Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Лхагва гаригт Сонгеа хотын музейд үг хэлэх үеэрээ Танзанид үйлдсэн Германы харгислалын өмнөөс ичиж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, 1900-аад оны эхэн үеийн колоничлолын эсрэг бослогын нэг болох Мажи Мажи бослогын үеэр Германы хүчин бараг 300 мянган хүний аминд хүрч байв. Мажи Мажи бослого нь уугуул иргэдийг экспортын зориулалттай хөвөн тариалахыг албадсан Германы бодлогоос үүдэлтэй. Тухайн үед Танганика нэртэй байсан Танзани нь орчин цагийн Руанда, Бурунди, Мозамбикийн зарим хэсгээс бүрдсэн Зүүн Африкийн нэг хэсэг байв.
Франк-Вальтер Штайнмайер хэлэхдээ "Германчууд таны өвөг дээдэст хийсэн зүйлсийг уучлаасай гэж хүсч байна. Энд болсон зүйл бол бидний хамтын түүх, таны өвөг дээдсийн, Герман дахь бидний өвөг дээдсийн түүх юм" гэжээ. Мөн Танзанийн ерөнхийлөгч Самиа Сулуху Хассантай уулзсаныхаа дараа "Соёлын үнэт зүйлсийг эх оронд нь буцаах чиглэлээр хамтарч ажиллана" гэж амлав.
Тэрбээр Танзанид гурван өдрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Франк-Вальтер Штайнмайер 1906 онд цаазлуулсан хүмүүсийн дунд байсан Мажи Мажигийн удирдагчдын нэг Сонгеа Мбаногийн үр садтай уулзав. Сонгеа Мбаног өдгөө Танзанийн баатар гэж үздэг. Мөн түүний шарилыг олохыг хичээнэ гэж Франк-Вальтер Штайнмайер гэр бүлд нь мэдэгдсэн байна. Янз бүрийн музей, байгууллагуудад байдаг гавлын яс, араг яснуудыг хаанаас ирснийг тодорхойлох санхүүжилт бараг байдаггүй гэдгийг мэргэжлийн хүн хэлжээ.
"Герман саяхныг хүртэл колончлолын түүхээ мартчихсан явж байсан" гэж Гамбургийн их сургуулийн түүхийн профессор Юрген Зиммерер хэлсэн байна. Яагаад гэвэл колончлолын үеийн харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг Германы ард иргэд ойлгодоггүй, мэддэггүй байжээ.
Герман улс Намибийг эзлэн авахдаа геноцид үйлдсэнээ 2021 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. Үүнийхээ төлөө 1.1 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ