Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудал олон нийтийн, тэр тусмаа бизнесийн салбарынхан дунд анхаарал татаж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тал дээр танхимын ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ. Ер нь НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ард иргэд, ажил олгогчдод бодит дэмжлэг болж чадах уу?
-МХАҮТ-ын байр суурь бол бизнес эрхлэгчид жигд татвар төлдөг байх ёстой. Түүнээс зарим хэсэг нь НӨАТ төлөөд, зарим нь төлөхгүй байдал ажиллагддаг. Уг нь НӨАТ-ын татвар бол эцсийн хэрэглэгчээс авч буй татвар. Аж ахуй нэгж биш эцсийн хэрэглэгч төлдөг. Аж ахуй нэгжүүдийн хувьд хэрвээ авч буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, үзүүлж буй компанид НӨАТ төлдөггүй бол тэр хэмжээгээр буцаагаад бизнесийн зардал нэмэгддэг. Тэр утгаараа жигд төлдөг байгаасай. Ямар нэгэн байдлаар зарим хэсэг нь төлдөггүй давуу эрх эдлэх ёсгүй гэж бодож байна.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх эсэх асуудлыг төрийн байгууллагууд, төсвийн нарийн тоогоо мэддэг хүмүүс судалгаатай шийдсэн дээр биз дээ.
Далд эдийн засгийг ил болгох, НӨАТ-ыг жигд төлөх зөндөө олон арга хэрэгсэл байгаа. Бид хэдээс илүү яг тоо харж байгаа Сангийн яам, УИХ зөвшилцөөд “Энэ шийдэл нь хамгийн зөв” гэвэл бидний хувьд дэмжихэд бэлэн байгаа. Бидний баримтлаж байгаа байр сууриа дахиад хэлэхэд бизнес эрхлэгчид том жижиг гэлтгүй жигд төлдөг байх нь зөв.
-Хувийн хэвшлийнхний зүгээс НӨАТ-ын буцаан олголт төдийлөн дэмжлэг болж чадахгүй. Харин Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ дарамтыг багасгах ёстой гэж байр сууриа илэрхийлж байна. НДШ бизнес эрхлэгчдэд хэр дарамт болж байна гэж та үздэг вэ?
-Монголын бизнесүүд нийтээрээ ашиг орлогодоо хүрэх, бизнесийн ашигт ажиллагааны хангалттай түвшинд хүрээгүй, үйл ажиллагаа нь тогтвортой биш улирлын шинжтэй байдаг. Энэ нь НДШ төлөхөд хүндрэлтэй байдгаас гадна шууд татвар биш зүйлүүд компанийн зардал шиг тусаад байгаа. Мэдээж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэрэгцээ шаардлага ажилтан, ажил олгогч хэн хэнд нь бий. Нөгөө талаасаа, нийгмийн даатгал төлөөд авч буй үйлчилгээ ямар байна вэ гэдэг бас нэг чухал асуулт юм. Жишээ нь НӨАТ дээр ч Нийгмийн даатгал дээр татварын ойлголтууд яг нэг хэюийн байна.
Товчхондоо, бидний төлсөн татварыг бодлого боловсруулагчид зөв зохистой зарцуулж байна уу, буцаад татвар төлөгчид хүндрэл, авлигагүйгээр үйлчилгээ авч чадаж байна уу гэдэг л гол асуудал юм. Нийгмийн даатгалын зарим нэг харилцаанд мөнгөө авахад маш төвөгтэй байдаг.
Эрүүл мэндийн даатгал дээр ч гэсэн иргэд хангалттай үйлчилгээ авч чадахгүй байна. Өнөөдрийн хувьд хэн өндөр цалин авна тэр хэрээр татвар төлдөг. Харамсалтай нь, төлсөн татварынхаа хэрээр эрүүл мэндийн, боловсролын, нийгмийн үйлчилгээ авч чадахгүй байгаа учраас иргэд татвар төлөх дургүй байна. НДШ-ийг бууруулах чиглэлээр МХАҮТ ямар нэгэн судалгаа хийгээгүй байгаа. Төсвийн татварын орлогын 4/1 нь НДШ байгаа. Татварын дарамтыг яаж багасгах вэ гэдгийг тооцоо, судалгаатай авч үзэх нь зөв болов уу.
"СОНГУУЛИЙН ӨМНӨ ТӨСӨВ НЭМЭГДДЭГ НЬ ТОГТСОН ОЙЛГОЛТ"
-Эрх баригчид төр-хувийн түншлэлийг хөгжүүлнэ гэж нэг амаараа хэлдэг. Нөгөө амаараа хувийн хэвшлийн хөрөнгийг булааж,дээрэмдэх шийдвэр гаргадаг. Хувийн хэвшлийнхэн үгээ хэлэхээс айдаг болсон. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?
-Хувийн хэвшлээ дэмжих хуулиуд батлагдаад байгаа. Жишээ нь, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэж баталсан. Ер нь аль болохоор төрөөс хамаардаг зөвшөөрөл лиценз, ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг саатуулдаг, гацаадаг байдлыг багасгах хуулиуд батлагдагдаж байна. Эндээс харахад төр хувийн хэвшлээ дэмжих бодлого гаргахыг илүү хичээж байгаа нь харагдаж байх. Гэхдээ гол зүйл нь бид хүлээлтдээ менеж хийх ёстой санагдсан. Яагаад гэхээр “дээр” сайд, улстөрчид нь бодлогын шийдвэр гаргалаа гэхэд институци нь үүнийг нь бодлого болгож хэрэгжүүлж ёстой юм.
Үүнд хугацаа орохоос гадна зарим нэг төрийн албаны зөвлөлийн дүрэм журам хуулийг өөрчлөхгүй бол өөрчлөлт гарахгүй ч байх мэднэ. Учир нь, зарим нэг дунд, доод шатанд шийдвэр гаргадаггүй, шийдвэр гаргахаас айдаг, эсвэл өөр байдлаар хувийн ашиг сонжоо үүсгэх, хүнд суртал гаргах нь дээрээсээ илүү байдаг.
Үүнийг зүйрлэж хэлэхэд, толгой ажиллаад, гар хөл хөдлөхгүйтэй адилхан шүү дээ. Энэ мэтчилэн асуудал байгаа учраас аль болохоор төрд "юм" шийдүүлнэ гэж очдог асуудлаа багасгах ёстой. Төрөөс шийдүүлэх зүйлсээ илүү нээлттэй болгоод, шийдүүлэх зүйлсээ багасгаад зайлшгүй шаардлагатайг нь хувийн хэвшил нь төлөөллийн байгууллагаар хамтарч хийдэг байвал илүү маневртай санагддаг.
-Та МХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж байр суурийг сонссон байх. Тэд юу хүсч, юунд бухимдаж байна?
-Ихэнх аж ахуй нэгжүүдэд санхүүжилт их өндөр зардалтай тусч байгаа. Ер нь бизнес хийгээд л байдаг зээлийн хүү төлсөөр байгаад таарлаа гэдэг. Санхүүжилтийн олдоц болон эх үүсвэрийн зардал өндөр байгаа нь бизнесүүдийн ашигт ажиллагаа, тогтвортой байдалд нөлөөлж байна. Хоёрдугаарт, дэд бүтцийн зардлууд байна. Манай дэд бүтцийн хүчин чадал нь хязгаарлагдмал. Тэлье гэхээр дэд бүтэц дээрээ очоод тулдаг. Тэр асуудлыг шийдье гэхээр хөрөнгө оруулалтын юм уу, эдийн засгийн өгөөж нь удааширдаг асуудлууд байгаа. Гуравдугаарт, хүний нөөцтэй холбоотой тогтвор суурьшилтай ажиллах хүчин ховордож байна. Өөр нэг зүйл нь инфляци чимээгүй татвар маягтай байгааг шүүмжилдэг.
Инфляци өндөр байхаар тэр нь буцаад бизнест зардал болоод байгааг хэлж байна лээ.
-Ирэх 2024 оны төсвийн төсөлтэй та танилцав уу. Эдийн засагчдын зүгээс бизнес эрхлэгчдэд халгаатай төсөв оруулж ирснийг шүүмжлэх болсон. Ер нь инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэдэгт хэр итгэл үнэмшилтэй байна вэ. Бизнес эрхлэгчид яагаад өөрсдөө үүнийгээ хэлэхгүй байна вэ?
-Өнгөрснөө дүгнэж харахад жилээс жилд бусад жилтэй харьцуулахад сонгуулийн өмнө төсөв нэмэгддэг. Энэ бол тогтсон ойлголт болчихсон. Аж ахуй нэгжүүд түүнд нь тааруулаад хүлээлтээ буулгадаг. Төртэй шууд ажил үйлчилгээ явуулдаггүй л бол хөрөнгө оруулалт болон ирэх хүлээлтүүдийг өмнөх жилүүдтэй харьцуулахад сонгуулийн циклийг дагаад хүлээлтээ буулгадаг дүр зураг харагдаж байна лээ.
Инфляцийг нэг оронтой тоонд барих эсэх нь төсвийн зарлагын бүтцээс болох байх.
Би түрүүн хэлсэнчлэн дэд бүтцийн зардлууд өндөр байна. Тэрэнтэй холбоотой хөрөнгө оруулалтыг Засгаас хийвэл бизнесийн хувьд дэмтэй байна гэсэн. Яах вэ, тэр чиглэлийн хөрөнгө оруулалт байвал шууд буцаад инфляцид нөлөөлөхгүй бол гайгүй байж магадгүй. Ер нь төсөв тэлж байгаа юм чинь тодорхой хэмжээнд инфляцийн асуудал яригдах байх. Нөгөө талаас инфляци гэхээр Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого барина гэдэг. Тэгэхээр зээлийн олдоц хэцүүдэх дүр зурагтай байна. Тиймээс ирэх жил инфляци буурахгүй байх магадлалтай харагдаад байгаа.
Холбоотой мэдээ