Сөүл хотын захиргаа хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх иж бүрэн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Улсын хэмжээнд бясаа үзэгдэх болсон тул "бясаагүй хот" болох зорилт дэвшүүлжээ.
Тус улс өмнө нь 1960, 1970-аад онд энэ төрлийн кампанит ажил явуулж, "DDT" гэгддэг хүчтэй пестицид дихлоро-дифенил-трихлорэтаныг хэрэглэсний дараа бясаа бараг л бүрэн устсан байна. Гэвч сүүлийн үед бясаа үзэгдэх болж, хүмүүс хазуулсан тухай мэдээлэл чих дэлсэх болжээ. Тэр дундаа зүүн өмнөд Дэгү хотын их сургуулийн дотуур байр, Сөүлээс баруун зүгт орших Инчон хотын саунд өнгөрсөн сард бясаа үзэгдсэн.
Кампанит ажлын хүрээнд "бясааны тухай мэдээлэх төв" ажиллуулж байна. Мөн хүмүүс харъяа эрүүл мэндийн төв, хотын нийтийн үйлчилгээний дугаарт бясааны халдварын талаар мэдээлэх боломжтой. Мэдээллийн дагуу тухайн газруудад хяналт шалгалт хийж, холбогдох дүрэм журмын дагуу шавьжнаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах аж. Шуурхай арга хэмжээ авсны дараа 20 хоног дотор дахин шалгалт хийнэ.
Одоогийн байдлаар Сөүл хотын зочид буудал, бусад төрлийн байр, нийтийн халуун усны газар зэрэг газарт эрүүл ахуйн эрчимтэй шалгалт хийж байна. Он дуустал 3175 объектод шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн метроны суудлын даавуун бүрээсийг солихоор төлөвлөж байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ