Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулан алдарт “Аттила” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрийн уран бүтээлчид анх удаагаа концерт хэлбэрээр тоглох гэж байна. Сонгодог тоглолтын бэлтгэл ажлын талаар театрын удирдаач Ц.Тэлмүүн-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн "Аттила" дуурь эхэн үеийн дууриудынх нь нэг. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж .Вердийн мэндэлсний 210 жилийн ойд зориулан алдартай "Аттила" дуурийг Монголынхоо тайзнаа концерт хэлбэрээр анх удаа тоглох гэж байна. Гурван бүлэг дуурь нь дөрвөн гол дүртэй. Театрын найрал дуу, симфони оркестрын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцоно.
Ер нь дуурийг концерт хэлбэрт тоглодог юм. Алдартай дуурийг концерт хэлбэрээр тоглоно гэхээр үйл явдал, жүжиглэлтгүй, хувцас болон тайзны хөдөлгөөнгүйгээр үзэгчдэд сонсоход зориулж тоглоно гэсэн үг.
Хөгжмийн зохиолч Ж.Верд "Аттила" дуурийг залуу насандаа бичсэн учраас их гал цогтой, хүний маш олон сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжийг хөгжмийн хэлээр илэрхийлснээрээ онцлог. Хөгжмийн хувьд өргөн бүрэлдэхүүнтэй, томоохон дуурийн нэг. Байгалийн үзэгдлүүдийг дүрслэхээс гадна "Аттила" хааны бардам зан, урвалт, урам хугарах сэтгэл зүйг хөгжмөөр илэрхийлсэн байдаг. Аттилагийн басс баргил хоолойнд зориулан хөгжмийг бичсэн учраас дуучнаас маш их ур чадварыг шаарддаг. Үзэгчид, сонсогчид сонсоход маш сайхан эгшиглэнт хөгжимтэй. Монголд "Аттила" дуурийг урьд өмнө нь тоглож байгаагүй. Энэ удаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа цор ганц удаа 2023 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 17:00 цагаас тоглох гэж байна. Үзэгчдээ хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв.
"Аттила" дуурийн тасалбарыг ДБЭТ-ын касс болон ticket.mn-ээр борлуулж байна. Тасалбар 30-60 мянган төгрөгийн үнэтэй.
Хөгжим: Ж.Верди
Цомнол: Т.Солеры, Ф.Пьяве
Найруулагч: Б.Мэндбаяр
Удирдаач: Ц.Тэлмүүн-Очир
Хөтлөх найруулагч: МУСТА Б.Цэрэндаваа
Гол дүрүүд:
- Аттила – Э.Бумхүү /МУСТА/
- Одабелла – Б.Энхнаран /МУСТА/
- Форесто – Б.Батжаргал /МУСТА/
- Эцио – Э.Отгонбат /МУСТА/
- Ульдино – Г.Шижирболд /МУСТА/
- Леоне – Б.Алтанхуяг /МУСТА/
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ