Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Лхагва гаригт Казахстанд айлчиллаа. Украин дахь дайн эхэлснээс хойш барууныхны анхаарлыг татаад буй, Оросын ар тал гэгддэг Төв Ази дахь Макроны айлчлал ийнхүү эхэлжээ.
Газрын тосоор баялаг Казахстан нь Оросын оронд Европт түүхий нефть нийлүүлэх гол тоглогч болсон. Өөрөөр хэлбэл, Казахстан улс хэдийнэ Оросыг алгассан Хятад, Европын худалдааны шинэ замын чухал холбоос болжээ. Газрын тосноос гадна Казахстан нь ураны томоохон экспортлогч юм. Энэ хүрээнд Францын Орано нь Казахстаны цөмийн фирм Казатомпромтой хамтарсан үйлдвэр байгуулсан билээ.
Макрон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзахдаа Украины асуудлаар Оросын талд орохоос татгалзсаныг нь сайшаажээ. Мөн хоёр улс газрын ховор элемент, ховор металын салбарт түншлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
"Зарим нэг талаас танайд үзүүлж байж болзошгүй дарамт шахалт болон геополитикийн аливаа асуудлын цар хүрээг би ямар ч тохиолдолд дутуу үнэлэхгүй. Эх орныхоо төлөө ямар ч гүрний хараат байхаас татгалзаж, бусад улстай тэнцвэртэй харилцаа тогтоохыг эрмэлзэж буй таны улсыг Франц үнэлж байна. Том гүрнүүд ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж, урьдчилан таамаглах аргагүй болсон дэлхий ертөнцөд ижил филисофитой найз нөхөдтэй байх нь сайн хэрэг" гэж Макрон хэлжээ.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад барууны дипломат үйл ажиллагаа нэмэгдэж байгаад Орос санаа зовох болсон. Тухайлбал, Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт "Барууныхан Оросыг хөршүүд, найзууд, холбоотнуудаас нь холдуулахыг оролдож байна" гэсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Казахстан бүрэн эрхт улсын хувьд аль ч оронтой харилцаагаа чөлөөтэй хөгжүүлэх эрхтэй" гэж Лхагва гаригт мэдэгджээ. Түүнээс Макроны айлчлалын талаар асуухад "Орос улс Казахстантай харилцах харилцаагаа ман өндрөөр үнэлдэг. Бидэнд түүхэн болоод стратегийн түншлэлийн харилцаа бий" гэв.
Казахстан, Узбекистан улсууд Украины газар нутгийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Москвагийн эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээг дагаж мөрдөхөө амласан. Гэвч үүний зэрэгцээ Оросыг ч, Франц тэргүүтэй барууныхныг ч өөрсдийнхөө стратегийн түнш гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ