“Дотоод инфляцийг онилох нь бодлогын хувьд зөв сонголт”

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

“Дотоод инфляцийг онилох нь бодлогын хувьд зөв сонголт”

“Дотоод инфляцийг онилох нь бодлогын хувьд зөв сонголт”

“ЭН АР СИ СИ” судалгааны компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.   


-УИХ-аар уламжлалын дагуу ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. Тухайлбал, төсөв дээр судлаачид, эдийн засагчид, иргэд, улстөрчдийн зүгээс олон талын байр суурь илэрхийлж байгаа. Таны хувь судлаачийн зүгээс ямар онцлогтой гэж хэлэх вэ?

-Онцлог гэхээс илүүтэй нөхцөл байдал давтагдаж байна. Төсөв өндөр алдагдалтай, зарлага нэмэгдсэн. Энэ бол жил бүр ярьдаг асуудал. Төсвийн тооцоолол өнөөгийн нөхцөл байдлаас харахад, 2024 оны эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг төсөөлсөн. Тийм өндөр өсөлт үзүүлнэ гэдэг эргэлзээтэй. Гадаад эдийн засаг, ялангуяа түүхий эдийн зах зээл ямар байх талаар бодолцох ёстой болно.

Эдийн засгийн гадаад орчин Монголын хувьд эрсдэлтэй гэж харж байгаа. Төсвийг төсөөлөхдөө маш сайхнаар харсан байна. Эдийн засаг маш хурдацтай өсч, түүхий эдээ өндөр үнээр зарна гэх мэт зүйл дээр эргэлзэж байгаа.

-Төсвийн зарлага өсөх нь инфляцийг өдөөнө гэж олон хүн үзэж байна. Таны зүгээс хэрхэн харж байна?

-Инфляцийг найман хувь гэж төсөөлсөн байна. Тэр хэр бодитой байх гэдэг бол эргэлзээтэй. Төсвийн тэлэлт эдийн засгийг халааж, зардлаараа хөөрөгдөх маягаар инфляцийг өдөөх эрсдэлтэй.

-Танай байгууллагаас хийдэг Хэрэглэгчийн итгэлийн индекс-ээр хэрэглэгчид ямар хүлээлттэй байгаа вэ?

-“Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр эхний ээлжид хэрэглэгчид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгааг асуумжаар авдаг. Мөн хэрэглэгчид дараагийн зургаан сарын хугацаанд ямар хүлээлттэй байгаа талаар мэдээлэл цуглуулж нэгтгэдэг. Үүний сацуу инфляци,  валютын ханшийн хүлээлтийн үнэлгээ хийдэг.

Сүүлийн улирлын судалгааны дүнгээс харахад, сайн гэж болох өөдрөг үр дүн гарсан. Ялангуяа хэрэглэгчийн итгэлийн өнөөгийн байдлын индекс өндөр өссөн. Иргэд III улирлын байдлаар эдийн засаг сайн байна гэж үнэлсэн. Бизнесийн орчин, ажлын байрны олдоц сайжирсан гэж үзэж байна.

Харин ирэх зургаан сарын хугацааны хүлээлт өнөөгийн нөхцөл байдлаас багахан өсөх хүлээлттэй гарч байгаа. Тэгэхээр эдийн засгийн таатай нөхцөл байдал цаашид үргэлжлэх үү гэдэгт болгоомжтой хандаж байна. “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн судалгааны дүнгээс энэ дүгнэлтэд хүрсэн.

-Инфляцийн хүлээлт ямар байгаа бол?

-Иргэдийн дийлэнх нь үнэ өснө гэсэн хүлээлттэй байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь үнийн өсөлт үргэлжилнэ гэдэг хүлээлттэй буйгаа хэлсэн. Хүлээгдэж буй инфляци өмнөх улирлын түвшинд буюу 10 хувьтай гарах төсөөлөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, инфляцийн одоогийн түвшин хадгалагдана гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ бодлогын тодорхойлогчдын хувьд инфляцийг хязгаарласан гэж үзэхэд эрт байна. Инфляцийн хүлээлт сүүлийн гурван улирал нэг түвшинд байгаа. Өсөхгүй байгаа нь сайн мэдээ боловч буурахгүй байгаад анхаарал хандуулах хэрэгтэй.

-Монголбанкнаас сүүлийн хэдэн жил 6+/-2 хувийн инфляцийн зорилтыг дэвшүүлж байгаа. Засгийн газрын ирэх оны инфляцийн төсөөлөл 8.5 хувьтай байна. Гэтэл үнийн өсөлт Монголбанк, Засгийн газрын  хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй хоёр оронтой тоонд хадгалагдсаар байна. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого үр дүнгээ өгөх үү?

-Хоёр том бодлого нэг эдийн засаг дотор хэрэгжинэ. Нэг бодлого нь үнийн өсөлтөө сааруулах зорлигоор хумих талдаа яваад байдаг. Гэтэл нөгөө бодлого нь эдийн засгаа хэт тэлэх талдаа яваад байна. Улсын хэмжээнд ийм эсрэг тэсрэг шийдвэр гаргаад байвал, үргүй зардал урсгах эрсдэл бий болгоно.

-Эрх баригчдын зүгээс валютын ханш тал дээр нөөц өссөн, экспортын орлого өндөр байна гэх мэтээр эерэг нөлөөлөл үзүүлэх оролдлогууд хийж байна. Ирэх онд гэхэд л 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэж байгаа. Валютын ханшийн хүлээлт ямар байгаа бол?

-Судалгаагаар ам.долларын ханшийг өснө гэж хүлээж байгаа иргэдийн тоо буурсан. Ханш өснө гэдэг хүлээлт 50 хувиас доош орсон. Энэ бол манай судалгаанаас гарсан сайн мэдээ. Мөн ам.долларын ханшийн талаарх тодорхой бус байдал ч буурсан. Өмнөх судалгаануудаас авч үзэхэд, өснө, буурна гэдэг таамаглал маш өндөр хүрээтэй байсан. Тэгвэл одоо таамаг хумигдаж ирсэн. Ам.долларын ханшийн талаарх тодорхой бус байдал төдий чинээгээр буурсан гэсэн үг.

-Валютын ханшийн эрсдэл шууд гадаад худалдаанаас хамааралтай. Нээлттэй нийгэм форум-ын судлаачдын зүгээс олон улсад өрнөж дайн, Хятадын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад худалдаан дээр гарч байгаа эерэг дүн тийм ч удаан үргэлжлэхгүй шүү гэдэг анхааруулга өгсөн байна билээ. Таны хувьд гадаад эрсдэлийг хэрхэн харж байна даа?

-Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж байна. Нэг дайн нь дуусаагүй байхад дахиад тодорхойгүй нөхцөл байдлууд бий болж байгаа. Дээр нь олон улсын зүгээс Хятадын эдийн засаг дээр үнэхээр болгоомжтой хандаж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн нөхцөл байдал цаашдаа сайжрах уу, муудах уу гэдэг тодорхойгүй. Хятад хагас хаалттай эдийн засагтай болохоор эрсдэлээ тооцохыг анхааруулж байгаа. Тиймээс манайхан дотооддоо жоохон даруухан төлөөслөл гаргах шаардлагатай болов уу. Нөхцөл байдал хаашаа ч эргэх магадлалтай учраас эрсдэлээ тооцох хэрэгтэй. Сайнаар эргэвэл, сайн л биз. Харин гадаад нөхцөл байдал муугаар эргэсэн тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх ёстой.

Манай Засгийн газар гаднаас ирэх гэнэтийн цохилтод хэр бэлтгэлтэй байдаг вэ гэдэг нь төсвийн тодотголуудаас харагддаг. Дандаа буруу таамагладаг гэдэг нь харагддаг. Төсөвт тодотгол хийнэ гэдэг бол алдаа гаргаад, түүнийгээ залруулж байгааг илтгэж байгаа юм.

-Тэгэхээр үнийн өсөлт ирэх онд ч үргэлжлэх нь. Валютын ханш одоогийн түвшиндээ хадгалагдах магадлалтай гэж үзэх нь. Гэтэл өмнө нь болж өнгөрсөн үйл явдлуудыг харахад, сонгуулийн жил долдугаар сараас том савлагаа үүсэх магадлалтай?

-Тэр талаасаа бол эрсдэлтэй. Гэхдээ том савлагаа үүсэхгүй ч байх магадлалтай шүү дээ. Монгол Улс валютын ханш дээр уян хатан бодлого баримталдаг. Жижиг, эрдэс баялгийн экспортоор дамжаад гадаадад нөлөөлд өртөмтхий эдийн засагт валютын ханш зах зээлийн зарчмаараа тогтох нь зүйтэй.

Валютын уян хатан ханш өөрөө гадаад эдийн засгаас ирэх нөлөөлөөс хамгаалж байдаг. Гаднаас шок ирсэн үед валютын ханш өөрөө өөрийгөө зохицуулснаар бамбай болж өгдөг. Тэр сайн талыг нь хүмүүс хардаггүй. Валютын ханшийн энэ үүргийг нь гүйцэтгүүлэхгүй бол гадаад шок шууд эдийн засагт тусдаг. Монголбанкны бодлогын хувьд чөлөөт ханшийн дэглэмээ үргэлжлүүлэх ёстой.

Мөнгөний бодлого дотоодын инфляцийг онилно гэж байгаа. Дотоод болон гадаад инфляцийг зэрэг удирдах ямар ч боломжгүй. Тэгэхээр дотоодоос шалтгаантай инфляцийг онилох нь бодлогын хувьд зөв сонголт. Гэхдээ яг тэр бодлогоо тууштай хэрэгжүүлэх ёстой. Монголбанк инфляцийн эсрэг бодлогоо өнөөдөр ч хэрэгжүүлээд явж байгаа. Үр дүн нь өнөөдөр тийм сайн биш ч тогтворжих хэмжээнд ирээд байна.

-Ирэх оны эрсдэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж байгаа төсвийн тэлэлт өөрөө байх магадлал өндөр байна. Тэгвэл үүнийг хязгаарлах ёстой Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдлүүд тогтворгүй байна. Эдгээрийг ямар аргаар жинхэнэ утгаар нь тогтвортой байлгах боломжтой вэ?

-Үүнийг мэргэжлийн бие даасан нэгж хянадаг байх ёстой. Уг нь тоглоомын дүрмийг нь заагаад өгчихсөн байгаа. УИХ тухайн жил ийм тооцоонд барьж ажиллана шүү гэдгийг тогтоон барьж хуульчилдаг. Нөгөө талдаа Засгийн газар яг хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин УИХ хуулийг Засгийн газрын үйл ажиллагаанд тааруулж өөрчлөөд байгаа. Өрийн удирдлагын хууль гэхэд байнга өөрчлөгддөг. Улс орны тогтвортой байдал гэж дор хаяж 5-10 жил, түүнээс цааш тогтвортой байхыг хэлдэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тоо жил бүр өөрчлөгдөнө гэдэг өөрөө тогтвортой байдал гэдэг үгээ ойлгохгүй байгаа юм уу гэдэг асуулт тавихад хүргэнэ. Монгол Улс гадаад эдийн засгаас өндөр хамааралтай учраас тогтвортой байлгахын тулд тогтвортой байдлын хууль гаргасан.

Төсөв өөрөө эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэхээс сэргийлж Төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын тухай зэрэг хуулийг баталсан. Тэгэхээр тогтвортой байдлыг хангаж байгаа хуулиудаа л тогтвортой мөрдөх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж