Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өнөөдөр/2023.11.03/ албан ёсоор эхэлнэ. Нээлтийн өдөр хоёр тоглолт болно. Эхний тоглолт өнгөрсөн улирлын эмэгтэйчүүдийн лигийн аварга Улаанбаатар Амазонс болон Хасын Хүлэгүүдийн эмэгтэй багийн хооронд өрнөх учиртай.
Өнгөрсөн жил финалд шалгарсан Гарьдын эмэгтэй баг энэ жилээс Хүлэгүүд болсон билээ.
Багийнхаа гол тоглогч болох Н.Нандинхүсэлийг Америк руу үдсэн аваргууд энэ улирал хэрхэн тоглох вэ гэдэг фэнүүдийнх нь анхаарлыг татаж байна.
Нээлтийн өдрийн сүүлийн тоглолтод Хасын Хүлэгүүд болон Налайх Бизон багууд оролцоно. Хүлэгүүдийн удирдлагууд энэ зун өнгөрсөн улирлын алдаагаа эргэцүүлж, зүгээр суусангүй. Баг дотроо их цэвэрлэгээ хийн цус сэлбэв. Ингэхдээ туршлагатай Д.Мөнхтүвшин, хамгаалалтаараа гайхагддаг Г.Билгүүн, амжилт нь ахисан шагналын эзэн Ч.Ихбаяр нарыг нэгтгэж, ирээдүйтэй залуустай олон жилийн гэрээ хийсэн. Тухайлбал, 18 насандаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Азийн наадмыг зорьсон 204 см өндөртэй А.Азбаяртай зургаан жилийн гэрээг байгуулжээ. Сурагчийн ширээнээс шууд л оюутны лигийг алгасан дээд лигт тоглох түүнээс их зүйл хүлээж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна оюутны лигийн шилдгүүд болох Э.Түшиг, Б.Барсболд, Ч.Тэмүүлэн, М.Цэнгүүн, Э.Эрмүүнзаяа, С.Биндэрьяа нартай гурван жилийн гэрээ байгуулсан аж.
Ерөнхийдөө Хүлэгүүдийн бүрэлдэхүүн өнгөрсөн улиралтай харьцуулахад хамаагүй тэнцвэртэй буюу туршлага, залуу насыг хослуулж байгаа харагдана.
Дасгалжуулагч ч өөрчлөгдсөн. Хүлэгүүдийг олон жил сойсон Д.Пүрэвдорж сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож, түүний орыг Желько Васильевич гэх серби эрхэм авчээ.
Хүлэгүүдтэй холбоотой тун сонирхолтой нэг мэдээлэл байгаа нь Б.Билгүүний гэрээ. Өдгөө 34 настай түүний хувьд энэ жил багтайгаа гэрээгээ сунгахдаа ердөө нэг жилээр сунгажээ. Мөн ахлагчийн үүргээ А.Анандад шилжүүлэв. Иймийн учир ирэх улирал Б.Билгүүнийг буурь сэлгэх эсвэл бүр их спортоосоо зодог тайлах талаарх яриа сагсан бөмбөг сонирхогчдын дунд гарлаа.
Б.Билгүүний хувьд хэдийнэ тамирчны дараах амьдралдаа бэлдээд эхэлсэн бөгөөд СЭЗИС-ийн "Энтрепренершип ба инноваци" магистрын хөтөлбөрт суралцаж байгаа гэнэ.
Нөгөө талд Налайх Бизон баг солонгос дасгалжуулагчийн гарт орсон. И Хюсан гэх эрхэм багтайгаа ажлаад багагүй хугацааг үлдлээ. Эхний шалгалт нь Хүлэгүүд байх болно. Бизончууд энэ улирал лигийн шилдэг оноо авагчдын нэг Ж.Жамсрандорж, будагтай талбайн туршлагатай тамирчин А.Сүхбат нарыг Монголоосоо, Энтонио Хестер болон Браун гэх америк залуусыг Америкаас элсүүлжээ. Бизоны өнгөрсөн улирлын тоглолтууд ямар гайхалтай байсныг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз. Зөөлөн боорцог биш гэдгээ харуулж, хэдэн ч онооны зөрүүнээс эргэн ирж чаддаг, ямар ч багийн эсрэг хожлын шидэлт хийдэг гэдгээ хангалттай харуулсан. Энэ ч утгаараа өнөөдөр Хүлэгүүдийг дахин хожиход гайхах зүйлгүй.
Холбоотой мэдээ