Дараалсан хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил үнэмлэхүй эрх мэдэлтэй засаглаж буй МАН-ын эрх баригчдын ярьдаг сэдэв нь: Хориглоно, хязгаарлана, хорино, шийтгэнэ.
Жишээ нь, гишүүний бүрэн эрхээ хотын даргаар сольсон Х.Нямбаатарын танилцуулсан түгжрэлийн эсрэг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь “Ойрын хугацаанд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төслүүдэд тусгасан. Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлах бодлого барихгүй. Автомашины дугаар эзэмшигчид дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү тухайн иргэн өөрөө шинэ машин авах тохиолдолд өөрийнхөө эзэмшиж буй авто машиныг хөдөө орон нутагт худалдаалах, авто машинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирнэ” гэх тайлбар. Энэ бусдыг оршин суугаа газраар ялгаварласан үг үйлдэл агаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна. Хүнийг үндэс, угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа юм. Тэгвэл хуучин суудалд суусан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын согтуу жолоочтой үзэлцэх арслангийн арга нь:
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 1-3 жилээр эрхийг нь хасах
- -450-2.7 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх
- -6 сараас нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах
- -6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
Давтан үйлдэл гаргасан тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулах аж. Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд гэмтэл учруулбал 5- 8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах гэхчилэн ялыг чангатгахаар болсон. Түүнчлэн торгуулиа төлөөгүй жолооч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлэхээр долоон хязгаарлалт хийх төслөө танилцуулсан юм.
Үүнд,
- Хяналтын үзлэг оношилгоонд оруулахгүй,
- Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно,
- Жолооны үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмж өөрчлөхгүй,
- Тусгай зөвшөөрөл олгож, сунгахыг хязгаарлана,
- Тендер шалгаруулалтад оруулахгүй,
- Төрийн албан хаагчийн шалгалтад орохыг хязгаарлана,
- Гадаад паспорт өгөхгүй аж.
Эрх баригчдын энэ ялын бодлогод болон Эрүүгийн хуулийг чангатгаж, шүүмжилсэн хүмүүсийг айлгадаг, хорьдог болсонд АН шүүмжлэлтэй хандаж буй юм. Сөрөг хүчний зүгээс “Хорьж цагдсанаар асуудал шийдэгдэхгүй. Харин иргэнээ боддог улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд л мөнгөө зарцуулдаг” болохыг эрх баригчдад зөвлөж байгаа. Тэрчлэн Эрүүгийн хуулийг өөрчлөхөөс илүү эхлээд төсөв мөнгөний зарцуулалтаа зөв болгох ёстойг АН-ын дарга Л.Гантөмөр хэлээд төсөв мөнгөний бодлого нь хүртэл бизнес эрхлэлтийг хорьж, цагдахад чиглэж байгааг ч шүүмжилсэн. Тэрбээр "Өнөөдөр найман жил төрийн эрх барьсан хүмүүстэй хэрэлдэж, зодолдохоос илүү чухал зүйл бий. Бидний парламентад байгаа хүчийг иргэд мэдэж байгаа. 10-хан кноптой. Нэг удаа л завсарлага авах эрхтэй. Өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлсийг зогсоох боломж алга байна. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж эд нарын найман жил хийсэн алдааг засах хэрэг гарах нь. Хамгийн гол хүндрэл үүсгэж байгаа зүйл бол төсөв. Хамгийн гол өр үүсгэж байгаа зүйл бол төсөв. Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь. Төсөв хямгадаж, дарга нарын зардал багасахаар нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Өнөөдөр 13 хувийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ нь үндсэндээ монголчууд бизнес хийхийг хориглосон хууль, хориглосон бодлого болж байгаа"-г анхааруулсаар. Атал МАН-ын хувьд илжигний чихэнд ус хийсэн мэт хандаж байгаа нь бас үнэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн гол зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино. Гэтэл иргэдийнхээ эрх чөлөөг боомилно, хаана, хорино, цагдана гэх эрх баригчдад зөвлөхөд "Хууль чангарах тусам хулгай нарийсдаг гэдэг. Иргэдээ соён гэгээрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийхгүй бол шоронгоор айлгалаа гээд “шоронжсон” улс болно шүү!
Б.БАТ
Холбоотой мэдээ