Оросын төрийн мэдээллийн "Российская газета"-д ажилладаг иргэнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн үндэслэлээр Болгараас албадан гаргасан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын агентлаг мэдээлэв. Тус агентлагийн итгэмжлэгдсэн сурвалжлагч Александр Гацакийг өмнө нь Болгарын Дотоод хэргийн яам дуудсан ч ирэхээс татгалзаж, тус улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт нуугдаж байсан гэж мэдээлжээ.
Түүнийг арваннэгдүгээр сарын 1-нд албадан гаргаж, Европын холбооны аль ч оронд нэвтрэхийг нь хориглосон байна. Гацакийг хөөсөн шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах бус үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой" гэж мэдэгджээ.
"Российская газета" бол Оросын засгийн газрын албан ёсны мэдээллийн хэрэгсэл бөгөөд үндсэндээ засгийн газартай холбоотой мэдээллийг нийтэлдэг.
Украинд Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Болгар улсаас Киевт төрөл бүрийн тусламж үзүүлсэн ч Москваг дэмжсэн үзэл баримтлал тус улсад байсаар байна. Олон болгарчууд мөн дайнд төвийг сахих байр суурийг дэмжиж байна. 2022 оны аравдугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын 67.5 хувь нь засгийн газар нь дайнд аль ч талд орохгүй байхыг илүүд үзсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ