"Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" өчигдөр /2023.11.02/ болсон. Энэ үеэр ханиад томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. БАЙГАЛМАА:
-Монгол Улсад Covid-19 халдварын цар тахал бүртгэгдсэнээс хойш гурван жил орчмын дараа хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус Covid-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд орж, томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Томуугийн халдвар нь дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлдэг, ялангуяа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог ба цаашид Covid-19 цар тахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал.
Энэ удаагийн "Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" нь тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх, зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Энэ жил нийт 300 мянган хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар дархлаажуулалт 50 гаруй хувьтай байна.
Холбоотой мэдээ