“Тавантолгой түлш” компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийг дотоодоосоо 100 хувь хангахаар өнөөдөр /2023.11.03/ үндэсний найман үйлдвэрийн төлөөлөлтэй уулзсан юм. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс нэр төдий уулзалт хийж, зөвхөн компанийн үйл ажиллагаагаа танилцуулахаар дуудсан байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Тус компани нэг жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Нийт үйлдвэрлэж байгаа шахмал түлшний 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 0.5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Жилдээ 25 мянга гаруй тонн барьцалдуулагч хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 60 хувийг БНХАУ-аас импортоор, 40 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг гэдгийг албаныхан хэлэв.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд доломитын орцтой барьцалдуулагчийг “Баргил тех” компани үйлдвэрлэн, нийлүүлж байгаа юм. Ирэх онд барьцалдуулагчийг 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэхийн тулд үйлдвэрлэгч компаниудад стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа аж.
Цаашдаа техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч үйлдвэрлэж чадвал “Тавантолгой түлш” компани худалдан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ өнөөдрийн уулзалтаар онцоллоо.
"ШАХМАЛ ТҮТҮЛШИНД ДОЛОМИТЫН ХОЛЬЦ НЬ ТАВАН ХУВИАС БАГАГҮЙ БАЙДАГ"
Ерөнхий технологич, технологийн зөвлөлийн дарга Х.Галымбек:
-Манай компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхдээ хоёр төрлийн барьцалдуулагч ашигладаг. БНХАУ-аас барьцалдуулагчийн 60 хувийг импортоор авдаг бол үлдсэн хувийг нь дотоодын үйлдвэрээс нийлүүлж байгаа. Хятадаас оруулж ирж байгаа барьцалдуулагч нь 50-иас дээш хувийн цардуулын агууламжтай, кальци болон магнийн агуулга өндөртэй доломитын хольц нь таван хувиас багагүй байдаг. Харин дотоодод үйлдвэрлэж байгаа барьцалдуулагчийн үндсэн цавуулаг чанарыг бий болгож байгаа бодис нь целлоз буюу модлог эдлэлээс гаргаж авдаг. Цардуултай яг адилхан үзүүлэлттэй. Үлдсэн 90 хувь нь доломитын шохой байдаг.
Манай үйлдвэрлэлийн технологи маш энгийн. Нүүрсийг нунтаглаж, барьцалдуулагчаа хольж, хэвлээд, хатаагаад гаргадаг технологитой. Барьцалдуулагчийн цавуулагч шинж чанарыг нүүрс ус өгдөг.
Целлоз, цардуул чинь өөрөө нүүрс ус. Усанд уусдаг байх ёстой. Тэр утгаараа усанд уусдаг. Харин доломит нь нэг төрлийн шохой. Магнийн исэлтэй. Яагаад доломит бодисыг түлш барьцалдуулахад ашиглаж байна вэ гэхээр манай компан анх ТЭЗҮ-гээ 2019 онд батлахдаа “Энержи ресурс” компаниас ирж байгаа эрчим хүчний баяжуулсан нүүрсний хүхрийн хэмжээ түүхий нүүрсний хэмжээнээс их байна. Тиймээс агаарт дэгдэх хүхэрлэг хийг бууруулах зорилгоор доломит бодисыг ашиглана гэж зааж өгсөн" гэв.
"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ ДОЛОМИТЫГ 2022 ОНООС ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧИД АШИГЛАЖ ЭХЭЛСЭН
Доломит бодисыг олон улсад ган хайлуулах үйлдвэрээс гарч байгаа хүхэрлэг хий, станцаас гарч байгаа хүхэрлэг хийг саармагжуулахад ашигладаг байна. "Тавантолгой" түлш" компанийн мэргэжилтнүүд "Үйлдвэрийн аргаар гаргаж авсан бодис ч юм уу эсвэл хор хөнөөлтэй химийн элемент биш. Доломит нь кальци болон магнийн агуулга өндөртэй эрдэс буюу тунамал чулуулаг" гэж тайлбарлалаа.
“Тавантолгой” түлш” компанийн ерөнхий инженер Ц.Алтансүх:
-Манай компани байгуулагдсан эхний гурван жилийн хугацаанд БНХАУ-аас 80-90 хувийн барьцалдуулагч бодисыг хэрэглэдэг байсан. Өнгөрсөн жилээс дотоодоос 40 орчим, үлдсэн 60 хувийг импортын барьцалдуулагч ашиглаж байна. Энэ жил импортын барьцалдуулагч 50, дотоодынх 50 хувь байхаар төлөвлөж байгаа бол ирэх жилээс дотоодоосоо 100 хувь барьцалдуулагчаа хангахаар ажиллаж байна гэсэн юм.
Харин үнийн хувьд дотоодын үйлдвэр “Баргил тех” компанийн барьцалдуулагч нэг тонн нь 2.5 сая төгрөг, Хятадаас импортолж буй барьцалдуулагч нь бага зэрэг илүү үнэтэй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. “Тавантолгой түлш” компани доломитыг 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн шахмал түлшний барьцалдуулагчид ашиглаж байгаа аж.
Энэ бодисыг хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, зам, гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт өргөн ашигладаг байна. Гэтэл албаныхан доломитыг шатааснаар ямар ч хорт бодис ялгарахгүй. Нүүрстэй хольж шатаасан ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар ч химийн элемент ялгарахгүй. Харин ч хүхрийн ислийг 70-80 хувиар багасгаж байгаа гэдэг тайлбарыг хэлж байгаа юм.
НЭГ ЁСОНДОО 1000 КГ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЯЖУУЛСАН НҮҮРСЭНД 50 КГ БАРЬЦАЛДУУЛАГЧ ОРДОГ
“Баргил тех” компанийн захирал Б.Очир:
-Манай компанийн хувьд “Тавантолгой түлш” компанид хоёр дахь жилдээ доломитын агууламжтай барьцалдуулагчийг нийлүүлж байна. Доломит нь кальци болон магнийн агуулга өндөртэй шохойн чулуу юм. Энэ бодисыг зөвхөн барилгын материал бус хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт олон салбарт өргөн хэрэглэдэг. Яагаад шахмал түлшинд доломитыг хэрэглэж байна вэ гэхээр кальци болон магнийн агууламж түлш шатах үед хүхлийн ислийг бууруулж, барилгын гипс үүсдэг. Тийм болохоор бүтээгдэхүүн дээрээ хөгжүүлэлт хийж, 2022 оноос барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэн, нийт хэрэгцээний 20 орчим хувийг хангаж байна.
Манай компанийн үйлдвэрлэсэн барьцалдуулагч шахмал түлшнээс ялгарч буй хүхэрлэг хийг бууруулж байгааг лабораторийн шинжилгээгээр баталсан.
Хоёрт, түлш үйлдвэрлэлд доломит бодис ашигласнаар түлш хурдан хатдаг болсон. Хятад барьцалдуулагчаар хийсэн түлшийг 200-250 градуст халааж, хатаадаг бол дотоодын барьцалдуулагчаар хийсэн түлшийг 100-110 градуст хатдаг. Түлш үйлдвэрлэлийн зардал буурна. Барьцалдуулагчаас болж агаарт саарал утаа үүсэх ямар ч боломж байхгүй. Барьцалдуулагч эд шахмал түлшний тавхан хувийг эзэлж байгаа. Нэг ёсондоо 1000 кг эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд 50 кг барьцалдуулагч ордог гэсэн үг. Хятад барьцалдуулагчийн 60 орчим хувь нь керамикан шавар, үлдсэн нь эрдэнэшишийн цардуул байдаг гэж сонссон. Гэхдээ шинжилгээгээр хар тугалга их хэмжээгээр илэрдэг. Дотооддоо үйлдвэрлэж буй барьцалдуулагчийн 90 хувь нь доломит буюу шохойн чулуу. Үлдсэн 10 хувьд хөвөнгийн цардуул ашигладаг" гэлээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ