News.mn сайт өмнө нь та бүхэндээ орон сууц, түрээсийн байрны үнээр "Нэг өрөө байрны үнээр хажуу өрөө түрээслэх болжээ" сурвалжлагыг хүргэж байсан бол энэ удаад объект, талбайн худалдаа, түрээсээр сурвалжлага хүргэхээр бэлтгэлээ. Цар тахлын үед оффис, түрээсийн талбайн борлуулалт, хэрэгцээ огцом буурч, худалдаа эрхлэгчид, аж ахуй нэгжүүд цахимд шилжиж эхэлсэн. Улмаар ирээдүйд оффис, талбай түрээслэн хөрөнгө мөнгө гарздах хэрэгтэй эсэх талаар яриа өрнөв.
Гэтэл үгүй байжээ. Оффисын худалдах үнэ 2020 онд дөрвөн хувиар буурсан боловч 2021 онд 12 хувиар, 2022 оны хагас жилд 26 хувиар өсчээ. 2020 онд буурсны шалтгаан нь хөл хорио тогтоосон байсан тул оффисын хэрэгцээ буурсантай холбоотой байв. Улмаар эдийн засаг сэргэж, хүмүүс оффистоо ажилладаг болсноор үнэ дагаад өссөн болохыг "Тэнхлэг зууч" ХХК-ийн гаргасан судалгаа харууллаа.
2019 онд оффис худалдах дундаж үнэ нэг м.кв нь 3.79 сая төгрөг байсан бол 2022 оны гуравдугаар улиралд 5.15 сая төгрөг болж өсчээ.
2023 онд ч оффисын дундаж үнэ буурсангүй. Сүүлийн жишээ л гэхэд хотын төвд байрлалтай 82 м.кв талбайтай оффисын талбайг 492 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ нь нэг м.кв нь 6 сая төгрөг гэсэн үг аж. Мөн хотын хамгийн худалдан авах чадамж өндөртэй шинэ бүсчлэл гэх тодотголтой бүст оффисын талбайн нэг м.кв-ыг 9 сая төгрөг гэв.
Оффис худалдах үнийг дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн м.кв-ын үнэ дунджаас дээгүүр байгаа бол Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн үнэ дунджаас доогуур байгаа нь орон сууцны байршлын онцлогтой ойролцоо байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн судалгаагаар оффисын худалдах үнэ дунджаар 5.15 сая төгрөг байв. Үүнээс Сүхбаатар дүүрэгт оффисын үнэ хамгийн өндөр байсан бөгөөд дундаж нь 6.33 сая төгрөгт хүрчээ. Харин хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт буюу 3.93 сая төгрөг байсан аж.
2022 онд Засгийн газраас ипотек зээлийг 8-6 хувь болгон бууруулж, 10 их наядын цогц төлөвлөгөө батлагдаж, энэ хүрээнд барилгын салбарын ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрт ипотекийн зээлийг хоёр их наядын санхүүжилтээр олгох зорилтыг тавин ажилласан. Энэ зорилтын хүрээнд 2021 онд хоёр их наядын нэг их наядыг 13 мянган зээлдэгчдэд олгоод үлдсэн нэг их наядыг 2022 онд олгох байснаас 656 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 7166 зээлдэгчид олгосон бөгөөд үлдсэн 350 тэрбумыг 2023 оны зургадугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна. Гэвч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 15- 30 хувь өссөн үзүүлэлттэй байна гэж брокер У.Батцэрэн дүгнэв.
Урьд нь их дэлгүүрийн ойролцоо, үйлчилгээний талбай олно тун хэцүү байсан. Харин одоо хотын төвийн оффисын том м.кв талбайнуудыг түрээслэх түрээслэгчид олдохгүй байгаа гэнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 305 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага давхардсан тоогоор 8,983 хэлцлээр 1,971.5 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 1.7 их наяд төгрөгөөр худалдан борлуулах үйл ажиллагааг зуучлан 37 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэлцлийн тоо 1.4 дахин, борлуулалтын үнийн дүн 2 дахин, шимтгэлийн орлого 1.9 дахин өссөн байна. Мөн 3,530 хэлцлээр 465.9 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 102 тэрбум төгрөгөөр хөлслөх, хөлслүүлэх, түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг зуучлан 7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэлцлийн тоо 1.7 дахин, үнийн дүн 4.3 дахин, шимтгэлийн орлого 3.2 дахин өссөн үзүүлэлт юм.
Дээрх тайлан, судалгаа бодитой байдалтай хэр нийцтэй байгааг шалгахаар үл хөдлөх түрээслүүлнэ гэх зарын дагуу холбогдож үзлээ. Хотын төвд байрлалтай 443 м.кв талбайтай оффисын сарын түрээсийн үнэ м.кв нь 55 мянган төгрөг гэнэ. Харин тус байршлаас холгүйхэн орших 137 м.кв талбайтай оффис иж бүрэн тавилгын хамт сарын 14 сая төгрөг гэв. Оффис бус үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой талбайн үнэ хамаагүй бага. Дэлгүүр, үсчин гоо сайхан, ресторан, эмнэлэг, шүдний эмнэлэг, оффис бүх төрлийн үйлчилгээгээр ашиглах боломжтой 180 м.кв талбайн сарын түрээс 6.5 сая төгрөг. Ерөнхийдөө хотын төвөөр үйлчилгээ, худалдааны талбай, оффис түрүүслүүлнэ гэх зар түгээмэл байна.
Хотын төв, байршил сайтай оффис, худалдааны талбайн түрээс м.кв нь 55-60 мянган төгрөгийн хооронд байна.
Барилгын материалын үнэ нэмэгдэх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ч энэ хэрээр өссөөр байна. Бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортоор хангадаг Монгол Улсын зах зээлд эдгээр үнийн өсөлт шууд нөлөөлж байгаа юм. Эсрэгээрээ АНУ-ын хуучин байрны борлуулалт он гарснаас хойш 35.4 хувь буурсан нь 2010 оноос хойшхи хамгийн том уналт бол БНХАУ-ын 70 том хотын шинээр орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар унажээ. Дэлхий дахинд эдийн засаг саарч байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд үл хөдлөхийн үнэлгээ, үнэ цэн унаж байхад Монголд эсрэгээрээ барилгын материал, тээвэр ложистик, геополитикийн асуудлын улмаас өсч байх аж.
Холбоотой мэдээ