Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Ирээдүйд дайны хэв маяг танк, их буу төдийхөнөөр тодорхойлогдохооргүй болжээ. Дэлхий даяарх армиуд Орос, Украины дайнаас сургамж авч, хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужин, нисгэгчгүй онгоц зэргийг ашиглах нь дамжиггүй. Тэр дундаа Хятадын Ардын чөлөөлөх армийн хувьд эдгээр нь нэн чухал санаа болно. Учир нь Хятад улс сүүлийн үед дайнд оролцсон удаа байхгүйгээс гадна цэрэг армийн шинэчлэлээ Оросын зэвсэг, технологид ихээхэн суурилуулсаар иржээ. Хятадын хэвлэл мэдээллээр Украин дахь дайны талаар өргөн цар хүрээнд мэдээлдэг. Ингэхдээ Оросын цэргийн үйл ажиллагааг шүүмжилдэггүй гэдгээрээ барууныхнаас ялгаатай. Гэсэн хэдий ч Хятадын цэргийн шинжээчид орчин үеийн дайны хэв маягийг ойлгохоор гүнзгий судалсаар байна.

Украин дахь дайнд камиказэ дрон онцлох үүрэг гүйцэтгэж буй. Энэ нь байг устгахаасаа өмнө байлдааны талбарт тодорхой хугацаанд эргүүл хийх хүчин чадалтай зэвсэг юм. Камиказэ дроны функц нь тагнуул, холбоо, өгөгдөл дамжуулах чадвар, цохилт өгөх зэрэг олон талын чадварыг нэгтгэсэн байдаг.

Энэ төрлийн зэвсгийн үүсэл хөгжил 1980-аад оноос эхлэн яригдана. Тодруулбал, тухайн үед Израиль улс дайсны агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарах зорилгоор тэнүүчлэгч зэвсэг Харпи гэгчийг бүтээж байв. Хятад улс хожим нь 1994 онд Израилиас Харпиг худалдаж авчээ. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш тэнүүчлэх зэвсгийн талаар судалж байна. 

Өдгөө Орос, Украин хэн хэн нь тэнүүчлэх зэвсэг буюу нисгэгчгүй нисэх онгоцыг амжилттай ашиглаж байна. Үүнийг Хятад улс анхааралтай ажиглаж байна.

Хятадын "Зэвсэг" сэтгүүлд саяхан "Тулааны хувь заяаг эргүүлж буй бяцхан хортон шавьж" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд Хятадын стратегичид энэ дайнаас, зэвсгийн хэрэглээнээс ямар дүгнэлт хийж буйгаа тоймложээ. "Тэнүүчлэгч зэвсэгүүд хэдий жижиг хэмжээтэй ч Украины дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэж тус нийтлэлд дурдсан байна. Харьцангуй хямд өртөгтэй эдгээр зэвсэг нь агаарын довтолгооноос хамгаалах радар, пуужин зэрэг үнэтэй, ач холбогдол өндөртэй байг устгаж буйг мөн онцлов. 

Энэ мэт давуу тал байгаа учир улс орнууд байлдааны шинэ зэвсгийг хөгжүүлэх, ашиглах, судлахад ихээхэн хөрөнгө хаясаар байна.

Тэнүүчлэгч зэвсэг Украины байлдааны талбарт дөрвөн төрлийн даалгавар гүйцэтгэсэн гэж Хятадын шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, дайсны агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарах үүрэгтэй. Энэ төрлийн зэвсгийг ихэвчлэн нийлмэл материал ашиглан бүтээдэг. Мөн жижиг хэмжээтэй, радарт өртөх нөлөөлөл сул. Радараар илрүүлсэн ч шувуу гэх мэт жижиг зүйлтэй андуурагдах нь бий. Эдгээр шинж чанараас хамаараад агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарахад хамгийн тохиромжтой зэвсэг болдог аж.

Хоёрдугаарт, артиллерийн эсрэг ажиллагааны үүрэг гүйцэтгэж байна. Дайсны талын их буугаа байрлуулж болзошгүй газруудад эргүүл, тагнуул хийх, илрүүлсний дараа тэднийг агнаж, устгахын тулд урьдчилан хөөргөх зэвсгийг илүү ихээр ашиглаж байна. 

Гуравдугаарт, хуягт машинуудыг онилох үүрэгтэй. Гэхдээ АНУ-аас нийлүүлсэн "Switchblade-300" зэвсэг нь хатуу, хуягт бай руу довтлоход хангалтгүй байгаа аж. Тиймээс хуягт машинуудыг онилох ажиллагаа Украины армийн хувьд дунд зэргийн үзүүлэлттэй байгааг Хятадын шинжээчид онцлов.  Эцсийн даалгавар бол фронтын шугам дээрх хөдөлгөөнт бай буюу явган цэргүүдэд цохилт өгөх явдал юм. Хятад шинжээчийн дүгнэснээр "Switchblade-300" зэвсэг энэ үүргийг гүйцэтгэхэд мөн л хангалтгүй байгаа аж. "Switchblade-300"-ийн галын хүчин чадал хязгаарлагдмал тул орос цэргүүд хоргодох байрандаа орсон үед зэвсгийн хэрэглээ үр дүн муутай болдог. 

"Зэвсэг" сэтгүүлд гарсан нийтлэлд цахим дайны талаар мөн өгүүлжээ. Нийтлэлд дурдсанаар навигацийн систем болон мэдээллийн холболтод саад учруулснаар тэнүүчлэх зэвсэг нь толгойгүй ялаа адил болдог аж. Мөн Беларусийн бүтээсэн "Т" төрлийн хөдөлгөөнт электрон интерференцийн станцыг жишээ болгон дурджээ. "Т" станц нь үе шаттай радар, фотоэлектрик илрүүлэгчийнхээ тусламжтайгаар тэнүүчлэгч зэвсгийг илрүүлдэг. Түүгээр ч зогсохгүй түүний удирдлагын станц хоорондын холбооны радио дохиог хянах боломжтой.  Эцэст нь Хятадын стратегичид Тайванийн хувилбартай холбоотойгоор Орос, Украины ашиглаж буй нисгэгчгүй онгоц, зэвсгийн хэрэглээг анхааралтай ажиглаж байгаа гэж "The Diplomat" хуудас тоймложээ. Тайвань нь Израилийн Харпигийн хуулбар болох Чиен Хсианг тэнүүчлэгч зэвсэгтэй. Тиймээс Тайванийн тэнүүчлэгч зэвсгээс Хятад улс онцгой болгоомжтой байх ёстой гэжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж