АН-ын дэргэдэх “Олуулаа” клубийн нээлт өчигдөр /2023.11.02/ боллоо. “Олуулаа” клубийн нээлтэд АН-ын тэргүүн дад дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нийтлэлч Б.Баабар нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Түүнчлэн АН-ын гишүүд дэмжигчид клубийн үйл ажиллагаанд амжилт хүсээд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
АН-ын дэд дарга, тус клубийн тэргүүн Ч.Өнөрбаяр “Олуулаа” клуб гэнэт бий болоогүй. 1990 онд Ардчилсан үзэл санааг бид авчирсан. Тэр үзэл санаа, хөрсийг үргэлжлүүлж авч явж байгааг та бүхэн ойлгох ёстой. Хоёрдугаарт, клуб маань институтийн хувьд 2005 оноос эхэлсэн боловч одоо цоо шинээр “re branding” хийж, шинээр өөрсдийгөө лого, зарчим, уриа үгийг шинэчилж байна. АН шинэчлэгдэж байгаа учраас клубийн зүгээс дэмжлэг болъё, намынхаа алдагдсан зарчим, суурь үнэт зүйлийг авчрахад ямар нэгэн байдлаар намынхаа лидерүүд, клубүүд улстөрчидтэй хамтарч ажиллая гэсэн зарчимтай байгаа. Өнөөдөр клубийн үйл ажиллагаанд оролцож буй бүх хүмүүст талархал илэрхийлье. “Олуулаа” клуб эндээс эхлэн намынхаа шинэчлэлд идэвхтэй гар бие оролцоно. Бид тууштай энэ намыг зарчимтай, үнэт зүйлтэй, эрх чөлөөг хамгаалдаг нам болгоход өөрсдийн зүгээс хүчин зүтгэх болно. Манай клубд шинээр маш олон залуус нэмэгдэж орж ирж байгаад талархалтай байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Олуулаа” клубийн түүх 2003 оноос эхэлсэн. Эргээд харахад 20 жил болжээ. Олуулаа гэж ярьж эхэлсэн санаа нь түүнээс ч өмнө. 1994 онд бид УИХ-д тавуулхнаа сууж байсан. Тэгээд сайн дураар УИХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд гарахдаа одоо бид тавуулаа байна. Тавиулаа болоод олуулаа болоод эргэж ирнэ гээд гарсан. 1996 онд 50-иулаа болсон. Харамсалтай нь Үндсэн хуулиар 51-үүлээ байж хууль баталдаг зовлонтой байлаа. Энэ утгаар нь авч үзвэл АН хууль батлах хэмжээнд хэзээ ч олуулаа болж байгаагүй. АН өөр байх хэрэгтэй. МАН-ын хуулбар, үргэлжлэл юм шиг хуйвалдааны байдлаар аргалсан, худал юмыг ард түмэн хэзээ ч сонгохгүй. Амжилт гаргая гэвэл эрх баригчидтай гал ус шиг үзэлцэж байж амжилтад хүрнэ” гэлээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ