бүх насаар хасна гэдэг зохицуулалтууд тусгасан байна.
-Ялын бодлогыг чангатгах гол зорилго нь гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд байх ёстой шүү дээ. Гэтэл тэр олон хүнийг шоронд хорих нь нийгэмдээ бүр олон гэмт хэрэгтэн бэлтгэж өгөхгүй юу?
-Иргэдийн зүгээс Хууль зүйн сайдын өөрийнх нь хэлсэнтэй холбогдуулан тэр олон хүнийг шоронд хорих багтаамж байгаа юм уу. Тэр олон хүнийг улс яахаараа тэжээх ёстой юм. Хүүхдийн хоолны мөнгө хорих ял эдэлж байгаа ялтны хоолны мөнгөнөөс бага байна гэх мэт асуудлыг хөндөж байна. Ялтны тоо нэмэгдэх бол зайлшгүй яригдах ёстой асуудал.
Монгол Улс ялын бодлогодоо өөрчлөлт оруулахаас өмнө дунджаар найман мянган хоригдол ял эдэлдэг байсан. Эрүүгийн шинэ хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээр ялын төрөл нэмэгдэж, 5-6 мянган хоригдол ял эдэлж байгаа. Гав зүүлгэх буюу зорчих эрхийг хязгаарлах гэх мэт ял оноох болсноор хоригдлын тоо буурсан.
Гэтэл найман мянган хоригдол ял эдэлж байхад, тэдгээрийг багтааж шингээхээс эхлүүлээд олон асуудал тулгардаг байсан. Тэгвэл одоо ярьж байгаа тоогоор 26 мянган хүн хорих болон хорихоос бусад төрлөөс ял эдэлж байна. Энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж үзвэл, тэр олон мянган хүнийг багтаах байр сав хаана байгаа юм. Эргээд тэр олон мянган хүний хоол хүнсний төсөв мөнгө хаанаас гарах юм гэх мэт зүйлс зайлшгүй яригдана.
Монгол Улс 1990 оны дунд үед хоригдлуудаа тэжээж чадахгүй болж, ар гэрээсээ хоолоо ав гэдэг нөхцөл байдал руу орж байсан гашуун түүх бий. Тухайн үед хориход нас барсан хүний тоо ч хөндөгддөг.
Хорих лагер шиг бүгдийг нь нэг дор байлгахаар хоригдлууд дотроо илүү гэмт хэргийн зохион байгуулалтад орж, гэмт хэргийн тоо бүр ихсэх тохиолдлууд гардаг байсан. Тэндээ гэмт хэрэг нь нэмэгдээд, гарч ирээд үргэлжлүүдэг ч юм уу. Энэ бүхнийг тооцоо судалгаатай хийхгүй нийгмийн сэтгэл зүйд автсанаар дараа дараагийн үр дагаварууд яригдана.
-Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдээд хорих ялаар шийтгүүлсэн залуус хорих ангид ороод, гэмт хэргийн бүхэл бүтэн сургалтад суугаад гарч ирээд байна гэдэг шүүмжлэл байдаг. Өмгөөлөгчдөд ийм зүйл анзаарагддаг уу?
-Хуульд хүнд гэмт хэрэгтнүүдийг хөнгөнөөс нь ингэж, тэгж тусгаарлана шүү гэдэг зохицуулалт байхгүй. Гэхдээ прокурорын байгууллага энэ асуудлыг цэгцэнд оруулсан.
Ингэхдээ хүнд гэмт хэрэгтнүүдийг хүндтэй нь хамт, хөнгөнийг хөнгөнтэй нь хамт хорих бодлого баримталж ирсэн. Тэгснээр хөнгөн гэмт хэрэгтнүүд архаг ялтнуудаас гэмт хэргийн арга барил суралцах байдал багасах ач холбогдолтой. Гэтэл одоо ингээд ялын бодлого чангарснаар хорих ангиудын багтаамжаасаа хамаараад хүнд, хөнгөн хамаагүй холилдуулахаас өөр сонголтгүй.
Дээр нь Монголд шийдэж чадаагүй нэг асуудал бол тухайн хүнд ял өгөхөөс гадна нийгэмшүүлэх ажил орхигддог. Хорих ангиуд энэ ажлаа хийж байгаа гэхэд хэцүү. Хорих ял эдлээд гарч ирсэн хүнийг нийгэм хүлээж авах уу, үгүй юу. Наад зах нь нэг ажилд ороход саад болдог. Тэр олон хүнийг зөвхөн хориод өнгөрөх бус суллагдсаных нь дараа яаж нийгэмшүүлэх юм. Яаж ялгаварлан гадуурхалтаас хамгаалах вэ зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Тэгэхгүй бол суллагдаад нийгэм хүлээж авахгүй бол тэр хүн дахиад гэмт үйлдээд буцаад орно. Нийгэм хүлээж авахгүй бол гарснаас хорихдоо байж байх нь дээр юм байна гэдэг ойлголт авна шүү дээ.
"ШҮҮХ ЗӨВХӨН БАРИМТАД ҮНДЭСЛЭЖ ХОРИХ ЭСЭХЭЭ ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ"
-УИХ-аар Эрүүгийн хуулийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа. Уг өөрчлөлтөөр шүүхийн шийдвэргүй барьж хорьдог асуудлыг цэгцэлнэ гэж байна. Шалгагдах хугацаандаа хоригдсон тохиолдлуудын 99 хувь шүүхийн шийдвэргүй байдаг гэх мэт ноцтой асуудлууд яригдаж эхэлсэн. Таны өмгөөлж байгаа хэргүүд дээр тийм тохиолдол гарч байна уу?
-Шүүхийн шийдвэрийг хүлээх боломжгүй, хойшлуулашгүй тохиолдолд баривчлах тохиолдол бий. Тухайн мөрдөгч 24 цагийн дотор прокурорт хэргээ танилцуулдаг. Проркурор нь цаашаа шүүх рүү ханддаг практик байгаа.
Гэтэл шүүхийн практик дээр баривчлахаас түрүүлээд үргэлжлүүлэн цагдан хорих санал нь ороод ирдэг. Тэгэхээр шүүх баривчлах шүүхийн шийдвэр гарсан, гараагүйг үл хамааран шууд үргэлжлүүлэн цагдан хорих асуудал руугаа яваад орчихдог. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан асуудал үндсэндээ хаягддаг.
Ийм жишээнүүд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан гэдэг тоо руу ороод явж байгаа байх. Хоёрдугаарт, тав дахь өдрийн орой мөрдөн шалгах ажиллагааны тактик гэх мэт зүйлсээр халхавчлан баривчилдаг. Амралтын хоёр өдөр шүүх ажиллахгүй учраас нэг дэх өдөр тухайн хүний асуудлыг хэлэлцэх шаардлага гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөд энэ мэт асуудлыг шийдвэрлэх өмгөөлөгчдийн хүсч байсан заалтууд орсон байна. Хүнийг баривчилсан бол аль болох богино хугацаанд шүүхийн шийдвэр гаргуулах зохицуулалтууд туссан. Тухайлбал, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн гэдгээс үл хамааран, баривчилсан газартаа хамгийн ойр шүүхээр шийдвэрлэх зэрэг сайжирч байгаа зохицуулалтууд байна. Мөн амралтын өдөр баривчлагдсан байсан ч хамаагүй шүүх амрахгүй тухайн хүний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байгаа.
Шүүх аль шүүгч амралтын өдөр ажиллахыг дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэнэ. Ингэснээр хүний эрх хангагдана. Өөр бас нэг сайн зохицуулалт орж байгаа нь шүүгч, прокурорууд тухайн хүнийг үзэмжээрээ цагдан хорьдог байдлыг халж байгаа.
Цагдан хорих дээр мөрдөгч, прокурор, шүүх өөрийн харах өнцгөөр баримтгүйгээр шийдвэр гаргадаг хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа. Наймаас дээш жилийн хорих ялтай хэрэг дээр тухайн хүний хувийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шинжийг харгалзан үзээд, цагдан хорьж болно гэдэг. Эсвэл шүүх хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж цагдан хорих хугацааг сунгаж болно гэдэг заалт байгаа. Тэгэхээр ээдрээ төвөгтэй гэдэг нь юу гэсэн үг юм. Өмгөөлөгчид аргаа бараад Я.Цэвэлийн толиос хүртэл тайлбар хайж байгаа шүү дээ. Ээдрээ төвөгтэй гэдгийг тайлбарласан хуулийн заалт байхгүй. Том хэргийг ээдрээ төвөгтэй гэх юм уу, эсвэл олон оролцогчтой байх юм уу гэдэг ойлгомжгүй. Ерөнхийдөө ээдрээ төвөгтэй гэдгийг шүүгч, прокурор өөрсдийнхөө үзэмжээр тогтоож байгаа. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр эдгээрийг тодорхой болгож байгаа нь сайн хэрэг. Наймаас дээш жилийн хорих ялтай гэдэг тодорхойлолт бол тодорхой. Харин ээдрээ төвөгтэй гэх мэт тодорхойгүй заалт байж болохгүй. Шүүх зөвхөн баримтад үндэслэж хорих эсэхээ шийдвэрлэх ёстой.
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй мөртлөө олон сар, жил хоригдсон тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ байдал цэгцэрч байгаа юу?
-Одоогийн хуулиар нэг сар цагдан хорино гэж байгаа. Гэтэл тэр хүнийг цагдан хорьж байгаа шалтгаан нөхцөл нь арилсан тохиолдолд заавал хориод байх шаардлагагүй. Үүнийг нэг сар хүртэл цагдан хорьж болно гэж өөрчлөхөөр хүний эрхийг хангаж байгаа юм.
Бас нэг ололттой зүйл нь цагдан хорих хугацааг багасгаж өгч байгаа. Эрүүгийн хууль дээр ялын бодлогоо чангатгаж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагдан хорих хугацааг багасган оруулж ирсэн байна. Хамгийн хүнд гэмт хэрэг дээр 24 сар хүртэл цагдан хорьж байгааг 18 сар болгон бууруулж байгаа.
Бусад гэмт хэрэг дээр дээд тал нь 12 сар байсныг зургаан сар болгон цагдан хорих хугацааг багасгасан байна. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг түргэн хугацаанд шийд, шийдэж чадахгүй сулла гэж байгаа нь сайн талтай. Би асуудлаар судалгаа хийж үзэхэд, 1-2 жил цагдан хоригдсоны дараа хэрэг нь хэрэгсэхгүй тохиолдол олон байсан. Тэр хүн хохироод өнгөрдөг.
-Эдгээрийг УИХ-аар хэлэлцэх үеэр мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулдаг гэх хэрэгт оногдуулах ялыг чангатгах асуудалд олон талаас санал, шүүмж өгч байгаа. Тэртээ тэргүй одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахыг хориглодог. Гэтэл энэ хэрэгт оногдуулах ялыг чангаруулах ямар ач холбогдолтой вэ?
-Мөрдөн шалгах ажиллагааны нууц байх ёстой юу гэвэл, байх ёстой. Нууц алдагдаад байвал, хэргийг яаж илрүүлэх юм. Гэмт хэрэг хийсэн хүмүүс мэдээлэлтэй болж, үйлдлээ нуун далдлах, нотлох баримтаа баллах зэрэг эрсдэлтэй тал бий. Гэхдээ зөвхөн Эрүүгийн хууль гэлтгүй Монголд хуулийн зохицуулалт бага байна уу, эсвэл хэрэгжилт нь муу байна уу гэдэг асуудал тулгараад байгаа. Тухайн хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол мянган сайхан хууль үйлдвэрлээд ямар ч нэмэргүй. Тэгэхээр яг энэ асуудал дээр хуулийн хэрэгжилтдээ анхаарсан нь чухал юм болов уу.
Мөн яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ял авсан хүн хэд байгаа юм. Хуулийн зохицуулалт нь амьдрал дээр хэрэгжиж байгаа юм уу гэдэгт судалгаа шинжилгээ, дүгнэлт хийгээгүй байж ялын бодлогыг чангалах нэмэртэй юу. Одоогийн хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хүн, мөн тусгай субъектүүд буюу цагдаа, прокурор, шүүгчид харилцан адил ял оногдуулах заалт хэрэгжиж байгаа.
Тэгвэл шинэ төсөлд мөрдөгч, прокурор, шүүгчдийг тусад нь авч үзээд, өөр бусад субъектийг тусад нь авч үзсэн. Оногдуулах ялыг нь ялгамжтай байдлаар тусгасан байна. Мөн энэ асуудалд өмгөөлөгчийг оролцуулж байгаад шүүмжлэлтэй байгаа. Өмгөөлөгч хэргийн материалтай шүүхэд шилжиж байгаа үед танилцдаг. Тэрнээс өмнө хэргийн материалаас харсан үзсэн зүйл байдаггүй. Үүнээс үндэслээд өмгөөлөгчдийг хараат болгох нөхцөл байдал үүсэх магадлалтай. Мөн сэтгүүлчид нууц задрууллаа гэдэг. Тэгвэл нууц гэдэг нь зөвхөн тухайн нууцтай танилцах эрхтэй албан тушаалтнуудад хамааралтай асуудал.
Нэгэнт ил болсон мэдээллийг сэтгүүлч мэдээлсэн бол нууц задруулсан гэж үздэггүй үндсэн зарчимтай. Эсвэл нууцлах эрх үүрэгтэй этгээд нь нууцалж чадаагүй бол тэр этгээдэд хариуцлага оногдуулдаг. Жишээ нь, Америкт Пентагоны нууцыг задруулсан сэтгүүлчийг удаан хугацаанд шүүсний эцэст нууц хадгалах үүрэгтэй албан тушаалтнуудын буруу гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг.
Холбоотой мэдээ