ХХ зууны төгсгөлд сая эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон монголчууд өөрсдийн анхны удирдагчаа сонгох сонгуульд 92.73 хувийн ирцтэй оролцсон нь хэрхэн ач холбогдол өгснийг бэлхнээ харуулна. Үүнээс хойш сонгуулийн ирц тогтмол буурсаар 2021 оны сонгууль түүхэндээ хамгийн бага ирцтэй сонгууль болов. Энэ нь монголчуудын сонгуульд өгөх ач холбогдол буурсан гэхээс илүүтэй хүлээн зөвшөөрөгдсөн лидер үгүйрсэнтэй судлаач нар холбон тайлбарлаж байна. Парламент, Ерөнхийлөгчийн сонгууль найм, найман удаа болов. Төлөөллийн ардчиллын төлөөлөгчид болсон түшээд хуулиар өөрсдийн тонуул дээрмийг хийж, өмч хөрөнгө шамшигдуулж, өөрсдийн хүрээллээ хөрөнгөжүүлж, нам дагасан, ашиг сонирхлын луйврын бүлэглэл бий болсноор төсвийн мөнгөний утгыг нь алдуулсан юм. Энэ хэрээр тэдэнд хандах хандлага, иргэдийн итгэл үнэмшил аажмаар өөрчлөгдсөөр ирэв. Парламентын засаглал мухардалд орохын хэрээр тийшээ ямар ч хамаагүй үнээр тэмүүлэгсэд олширч, үхэн хатан зүтгэх болжээ. Зүүний, барууны үзлээр ялгарч асан хувьсгалт, ардчилсан намууд халамжийн бодлогыг ам өрсөн амлаж эцэстээ хэн нь хэн бэ гэдгээ ч хэлж мэдэхээргүй болтлоо холилдон хутгалдаж эхэлсэн билээ. Иргэдийн сонголт оюун санаа, үзэл бодлын гэхээсээ илүүтэй мөнгө, халамж, тэтгэлэгт чиглэх болжээ. Дээр байгаа нь хэдэн сая, тэрбумаар нь идэж байхад бид боломж олдсон дээр нь саналаа худалдахад яадаг юм гэх гажуудал газар авснаар хэсэг будилж, эцэст нь үүний буруутан нь “оройлон чиглүүлэх шударга удирдагч үгүй”-гээс боллоо гэх үлгэр зохиож, түүндээ бат нот итгэсэн билээ. Итгэсэн болохоор хажуу хавирга, хавь ойроо харж, хайж эхэлжээ. Олдсонгүй. Тэрхүү удирдагчийг олж гэмээнэ төрд сандайлж, хойморт тухласан зальхай зантай, залжин нүдтэй, идэш ууш нь дийлдэхгүй тонуулчдыг зайлуулна гэж олонх нь итгэдэг.
Иргэдийн хүчтэй удирдагчийг хүсэмжилж буй сэтгэл зүй дээр хамгийн чадварлаж тоглолт хийсэн улстөрч бол У.Хүрэлсүх. 2020 оны сонгуулиар МАН-ыг гэхээсээ илүүтэй У.Хүрэлсүхийг багаар нь гаргах нь зүйтэй гэх итгэл төрүүлсэн юм. Улстөрчид өөрсдөдөө таацуулан сонгууль болгоноор хуулиа өөрчилдөг ч сонгогчийн эрхийг дээдэлсэн, сонгогчийг хамгаалсан эрх зүйн орчинтой улс төрийн өрсөлдөөн хийж байсан нь үгүй. Тиймээс нам бус хүнийг, хүнийг сонгохдоо багаар нь дэмжсэн хэрэг. Хоёр сонгууль дамнуулан зүүнтнүүдийг засгийн эрхэнд гаргаснаар ДНБ-тэй дүйцэхүйц хөрөнгөтэй төрийн өмчит компаниудтай болов. Ямар ч ашиггүй ажилладаг хэр нь хөрөнгөө зээл авч, мөнгө хэвлэх замаар зузаатгасан болохоор үүнийг дагаа инфляфи өсч, эдийн засаг уруудав.
У.Хүрэлсүх сонгуульд оролцсон сонгогчдоос авсан саналаараа урьд өмнө нь байгаагүй амжилт тогтоосон нь удирдагч хайгаад буйн илрэл гэлтэй. Гэхдээ тэр хэн бэ гэдгийг харуулах уртаас урт зургаан жил талдаа ороход ойрхон байна. Ганц тодорхой зүйл гэвэл бидний хайсан эрэл дэндүү их зардал, төлөөстэй. Тэр замын хугацаанд эндэж, осолдож, хүний эрхэнд ч орж мэдэх нь.
“Төрийн оролцоогүй чөлөөт зах зээл гэж байхгүй” гэж “агсамнаж” байсан ёсоороо өнөөдөр төрийн эрх мэдэл даагдахын аргагүй данхайчихлаа.
Эрх баригчид иргэдийн амыг дагуулж байгаад л эргэн сонгогдохыг хичээж байна. Түүнийг залгамжилсан Ерөнхий сайдын хамгийн их хэлдэг үг нь шударга бус байдал, худалдагдсан шүүх, авлига… гэх үгс боловч түүнийг өөрсдөө бодитоор бий болгоод байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Тэгш байдал гэх идеологи өнөөдөр хүчээ авлаа. Монголд чөлөөт зах зээл бус холимог тогтолцоо бий болов. Холимог эдийн засгийн тогтолцоо нь тэгшитгэх үзэл дээр тулгуурлаж байна. Хуучны нийгэмтэй яг л адилхан. Коммунизм, социал демократ гэх хоёр үзэл санааны ялгаатай шинж чанар нь зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь өөр боловч эцсийн зорилго нь ижилхэн аж. Эрх баригчид үүний төлөө л явна. Төртэй нийлсэн компаниуд л тэрбумаар тооцогдох ашиг хийж буй бол шударгаар хөдөлмөрлөсөн бизнесийнхэн бахь байдагтаа.
Нийгмийг төрийн оролцоотойгоор тэгшитгэхийн тулд хэсэг бүлэг хүмүүс илүү эрх мэдэл эдлэх шаардлагатай аж. Тэр нь МАН, МАН-ын удирдлагууд болов. Тэгш байдлыг байнга сурталчлах боловч бодит практик хэрэгжилт дээрээ хамгийн их баян ядуугийн ялгааг гааруулж буйг бидний амьдралд харуулаад байна. Дахин хуваарилалтын тухай тодорхой давтамжтайгаар сурталчилснаар энэ үзэл санаа Монголд маш хурдан нутагшиж байна. ЖДҮ, Ногоон автобус, нүүрсний, Хөгжлийн банкны хэрэг гэхчилэн улсын төсвөөс их дүнтэй хулгайн хэрэг шил шилээ даган гарч ирж байгаа ч шийдсэн, зогсоосон зүйл алга.
Өнөөдөр Монголд зах зээл хуваарилалт хийхээ больчихсон. Төр нийгмийн баялгийг төвлөрүүлж, эргээд хуваарилалт хийхдээ бас л алагчлах аж. Маш товчхондоо Ардын нам Монголд 100 жилийн турш баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлжээ. Гэтэл өнөөдөр хамгийн баян хүмүүс нь МАН-ынхан болов. Тэдний өмч хөрөнгө дотоодод байтугай дэлхийд дээгүүрт тооцогдож байна. Баялагт дайсагнасан энэ сэтгэлгээ хүмүүсийг улам л ядууралд хатаадаг аж. Монголын эдийн засагт төрийн оролцоо их байгаа нь шударгаар өрсөлдөж бизнес хийсэн нь биш эрх мэдэлтэй байгаа нь баялгийг хамаад тэрбумтан болчоод байгаа болохоор нөгөө хуучин цагаас улбаалсан коммунист сэтгэлгээтэй нь хоршоод баян хүн бол луйварчин гэсэн хүмүүсийн сэтгэлгээ нь улам бүр батжив. Урьд өмнө нь байгаагүй буюу 27 их наядын төсөв оруулж ирээд байна. Зарлага нь ч түүхэнд байгаагүйгээр нэмэгджээ.
Өнөөдөр Монголд хамгийн их орлого оруулж буй Өмнөговь аймагт тавьсан төсөв Хэнтийгээс хэд дахин доогуур байгааг бид бодох л хэрэгтэй. Тэгшитгэл гээд буйн цаана ийм л тэгш бус хуваарилалт бий болдог.
НӨАТ, Орлогын татвар дээр Нийгмийн даатгалын 26 хувийг нэмбэл бид олсныхоо талыг төрд эргүүлэн өгч боолын хөдөлмөр эрхлэх болов. Гэтэл нөгөө талд нь эрх мэдэлтнүүд, дарга нарын данс тэрбумаар тоологдох хэмжээний мөнгөтэй болтлоо баяжив. Тэгшитгэл ийм л байдал руу биднийг хөтлөв.
Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа Баянзүрх дүүрэгт ажилласан нэг сарын хугацаандаа 20-85 насны 512 иргэнээс зээлийн талаар асуухад,
512 иргэний:
- Төрийн албаны 63 хүн дотор зээлгүй 27, зээлтэй 36
- Хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 181 иргэний зээлгүй 56, зээлтэй 125
- Хувиараа бизнес эрхэлдэг 182 хүний зээлгүй 56, зээлтэй 126
- Ажилгүй хайж байгаа 27 иргэний зээлгүй 7, зээлтэй 20
- Тэтгэврийн насны 59 иргэний зээлгүй 17, зээлтэй 42 хүн байна.
Бухын доодхыг харж, үнэг турж үхэв гэгчээр эрлээс илүү хувь хүн, улстөрчдийг харахаа больж, төрд найдаж амьдрах бус өөрийн хүчинд итгэвэл бид илүү бага замыг туулна. Төрийн төвлөрлийг сааруулж, чөлөөт зах зээлийн зарчмаар явахгүй бол удахгүй бид урд эсвэл хойд хөршийнхнөө замналыг дагахад ойрхон байна. Өнөөдөр бид хийсэн сонголтынхоо балгаар хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зовж л байна. Тиймээс хүн, намаас илүүтэй зах зээлийн жам ёсыг хамгаалахын тулд сонголтоо хийхгүй бол дараагийн удаад бид өнгөрсөн хойно нь цув нөмрөв гэгч болох вий.
Холбоотой мэдээ