60 гаруй жилийн түүхт урт цагаан гэх ахуй үйлчилгээний зориулалттай обьектыг буулгаж тус газар иргэдийн саналаар бүтээн байгуулалт хийхийг өнгөрсөн Баасан гаригт хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тус 8000 гаруй метр квадрат бүхий барилгад 20 компанийн эзэмшлийн талбайг 300 гаруй хүн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл нийслэлээс гаргасан шийдвэрийг иргэд болон түрээслэгчид хэрхэн хүлээж авч байгаа талаар болон тус барилгын чанар, аюулгүй байдлын талаар сурвалжиллаа.
Хотын А бүсэд байрлах хуучны урт цагаан барилгууд мэргэжлийн бус хүний нүдээр харсан ч нурахад бэлэн харагдана. Харин түрээслэгчдийн зүгээс олон жилийн өмнөх чанар, стандартын дагуу баригдсан учир үзэмж муутай ч одоо үеийн олон давхар барилгаас ч аюулгүй гэдгийг онцлох аж.
Гэвч 1958 онд хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж, 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмч болгосон тус барилгын аюулгүйн нөхцөл хэдийнэ алдагдсан. Тодруулбал, иргэдийн аюулгүй ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох тухай 2020 онд Нийслэлийн засаг даргын А/216 дугаар захирамж гарсан байдаг. Захирамж гарахаас өмнө холбогдох байгууллагууд түрээслэгчдэд энэхүү мэдээллийг хүргүүлж, хүсэлт тавьж улмаар 2019 оны дөрөвдүгээр сараас үйлчилгээг нь өөр байр руу түр хугацаанд нүүлгэн шилжүүлжээ. Гэвч шилжүүлсэн барилгын зай талбайгаас хамаарч 300 гаруй түрээслэгчийн 50 орчим нь түр хугацаанд ажилласан байна. Эхлээд тогийг нь хязгаарласан бол захирамж гарсны дараагаар Урт цагааны барилгын ус, дулааныг зогсоосон аж.
Ийнхүү хоёр жилийн турш хоосон амлалт өгч, түрээслэгчдэд горьдлого түрүүлсэн ч барилгыг буулгаагүй, зураг төсөл ч гараагүй учир буцаад үйл ажиллааг нь эхлүүлсэн байдаг. Тиймээс түрээслэгчдийн зүгээс энэ удаагийн шийдвэр нь ч цаг үрсэн, хоосон мэдэгдэл болж магадгүйг хэлсэн юм.
Мөн 2020 онд Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. НИТХ-аас төсөл шалгаруулах ажлын хэсэг гарч, уралдааны саналыг нийтэд нээлттэйгээр явуулж, байв. Тэргүүн байрт шалгарсан бүтээл тус барилгыг буулгаж, анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, Урт цагаан нэрийг авч үлдэхээр тусгасан байдаг.
Улмаар барилгад өнгөрсөн, одоо үеийн Улаанбаатарын түүхийг шингээж, үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуучуудын төв болгох зорилготой байж. Зураг төсөлд тусгаснаар нийт долоон давхар бүхий оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, автомашины зогсоолтой, ногоон тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөсөн байдаг. Гэвч үүнийг түрээслэгчид дэмжээгүй.
"МЭДЭГДЭЛ Ч ХҮРГЭЭГҮЙ БАЙЖ 1000 ГАРУЙ ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ ЭРХ ХОТЫН ЗАХИРГААНД БАЙХГҮЙ"
Урт цагааны түрээслэгчид:
-Бид хотын даргын мэдэгдлийг хүлээж авахгүй. Түрээслэгчид бүгд нэгдэж, гарын үсэг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлнэ. Цаг агаар хүйтэрч байхад гэнэт гарч ирж мэдэгдэл хийж, иргэдээс санал авах нь утгагүй. Өнгөрсөн удаад ч энэ асуудал гарч байсан. Хотын захиргаа холбогдох нэгжүүдэд түрээслэгчид хандахаар зөвхөн албан бичгээр ханд гэдэг байж, өөрсдөө нэг ч албан хүсэлт тавиагүй байж хэвлэлийнхнийг цуглуулж байгаад л ярьчихдаг нь байж болохгүй зүйл. Энд байгаа түрээслэгчид дээд тал нь 20-30 гаруй жил ажиллаж байна. Барилгын чанар муу, нурах гэж байгаа гэж 2019 онд хэлж үйл ажиллагааг маань зогсоож байсан. Гэхдээ төсөв хөрөнгө гаргаж өгөөч, бид засвараа хийе зөвшөөрөл олгооч гэхээр хариу хэлдэг хүн байдаггүй.
Газарт нь шунаагүй юм бол түрээслэгчдийн тавьсан хүсэлтийг авах байсан. Бид барилгадаа засвар хийе гэж хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн. Энэ барилгад 300 гаруй хүн тэдний ард гэр бүлийнхнийг нь нэмбэл 1000 орчим хүн хоногийн хоолоо энэ барилгаас залгуулдаг.
2019 оны дөрөвдүгээр сард тог салгаж, бидний заримыг "Шилэн банк"-ны барилга руу нүүлгэсэн. Хоёр жил үйл болоод үйл ажиллагаа жигдэрч байхад дахин гаргасан. Гэтэл тэр хугацаанд Урт цагааны барилгад шинэ обьект, ногоон байгууламжийн аль нь ч хийгдээгүй. Бид одоо хотын захиргааны шийдвэрийн дагуу гарлаа гэхэд хаана очиж ажлаа хийх вэ? Тэр газарт орлоо гэхэд талбайн түрээс нь одоогийнхоос мэдээж өндөр үнэтэй байж таарна. Тэгэхээр бид одоо хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифаа нэмэхээс өөр аргагүй. Ингэхээр үйлчлэх хүн ч олдохгүй эрсдэл үүснэ. Тиймээс түрээслэгчдийн зүгээс ажлын байраа өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа.
НЭГ ХҮН ДУНДЖААР 200-250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭДЭГ
"Урт цагаан" ХХК-ийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн:
-Урт цагааны барилга жижигхэн харагддаг ч дотор нь олон хүн хоногийн хоолоо залгуулахаар ажилладаг. Хотын төвд ахуйн үйлчилгээний бүх шаардлагатай үйлчилгээгээ нэг дороос авна гэдэг боломжгүй. Харин тэр зүйлийг Урт цагааны барилга дотор хүмүүс авчдаг. Гутал засвар, оёдол, түлхүүр хувилахаас эхлээд алт мөнгөний дархан, зурагт, хөргөгч засвар гээд бүх үйлчилгээг авч байгаа. Үйлчилгээний үнэ нь ч хямд. Гэтэл энийг нь эрх бүхий хүмүүс тэр бүр анзаардаггүй.
Нэгдүгээрт, ногоон байгууламж болголоо гэхэд нийт том талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох нь утгагүй. Хоёрдугаарт, үйлчилгээний шинэ төв газар дээр нь барих талаар санал авч байгаа гэсэн. Тэгвэл Урт цагаанд одоо ажиллаж байгаа хүмүүст тэр төвд талбай олдох уу. Талбай байлаа гэхэд 3-5 метр квадрат талбайг хэдэн төгрөгөөр түрээслэх бол.
Энэ бүхнээс эхлээд тэргүүн эгнээнд түрээслэгчдийн эрх ашгийг харгалзах хэрэгтэй. Хотын төвийн гол бүсэд үйлчилгээний төв иргэдэд зайлшгүй хэрэгтэй. Одоо түрээслэгчдийн хувьд талбайгаас хамаарч өөр, өөр төлбөр төлдөг. Дунджаар нэг түрээслэгч 200-250 мянган төгрөг сард төлж, үүн дээр хэрэглээний зардлын төлбөрөө өгдөг. Харин шинэ барилга ашиглалтад орлоо гэхэд энэ үнээр талбай түрээслэх нь боломжгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн зүгээс түрээслэгчдийн эрх ашгийн төлөө тууштай явна.
АЛТ МӨНГӨНИЙ ДАРХАН ХИМИЙН ХОРТОЙ ЭЛЕМЕНТ АШИГЛАДАГ ГЭЖ ХУДАЛ
Бид Урт цагаанд ажилладаг оёдол болон зурагт засвар, алт мөнгөний дархан гэхчлэн олон түрээслэгчтэй ярилцлаа. Тэдний зүгээс бүгд л барилга буулгахыг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм. Тус төвд 20 жил ажиллаж байгаа алт, мөнгөний дархан хэлэхдээ, бид барилгын аюулгүй байдалд нөлөөлөх нэг ч химийн элемент ашигладаггүй.
Миний хувьд гурван метр квадрат талбайд дарханы үйл ажиллагаа явуулдаг. Сард 250 мянган түрээс өгдөг.
Ээмэг хайлуулах, гоёл чимэглэл засч янзлах гээд түрээсээ төлөөд үлдсэн орлогоороо болоод л байдаг. Харин үүнээс өндөр үнэтэй төлбөр түрээсэнд төлбөл үйлчилгээ маань дагаад өснө. Тэгэхээр надаар үйлчлүүлэх хүн олдохгүй биз гэв.
Энэ мэтчилэн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн бүр л хүндэтгэх шалтгаантайгаар үйлчилгээний төвийг буулгахгүй байгааг хүсч байгаагаа ярилаа. Харин иргэд ногоон байгууламжийн хэрэгцээ хотын төвд хэрэгтэй байгааг онцолсон юм.
УЛААНБААТАРТ БАРИЛГА БИШ НОГООН БАЙГУУЛАМЖ ДУТАГДАЖ БАЙНА
Иргэдийн хэлж байгаагаар хотод тэр дундаа А бүсэд ногоон байгууламж л хамгийн хэрэгтэйг хэлж байна. Ногоон байгууламжийн хэрэгцээ их байгааг зуны улиралд талбайн зүлэг хүртэл баталсан гэдгийг онцоллоо. Тиймээс ч нийслэлээс авч буй саналд дийлэнх хүн нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт тус бүсэд хийх нь зүйтэй гэж саналаа өгчээ. Тодруулбал, нийт санал өгсөн хүмүүсийн 96 хувь нь ногоон байгууламж гэдэгт саналаа өгч. Энэ асуулга 7 хоногийн хугацаанд энд байршина. Тиймээс хүн бүр саналаа идэвхтэй өгснөөр хотын барилга төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэж байгаа юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ