Чуулган: "Улсын 6 эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан"

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: "Улсын 6 эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан"

Чуулган: "Улсын 6 эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан"

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.02/ болж байна.


 

12 : 30
2023-11-2

"Улсын 6 эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан"

УИХ-ын гишүүд Ш.Раднаасэд:

-Эмнэлгүүд дээр чанарт үндэслэсэн худалдан авалттай холбоотой дүрэм журмаа баталсан уу. Мөн баригдаж байгаа барилгуудын төсөв өсөөд байгаа асуудал. Ингээд харахад, улсын эмнэлгийн газрыг хувийн эмнэлгүүд, сургуулийн газрыг нь хувийн сургуулиуд, цэцэрлэг ч ялгаагүй газрыг нь авчихсан байна. Үүнээс хамаараад эмнэлэг сургуулийн төсөвт өртөг өсөөд байна. Өөр газар барих гэхээр төсөвт өртөг нь өснө. Уг нь одоо байгаа эмнэлэг, сургуулийн газруудад өргөтгөл хийх боломжтой байдаг. Улсын 6 эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан байна. Анх захирлууд нь ажилчдын орон сууц барина нэрийдлээр аваад хувийн эмнэлэг болгосон. Одоо хавдрын эмнэлгийн төсөв сараар өсөж байна. Хавар дөрөвдүгээр сард 90 сая ам.долларын өртөгтэй гэж байсан хавдрын эмнэлгийн барилга одоо 178 сая ам.доллар болж орж ирсэн байна. Бариулахгүй байх сонирхол байгаа юм уу. Эсвэл нэг мөсөн сайн чанарын юм хийе гээд байгаа юм уу. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өртөг ингэж өдрөөр өөрчлөгддөг болсон юм уу. Хавдрын эмнэлгийн газрын зураг гурван жилийн өмнө гарсан гэж байгаа. Одоо дахиад нэг сараар хойшилж байна. Ингэж төсөвт өртгөө өсгөдөг. Газар олголттой заалт оруулъя гэдгийг гишүүд дэмжээд өгөөрэй. 

Сангийн сайд Б.Жавхлан:  

-Хавдрын эмнэлгийн зураг төслийг 2021 онд Барилга, хот байгуулалтын сайдын багц дээрээс 960 төгрөгөөр гэрээ хийсэн ч одоог хүртэл дуусаагүй явж байгаа. Цаанаасаа нэмэлт санхүүжилт нэхээд байна гэж надад тайлагнасан. Одоогоор 476 сая төгрөгийн санхүүжилт олгосон. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: 

-Одоогийн хуульд хууль бусаар олгосон газарт барьсан барилгыг хуулгах эрх зүйн зохицуулалт байгаа. "Авлига хороолол" дээр яг энэ асуудал байна. Яг буулгах шийдвэр гаргахаар шүүх рүү өгчихдөг. Шүүх нь түдгэлзүүлдэг. Төсөвт өртөг нэмэгдсэн дээр COVID-19 цар тахалтай холбоотой асуудлууд бий. Төсвийг нь 2-3 жил дамнуулаад тавихаар өртөг өсөж байгаа.   

11 : 26
2023-11-2

"ТБОНӨБАҮХ авах тухай хууль дэндүү их сэглүүллээ"

 УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Төсөв хэлэлцэх далимаар хуулиудад өөрчлөлт хийдэг байдлыг хэзээ болих вэ. Дагалдах хууль тогтоол гээд хэд хэдэн асуудал байна. Эдийн засгийн байнгын хороон дээр орон сууцын ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Зээлийн санхүүжилтийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцна гэж санал оруулаад хасуулсан. УИХ, Засгийн газар Монголбанкны асуудлыг оруулж ирэхдээ өөрсдөөс нь санал авахгүй байгаа нь зарчмын хувьд том алдаа болж байгаа. Цаашлаад маш олон асуудлыг хөндсөн асуудлууд байна. Худалдан авах ажиллагааны хууль буюу ТБОНӨБАҮХ авах тухай хуульд нэг том заалт орж ирснийг уншиж танилцуулъя. "Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын Олон улсын гэрээ, эсвэл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорлигоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлж жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер, сонгон шалгаруулалт зарлаж болно" гэсэн энэ заалт ямар учиртайг Уул уурхайн сайдаас асуумаар байна. Ер нь ТБОНӨБАҮХ авах тухай хууль дэндүү их сэглүүллээ. "Эрдэнэс тавантолгой" компани дээр л гэхэд 17 их наяд төгрөгийн оффтейк гэрээг төрийн нууцад оруулаад хийчихсэн. Одоог хүртэл учир шалтгааныг нь хэн ч тогтоогоогүй байна. Дээр нь Засгийн газар 10 жил гэрээ хийх эрх олж авах гэж байна. Хэрэв алдаатай байвал, үүний хариуцлагыг хэн үүрэх вэ.  Нэг компанид давуу эрх олгох гээд байгаа юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Долдугаар сард УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоол дээр Биржийн тухай болон ТБОНӨБАҮХ авах тухай хуульд нэмэлт орохоос өөр аргагүй болж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Гашуунсухайт дээр 10-аад жил гацсан ажлыг хөдөлгөх юм. Цаад талаасаа Хятадын төрийн өмчит компани төмөр замаа тавьчихсан. Гэтэл бид юу ч хийгээгүй. Одоо манай зам наана нь оччихсон. Холболт хийх дутуу байгаа. Энэ бүтээн байгуулалттай холбоотой. Цаад тал үүргээ биелүүлэхийг шаарддаг. Бүтээн байгуулалт хийж байхад хугацаанд жил бүр 5 сая, тэрнээс цааш жил бүр 20 сая тонн нүүрс худалдан авах шаардлагатай тавьж байгаа. Үүнтэй холбоотой өөрчлөлт орж ирсэн. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-"10 жил хүртэлх хугацаатай гэрээг хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах этгээдтэй" гэсэн байна шүү дээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:  

-Төмөр замын холболтын асуудал л байгаа. Үүнийг сайжруулахын тулд энэ өөрчлөлт орж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Тэгвэл төмөр замын холболтын асуудлыг заавал энэ хуультай холбох ямар шаардлага байгаа юм. Хайгуул, олборлолтын асуудал стратегийн ордод зөвхөн Тавантолгойгоор хязгаарлагдахгүй. Бусад ордуудыг эзэмшигчдэд бас эрх нээж өгөх гээд байна. Тиймээс яг ямар асуудлыг шийдвэрлэх гэж энэ асуудлыг оруулж ирж байгаа вэ.

Сангийн сайд Б.Жавхлан:  

-"Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этггээд нь хил дамнасан бүтээн байгуулалтын ажилтай холбоотой УИХ-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагааны тасралгүй үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорлигоор хайгуул, олборлолтын ажлыг хамтад нь гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулахад тендер зарлаж болно" гэсэн нэмэлт оруулж байгаа.  

11 : 06
2023-11-2

"Жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оноос өгч эхэлнэ"

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Төсөв дагаж орж ирдэг АМНАТ-ийн асуудлыг яах вэ. Одоогийн тогтолцоогоор уул уурхайн түүхий боловсруулах үйлдвэр хөгжихгүй. АМНАТ-төй холбоотой ямар дүгнэлт байгаа вэ. Мөн НӨАТ систем гааль дээр яаж ажиллаж байгаа вэ. Монголд ирсэн жуулчин буцаад гарахдаа худалдан авалтынхаа буцаан олголтыг буцаан авах ёстой. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 

-Цаашид боловсруулах үйлдвэрүүдийн Б зөвшөөрөл олгож эхэлнэ. Энэ зөвшөөрлийн хүрээнд уурхайгүй, экспорт хийхийг зорьж байгаа төр дэмжинэ. Тэдгээр үйлдвэрийг хуулийн зохицуулалттай байлгахын тулд Б зөвшөөрлийг нэмж гаргаж байгаа. Гол нь боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилго агуулж байгаа. Биржээр зарагдсан бүтээгдэхүүн бол тухайн биржийн үнээр л АМНАТ тооцно. Цаашид бүх бүтээгдэхүүнээ биржээр зарна. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-АМНАТ гэхээр эрдэс баялгийн эцсийн бүтээгдэхүүн гэдэг ойлголт байдаг. Эцсийн бүтээгдэхүүн хүртэл шат шатанд нь АМНАТ-ийг цэвэрлэх байдлаар авдаг суурь зарчимтай. Энэ бол татвараас өөр зүйл шүү. Ашигтай, ашиггүй ажиллаж байгаа нь хамаагүй. Ард түмэнд төлөх ёстой гэдэг Үндсэн хуулийн суурь ойлголтоор төлж байгаа төлбөр юм. Тиймээс ойрын хугацаанд өөрчлөлт хийх бодлого байхгүй. Ирэх 2024 оны төсөв дээр ч өөрчлөлтгүй орж ирж байгаа. Жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оноос өгч эхэлж байгаа. 

10 : 58
2023-11-2

"Ипотек өгдөг төв банк гэж дэлхийд байхгүй"

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Төсөв тэлсэн ийм үед мөнгө хэвлэж, цалин тэтгэвэр нэмэхэд бодит орлого өсөхгүй. Эргээд эдийн засгаа чирнэ. Монгол Улс дөрвөн төсөвтэй байсныг давтаж болохгүй. Монголбанкаа нэг яам шиг болгосон. Засгийн газар яаралтай ипотекийн зээлийг авах хэрэгтэй. Сангийн яам авахгүй юм уу. Яг аль яам авна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанкин дээр дөрвөн жил цоожилсон. Дэлхийд ипотек өгдөг төв банк гэж байхгүй. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-НОСК шиг байгууллага байгуулж таарах байх. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хоёрын нэг нь оролцоотой хяналт тавьдаг байдлаар явна. 

10 : 30
2023-11-2

"И-Бизнес гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр өгч байна"

Асуудал нэмэх, дараалал өөрчлөх горимын санал гаргасан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Би гурван санал хэлье. Нэгдүгээрт НӨАТ-ын урамшуулал. 2014 оны есдүгээр сарын 4-ний өдөр НӨАТ-ын урамшууллын нэгжийн төслийн нэгжийг байгуулах тухай миний гарын үсэгтэй хоёр хувийг буцаан олгоё гэдэг системийг эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын дарга нь "Их зөв юм байна" гээд эхэлсэн юм. Одоо энийг таван хувь болгохыг дэмжмээр байна. Тэр үед далд эдийн засгийг ил болгож, бүгд НӨАТ төлдөг болъё гэсэн. Энэ бол зөв бодлого. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зарим зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор үг хэлье. Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой үг хэлэхгүй бол болохгүй байна. Ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлж, 69 дүгээр тогтоолыг баталсан. Гэтэл хэрэгжилт хангагдахгүй байна. Маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулж өгсөн. Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүссэн. Ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг хуулийн 1.5 заалтад тусгасан. Мөн 8.1 болон 8.2 заалтад хуульчилж нэрлээд хэн олгох вэ гэж заасан. И-Монголиа платформ дээр И-Бизнес гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмсэн байна. Мухлаг, 8 нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар гээд байж болох бүх зөвшөөрөл байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн. Нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ хуулиар өөрчилнө. Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэнд баахан зөвшөөрлийг шинээр өгч байна. Бидний баталсан хуулийг гууль болгож байна. Иргэдээс олон гомдол ирж байна. Өнөөдөр хариултаа авмаар байна. Дунд шатны авлигын асуудал замаа алдлаа. 

10 : 19
2023-11-2

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыгхэлэлцэх юм. Үүнд, 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхныхэлэлцүүлэг/

“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлт

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж