Төрийн соёрхолт, яруу найрагч Ш. Гүрбазарын “Шар гэгээ” зохиолоос сэдэвлэсэн кино үзэгчдээс өндөр үнэлэлт авч байна. Дэлгэцийн энэ бүтээлийг "Оранж" энтертэйнмент, "Рэд Пойнт Фильм", "Промикс Саунд" продакшны хамтын бүтээл бөгөөд Соёлын яаманд хандаж, мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Соёлын яам 2023 оны арваннэгдүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгон зарласантай холбоотойгоор аймаг, сум, нэгжийн удирдлагууд өөрсдийн соёлын төвдөө бидний бүтээлийг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдэл удаа дараа гарч байна.
Төрийн байгууллагын салбар нэгжүүдийн уг үйлдэл нь Зохиогчийн эрх болон холбогдох хуулийг илтэд зөрчиж байгаа тул нэн даруй зогсоож, залруулга хийхийг Соёлын яам, Соёл урлагийн газраас хүсч байна" гэжээ.
"Шар гэгээ" уран сайхны киноны уран бүтээлчид 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” болон “Шилдэг туслах эмэгтэй дүр”, “Шилдэг хөгжмийн зохиол” гэсэн гурван төрөлд шалгарч, Хангарьд цомын эзэн болсон юм. Дэлгэцийн бүтээлийн агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн монгол хүнд л байх ариун нандин чанар, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөхийг зорьжээ.
Холбоотой мэдээ