Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо ирэх Парисын олимпод шууд оролцох эрхээ авсан улс орнуудыг танилцууллаа. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг холбооны оноогоороо тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван улс шууд оролцох эрхээ авчээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн Серби, АНУ, Хятад, эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн Хятад, АНУ, Франц гэсэн улсууд олимпод оролцоно.
Үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван эрхийн төлөө бусад улс орнууд өрсөлдөх бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн болох газруудын байршил, тов тодорхой болно.
Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн ирэх оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-ны хооронд болно.
Дашрамд сонирхуулахад, Токиогийн олимпийн аваргууд болох Латвийн эрэгтэй шигшээ баг шууд оролцох эрхээ авч чадсангүй. Тэд эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Мөн Монголын шигшээ баг эрхийн төлөөх тэмцээнд оролцох билээ.
Хятад улс 3х3 сагсан бөмбөгтөө онцгой анхаарч, их ч хөрөнгө хаяж эцэст нь зорилгодоо хүрлээ. Эмэгтэй шигшээ баг нь Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн учир ирэх Парисын олимпод шалгарах нь гарцаагүй байсан. Харин эрэгтэй шигшээ баг дээрээ онцгой анхаарч, дэлхийн шилдгүүдийг улсынхаа мэргэжлийн багуудад элсүүлж, мөн хятад тамирчдаа Европын хүчирхэг багуудад оруулаад амжсан. Үүнээс гадна эх орондоо олон тэмцээн уралдааныг зохион байгуулж, чансааны оноогоороо Ази тивдээ төдийгүй дэлхийд цойллоо. Дөрвөн жилийн хугацаанд Хятадын 3х3 сагсан бөмбөг хурдацтай хөгжиж, тамирчдынх нь ур чадвар дээшиллээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн олимпийн эрхээ чансааны оноогоороо авч байсан билээ.
Холбоотой мэдээ