Балбын баруун хойд дүүргүүдэд Баасан гартгийн шөнө дундын үед хүчтэй газар хөдөлж, 128 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтэж бэртжээ. Гэмтсэн хүмүүст туслахаар нисдэг тэрэг болон хуурай замын цэргүүд яаравчлан ажиллаж байна.
Амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг эрх баригчид мэдэгдсэн бөгөөл олон газартай харилцаа холбоо тасарчээ.
Өнөө өглөө болмогц аврах нисдэг тэрэгнүүд тус бүс нутаг руу нисч, аюулгүй байдлын албаныхан нурангин доороос шархадсан болон нас барсан хүмүүсийг гаргаж байна гэж Балбын цагдаагийн төлөөлөгч Кубер Кадаят мэдэгдэв.
Мөн газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний гулгалтаас болж боогдсон зам, уулын жимийг цэргүүд цэвэрлэж байна. Нисдэг тэрэгнүүд эмнэлгийн ажилчид болон эм тариаг тэндхийн эмнэлгүүдэд хүргэв.
Ерөнхий сайд Пушпа Камал Дахал мөн нисдэг тэргээр эмч нарын багийн хамт иржээ. Дахал өмнө нь 1996-2006 онд газар хөдлөлтөд нэрвэгдсэн дүүргүүдээс эхэлсэн коммунист зэвсэгт бослогыг удирдаж байжээ.
Газар хөдлөлтийн голомт болсон Жажаркот дүүрэгт 92 хүн нас барж, 55 хүн шархадсан гэж Кадаят хэлэв.
Газар хөдлөлтийн улмаас хөрш зэргэлдээх Рукум дүүрэгт наад зах нь 36 хүн амиа алдаж, олон байшин нурсан бөгөөд гэмтсэн 85 хүн орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ.
Аюулгүй байдлын албаныхан амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийг нурсан байшингаас гаргахаар шөнөжин харанхуйд тосгоны иргэдтэй хамт ажилласан. Хүмүүс гэртээ унтаж байх үед газар хөдөлснөөс олон хүн дарагдаж нас баржээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл 800 гаруй километрийн зайд орших Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод мэдрэгдсэн байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт урьдчилсан байдлаар 5.6 магнитудын хүчтэй, 11 милийн гүнд болсон байна. Балбын газар хөдлөлтийн хяналт, судалгааны үндэсний төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Балбын нийслэл Катмандугаас зүүн хойд зүгт 250 милийн зайд орших Жажаркот хотод болжээ.
Балбын уулархаг нутагт газар хөдлөлт ихэвчлэн тохиолддог. 2015 онд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 9000 орчим хүн амь үрэгдэж, 1 сая орчим барилга эвдэрсэн.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ