Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2023.11.02/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын нийгмийн халамж болон даатгалын тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцлоо. Тухайлбал, нийгмийн даатгалын шинэчлэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн халамжийн бодлогын талаар харилцан танилцууллаа. БНЧУ-ын тухайд насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан тэтгэврийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Тэтгэвэрт гарах насыг 60-67 болгон нэмэгдүүлэх, хамгийн багадаа 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх зохицуулалтыг хийж байгаа аж. Мөн хүн амыг өсгөх бодлогын хүрээнд хүүхдийн тооноос хамааран татварын хөнгөлөлтийг урамшуулал байдлаар үзүүлдэг, хүүхэд бүрд биш бага орлоготой хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 1999 онд байгуулсан “Монгол Улсын иргэд, Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” дурдаж, уг хэлэлцээрийг шинэчлэх санал тавилаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаас хойш 24 жил өнгөрсөн бөгөөд хоёр улсын холбогдох хууль эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал манай улсын “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийг 2021 онд шинэчлэн, баталсныг онцлов.
Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка хэлэлцээр баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул шинэчлэх асуудлыг дэмжиж, энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ