Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Израилийн энгийн иргэдийн эсрэг хийсэн аймшигт халдлагын дараа тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньянху Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгах кампанит ажлыг явуулж байна. Ингэхдээ Израиль үндэсний аюулгүй байдлын урт хугацааны стратегийн зорилтуудаа орхигдуулахгүй, харин цэрэг, дипломат стратегийн илүү өргөн хүрээнд Хамас бүлэглэлийг устгахыг эрмэлзэх нь зайлшгүй чухал юм.
Хэт даврагч үзэл нь харилцан уялдаатай асуудлуудын нэг хэсэг бөгөөд бүс нутагт тогтвортой энх тайван тогтоохын тулд шийдвэрлэх ёстой гэдгийг Нетаньяхугийн засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний зэрэгцээ урт хугацааны аюулгүй байдлын үүднээс Израиль улс тусгаарлагдахаас зайлсхийж, бүс нутгийн болон олон улсын томоохон зорилгод нийцсэн стратеги боловсруулах ёстой.
Тухайлбал, ойр орчмын холбоотнуудыг хамгаалах, нэмэлт улс орнуудтай (ялангуяа Саудын Араб) түншлэл тогтоох, Хамас бүлэглэлийг устгахыг эрмэлзэж буй АНУ болон бусад улстай хамтран ажиллаж, хамтран ажиллах зэрэг багтана.
Нетаньяху "дайны сайд нарын танхим"-ыг байгуулсан нь цэргийн үүднээс ухаалаг алхам гэж олон нийт үзсэн. Гэвч энэхүү байгууллага нь Израилийн ойрын болон урт хугацаанд нэн чухал бүс нутгийн аюулгүй байдлын шаардлагыг үл тоомсорлох эрсдэлтэй.
Тодруулбал, Израилийн засгийн газар Арабын хөршүүдтэй харилцах харилцаагаа алдагдуулахгүйгээр Хамасыг устгах арга замыг эрэлхийлэх ёстой. Хэдэн арван жилийн хүчин чармайлтын ачаар Израиль болон Иордан, Египет, Бахрейн, Марокко, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Судан улсуудын хооронд хоёр талын харилцааг бий болгосон.
Газын зурваст хийж буй дайралтуудын улмаас үүсч буй арабчуудын уур хилэнг багасгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Энэ нь шударга бус мэт санагдаж болох ч Арабын удирдагчид уурлаж бухимдсан иргэдийнхээ эсэргүүцлийг үл тоомсорлож чадахгүй. Эцэст нь Израильтай улам бүр дайсагнасан дипломат байр суурийг баримтлахаас өөр аргагүй болно.
АНУ-ын Ойрхи Дорнод дахь төлөөлөгч асан Деннис Росс өнгөрсөн долоо хоногт "Нью-Йорк Таймс" сонинд тэмдэглэснээр, бүс нутгийн олон удирдагчид Хамас бүлэглэлийг устгахад чиглэсэн Израилийн хүчин чармайлтыг хувиараа дэмжиж, радикал исламын үзлийг дарахад туслах түнш хайж байгаа аж.
Гэвч Арабын эдгээр удирдагчид Газын зурваст энгийн иргэд амиа алдсаныг зэмлэн буруушааж, эцсийн дүндээ Израильтай дипломат харилцаагаа таслах гэх мэт арга хэмжээ авахад хүрч байна.
Тодруулбал, Израилийн батлан хамгаалах хүчин Газын Жабаля дахь дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн. Энгийн иргэд олноороо амь үрэгдсэн уг цохилтыг олон улсын хууль тогтоомжид нийцүүлэхийн тулд Хамасын дээд түвшний удирдлагыг онилсон гэж Израиль мэдэгдсэн. Гэвч улс төрийн бодит үр дагаврыг Израиль үл тоомсорлож болохгүй. Тухайлбал, Боливи, Чили, Колумб зэрэг улсууд үүнийг буруутган Израилиас элчин сайд нараа татаж, зарим нь дипломат харилцаагаа тасалсан.
Израиль мөн Газад бий болсон хүмүүнлэгийн хямралыг нэн даруй зохицуулахын тулд дорвитой алхам хийх ёстой. Газын зурвастай хиллэдэг Египет болон бусад бүс нутгийн оролцогчид тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн ч Израиль улс бүслэлт болон агаарын кампанит ажилдаа гол үүрэг гүйцэтгэх ёстой.
Дайны хууль тогтоомжийн дагуу Израиль хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
Хамас нь Израильд оршин тогтнох аюул занал учруулаад зогсохгүй Палестины ард түмнийг удаан хугацаанд золиослон, тэднийг илүү сайн ирээдүйн боломжоос нь хассаар ирсэн гэдгийг тодорхой харуулах ёстой. Ингэснээр Израиль, Палестин хоёрын мөргөлдөөн болж байгаа түүхийг Израиль болон Палестинчууд (бүс нутгийн болон дэлхийн бусад үндэстнүүдийн хамт) Хамас дахь нийтлэг дайсныг ялах ёстой гэсэн яриа руу шилжүүлнэ гэж найдаж байна.
Израиль Хамас бүлэглэлийн цуст халдлагаас өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Гэхдээ бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, энх тайван зэрэг урт хугацааны зорилгоо сүйтгэхийг зөвшөөрөх ёсгүй гэж улс төрийн ажиглагчид анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ