Боловсролын зээлийн сангийн булхайг “илчилсэн” учраас өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж Урьхан Шагдаржав гэх хаягтай хүн сошиалд шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр боловсролын салбарт шүгэл үлээсэн учраас ийнхүү ажлаасаа дарамтлуулж, халагдсан гэсэн тайлбарыг өгөөд буй. Тэгвэл энэ талаар МУБИС-ийн ректор Ж.Батбаатараас тодрууллаа.
-Боловсролын салбарт шүгэл үлээсэн ажилтан өөрийгөө ажлаас халагдсан гэж мэдээлсэн. Энэ хүн ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн юм бол. Улс төрийн нөлөөлөл, зээлийн сангийн мэдээллээр шүгэл үлээснээс болж халагдсан гэдэг нь хэр бодитой мэдээлэл вэ?
-“Урьхан Шагдаржав” буюу Шагдаржавын Пүрэвсүрэн нь Боловсролын зээлийн сантай холбоотой шүгэл үлээсэн гэж ярьдаг. Тэрнээс болоод БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайд ажлаас халсан гэдэг. Тэгээгүй юм билээ. Шагдаржавын Пүрэвсүрэн гэдэг хүн нь 2022 оны аравдугаар сарын 31-ны өдрийн МУБИС-ийн захирлын Б299 тушаалаар “Оюутны хөгжлийн албаны дарга Шагдаржавын Пүрэвсүрэн нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжлийг дэмжих үйл ажиллагааг удирдах чиг үүргээ, ажлаа хийхдээ өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудтайгаа зүй бусаар харилцдаг гэх үйлдэл нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул Оюутны хөгжлийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд албан тушаал бууруулах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ёс зүйн хорооны дүгнэлт нь доод ажилтнуудтайгаа зүй бусаар харилцдаг учраас хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсугай гэх тушаал гарсан.
Тиймээс тухайн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллуулсугай гэх тушаал гаргасан юм байна. Тэгтэл, Ш.Пүрэвсүрэн нь “албан тушаал буурууллаа” хэмээн ажлаа орхиод, шүүхэд хандсан. Тиймээс асуудал нь шүүх дээр байгаа. Тухайн албан тушаалд нь одоог хүртэл хууль хяналтын байгууллагаас шийдвэр гартал оронд нь хүн аваагүй. Өөрөөр хэлбэл ажлаас огт халагдаагүй.
-Тухайн хүн ажилдаа буцаад орох боломж бий юу?
-Шүүхийн шийдвэр гарвал ажилдаа буцаад орох боломжтой. Нэмэлт мэдээлэл өгөхөд, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд МУБИС-ийн математикийн тэнхимд багш болох хүсэлт гаргасан байдаг. Тэгтэл, МУБИС-ийн зүгээс багшид тавигдах шаардлагыг хангаагүйн учраас математикийн тэнхимд багшаар авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар шүгэл үлээсэн, улс төрийн нөлөөгөөр ажлаас халсан зүйл байхгүй.
Холбоотой мэдээ