Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийн 60 хувийг орон нутагт хуваарилах бодлогыг Засгийн газар барьж буйг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг эсэргүүцлээ. Учир нь, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн 2 дахь заалтад “ипотекийн зээлийн 60 хувийг хөдөө орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилах” гэсэн заалт тусгаад буй юм.
Энэ талаар тэрбээр “Төвлөрлийг сааруулна гээд ипотекийн санхүүжилтийн 60 хувийг орон нутагт зарцуулна гэдэг байж болохгүй асуудал. Орон нутагт ипотекийн зээл нь угаасаа хөнгөлөлттэй олгогддог. Дээрээс нь нийт зээлийн багцын 60 хувийг шилжүүлнэ гэхээр хотынхон нь яах юм. Хотод хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна шүү дээ. Хотод төрснөөрөө буруутай юм уу, хотод байр авч болохгүй гэж байгаа юм уу. Гэр хорооллыг барилгажуулах ажлаа нэмье л гэж бодлого бариад явж байгаа гэж ойлгодог. Энэ асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд дэмжиж болохгүй” гэдэг байр суурийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ хөндсөн юм.
Эл асуудлаар гишүүдээс хараахан санал хураалгаагүй байгаа юм. Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газар орон нутагт олгогдох ипотекийн зээлийн хүүг 3 хувиар бодож олгон, зөрүүг нь төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ипотекийн зээл хөнгөлөлттэй олгогдож байхад давхар санхүүжилтийн хамгийн их хувийг орон нутагт хуваарилах нь шударга бус гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь гэр хорооллыг барилгажуулах. Гэтэл гэр хорооллын иргэдэд ипотекийн зээл олдохгүй, утаа, хөрсний бохирдлоо шийдэж чадахгүй байхад төв банкнаас олгодог 360 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн 60 хувийг орон нутагт олгох нь нэг ёсондоо нийслэлд гэр хорооллыг барилгажуулах ажил хэрэгжихгүй нь гэж хэлсэн ч хэтрүүлсэн болохооргүй байгаа. Тиймээс Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүд Х.Ганхуяг гишүүний гаргасан саналыг дэмжих эсэхээс ирэх онд Улаанбаатар хотод олгогдох ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурах эсэх хамаарах болоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ