Хятад, АНУ хоёр ирэх долоо хоногт цөмийн зэвсгийг хянах хэлэлцээр хийх тохиролцоонд хүрэв. Энэ нь Обамагийн засаглалаас хойших анхны яриа хэлэлцээр болох юм. Хятадын Гадаад хэргийн яам Ван Игийн Вашингтон дахь айлчлалын дараа энэ мэдэгдлийг хийлээ. Мэдэгдэлд "Хоёр улс ойрын өдрүүдэд цөмийн зэвсгийг хянах, түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар зөвлөлдөх уулзалт хийнэ. Далай тэнгис болон бусад асуудлаар ч мөн яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.
Даваа гаригт товлогдсон уулзалтыг Төрийн департментын ахлах ажилтан Маллори Стюарт, Хятадын Гадаад хэргийн яамны Зэвсгийн хяналтын газрын дарга Сун Шиаобо нар тэргүүлнэ.
Хоёр улсын ерөнхийлөгчид стратегийн тогтвортой байдлын талаар ярилцаж эхлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлж байв. Ингэхдээ тэр Бээжингийн цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтад Вашингтон санаа зовж буй тухай дурдсан байдаг. Үүний дараа Цагаан ордноос "Энэхүү яриа хэлэлцээ нь АНУ-ын Оростой хийж байсан цөмийн зэвсгийг хорогдуулах албан ёсны хэлэлцээтэй адилгүй" гэж мэдэгджээ. Үүнээс хойш Хятад улс цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах алхмуудыг хэлэлцэх сонирхол багатай байгаад АНУ хэд хэдэн удаа бухимдлаа илэрхийлсэн.
Пентагоноос аравдугаар сард мэдэгдсэнээр Хятад өдгөө 500 гаруй цөмийн цэнэгт хошуутай бөгөөд 2030 он гэхэд 1000 хүргэхээр зорьж байна.
Эх сурвалж: REUTERS