Ши Жиньпин дарга тагнуулын үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээний кампанит ажил явуулж байна. Энэ хүрээнд Хятадыг тагнаж байж болзошгүй цаг уурын станцуудыг илрүүлжээ.
Олон зуун хууль бус цаг уурын станцуудыг илрүүлсэн гэдгээ тус улсын тагнуулын агентлаг мэдэгдэв. Эдгээр байгууламж нь Хятад даяарх 20 гаруй мужаас олджээ. Мөн зарим байгууламж нь гадаадын засгийн газрын санхүүжилттэй байжээ. Цэргийн бааз, батлан хамгаалахын компаниуд гэх мэт эмзэг газруудын эргэн тойронд мэдээлэл цуглуулах зорилгоор зарим станцыг суурилуулсан гэж Хятадын тагнуулын агентлаг үзэж байна. Түүнчлэн үр тариа, ургацад дүн шинжилгээ хийх зорилготой байршуулсан станцууд ч байсан гэв.
Зарим төхөөрөмж нь хэт жижиг хэмжээтэй бөгөөд суулгахад хялбар, илрүүлэхэд хэцүү аж. Эдгээр нь өгөгдлийг автоматаар цуглуулж, цаг тухайд нь сүлжээгээр цааш дамжуулдаг.
Гадаадын чухам ямар улсуудын станц байсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Холбогдох гадаадын талууд үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл аваагүй аж.
Хятадын эрх баригчид хилийн чанад дахь 10 гаруй төхөөрөмж, улс доторх 3000 гаруй станцад шалгалт хийсний дараа үүнийг илрүүлжээ. "Цаг уурын мэдээлэл нь мэдээллийн аюулгүй байдал, нөөцийн аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг. Энэ нь цэрэг арми, хүнс, экологи, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн ашиг сонирхолтой нягт холбоотой" гэж Хятадын Аюулгүй байдлын яам мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ