Монгол Улсын 330 сумын ердөө 40 орчим хувь нь шүдний кабинеттай. Үлдсэн сумдын иргэд аймаг эсвэл нийслэлийг зорин ирж, шүдээ эмчлүүлдэг гэх статистик байдаг. Зарим сумдад шүдний бүү хэл сайн хүний их эмч байхгүй байгааг иргэд учирлах нь бий. Хөдөө суманд шүдний эмч байхгүйн улмаас иргэд өөрсдөө дур мэдэн эм хэрэглэж хүндрүүлэх тохиолдол ихтэй.
Хэдэн мянган хүн амтай сум дундын эмнэлэгт ганц, хоёрхон шүдний эмч ажиллана. Тэдэнд үзүүлж, эмчилгээ хийлгэх хүний дараалал нь дийлдэхгүй.
Монголчууд шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог гэж эмч нар анхааруулдаг. Гэвч бодит байдал дээр орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал орхигдоод олон жил болж байна. Орон нутагт хорт хавдар өвчний оношоо сонссон хэдий ч хотод эмчилгээ хийлгэх замын зардал чирэгдлээс болоод эмчилгээнд хамрагдаж чаддаггүй олон хүн байдаг талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин ярьж байсан юм. Үүнтэй адил шалтгаанаар шүдээ эмчлүүлж чадахгүй томчуудаас гадна хүүхэд багачууд олон байна.
Ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Сумдад соёлын төв барихаас илүү хавдрын эмнэлэг барья” гэдэг санаачлагыг гаргаж, төсөвт тусгахаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүний энэ санаачлагыг олон хүн дэмжиж байна.
Энэ оны төсөвт 38 соёлын төв барих санхүүжилтыг тусгаж байсан бол ирэх 2024 оны төсөвт 51 болж тоо, төсөв нь тэлсэн. Зарим нэг нь энэ төсвийг Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгч Соёлын яаманд Урлаг, уран бүтээлийн газрын даргаар ажилладагтай холбон тайлбарлах нь ч бий. Гэтэл сумдад шүдний төв, эмнэлэг барьж байгуулах төсвийг огт тусгадаггүй.
Соёлын салбарт 2024 онд 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснөөс урсгал зардалд 247 тэрбум, хөрөнгийн зардалд 154 тэрбумыг төсөвлөжээ. Үүнээс 132.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 51 соёлын төв барьж, музей, театрын барилгыг засварлахаар төсөвт тусгасан нь олны шүүмжлэлийг дагуулж буй. Иргэдийн зүгээс 154 тэрбум төгрөгөөр орон нутагт нэн шаардлагатай жорлон, шүд болон хавдрын эмнэлэг, сургууль цэцэрлэг барих саналыг хэлж байгаа юм.
Олон нийтийн сүлжээ хөгжсөн энэ үед ард олныг соён гэгээрүүлэх контентод илүү мөнгө зарцуулах хэрэгтэй гэдэг үгийг урлагийнхан салбарын сайддаа дайж байна.
УИХ-ын гишүүд Ц.Анандбазар “Орчин цагт соёлын хувьсгал хийж байгаа юм шиг л зүйл болох нь. Ирэх жилийн төсөв шинээр ажлын байр гаргахгүй, амьдрал өөд татахгүй үр дүн муу төсөв боллоо” гэдэг байр суурийг илэрхийлээд амжсан.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2020 онд “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийн тул сумдын хүүхэд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.
Мөн энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын түвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй” гэдгийг хэлж байв.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан 2018 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж “330 сум -330 шүдний кабинет” бий болгохоор зорьсон. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үзүүлсэн. Улмаар шүд цоорлын эмчилгээг 128,651, сувгийн эмчилгээг 27,04, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд үзүүлсэн байдаг. Монголчуудын буруу дадал зуршлаас үүдэн шүдний өвчлөл хүн амын дунд өндөр хувьтай байгааг дээрх тоо харуулж байгаа юм. Энэ мэт иргэдийнхээ эрүүл мэнд, амьдралд нэмэртэй улсын төсөв батлахыг иргэдийн зүгээс шаардаж байна.
Холбоотой мэдээ