Ливаны "Хезболла" бүлэглэл өчигдөр Израилийн армийн байрлалд олон удаа цохилт өгчээ. Тодруулбал, тус блэглэл анх удаа тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоц хэрэглэн дайралт хийсэн гэж мэдэгдсэн бөгөөд Израиль Ливаны өмнөд хэсэгт агаараас цохилт өгч, хүчирхийлэл эрс нэмэгджээ. Хүнд зэвсэглэлтэй исламын шийт бүлэглэл мэдэгдэлдээ, алсын удирдлагатай пуужин, их буу болон бусад зэвсгийг ашиглан Израиль дахь армийн байрлалд нэгэн зэрэг 19 удаа цохилт өгсөн гэв .
“Хезболла” бүлэглэл анх удаа Израилийн нисгэгчгүй онгоцны эсрэг “газар-агаар” ангиллын пуужин ашигласан гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа тэсрэх бөмбөг бүхий нисгэгчгүй онгоц ашиглан халдлага үйлджээ. Үүний хариуд Израилийн арми Хезболла бүлэглэлийн объектуудад агаараас цохилт өгч, танк, их буугаар галласан гэж мэдэгдэв.
Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэл болон Израилийн хооронд өнгөрсөн аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээр 2006 оноос хойшхи хамгийн олон хүний аминд хүрсэн зөрчил болсон юм. Түүнчлэн Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Израиль-Ливаны хилд Израилийн зэвсэгт хүчинтэй гал солилцож эхлээд байна.
Ливаны Үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлснээр Израилийн буудлагын үеэр өмнөд хэсгийн Хула тосгоны ойролцоо дөрвөн хүн амиа алдсан гэв. Түүнчлэн Израилийн пуужингууд хилийн дагуух өмнөд хэсгийн янз бүрийн хэсэгт туссан байна.
Израиль 1967 оны Ойрхи Дорнодын дайнаас хойш 15 хавтгай дөрвөлжин миль талбай бүхий Шебаа фермүүдийг эзэмшиж байна. Сири, Ливан хоёулаа Шебаа фермүүдийг Ливаных гэж мэдэгддэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ