Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр, хотын дарга асан Ц.Батбаярыг нарыг АТГ-аас хойшлуулалгүй баривчилсны учир тайлагдаж эхэллээ.
Тэд “Сити баз консалтинг” компаниар дамжуулан хотод онц их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогоор АТГ-аас хохирлын хэмжээг зарлаагүй ч нийслэлийн нийтийн тээвэрт эргэлддэг мөнгөний хэмжээнд яригдаж буй аж.
Тоон мэдээллээс харахад, Ц.Батбаяр “Сити баз консалтинг” компаниа байгуулсан 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан. Тэгвэл 2021 онд 124 тэрбум төгрөг болж, бараг гурав дахин өссөн дүн байдаг. Улмаар 2022 онд нийслэл нийтийн тээврийн татааст 200 орчим тэрбум төгрөг олгож байжээ. Энэ мөнгө автобусны үйлчилгээ эрхэлж байгаа 18 компанид ногдох ёстой. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн компаниудын санхүүд хөндлөнгийн хяналт тавих эрхийг хууль бусаар олж авсан “Сити баз консалтинг” компаниар энэ мөнгө дамжсан гэсэн үг.
Ц.БАТБАЯР, Ч.САЙХАНБАЯР НАРЫН ХАМТ Б.ОТГОНСҮХ ШАЛГАГДАНА
Мэдээж, Ц.Батбаяр “Сити баз консалтинг” компанийг шууд эзэмшдэггүй. Түүний мэдлийн “Улаанбаатар капитал санхүүгийн групп” толгой компани нь бөгөөд Ц.Батбаярын охин Б.Сэлэнгэ тус хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь юм. Компанийн түүхийг хөөгөөд үзвэл, МАН нийслэлд эрх барих болсны дараа буюу 2017 онд байгуулагджээ. Байгуулагдсан даруйдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хөндлөнгөөс хяналт тавих гэрээг Нийтийн тээврийн газартай байгуулсан.
Уг хэргийг хуулийн хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон. Гэвч 2021 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Д.Мөнхөө тэдний хэргийг прокурорт буцаасан байдаг.
Анхан шатны шүүхээс 2019 онд Нийтийн тээврийн газар, “Сити баз консалтинг” компани хооронд байгууслан гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэн, “Сити баз консалтинг” компанийн захирлууд болох Н.Отгонбаяр, Г.Зуундарь нарт ял оноож байсан юм. Тухайн үед хотын даргын орлогч, нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нар хэрэгт оролцсон гэдгийн гэрч бий.
Ц.БАТБАЯР НАРЫН ХЭРГИЙГ АНХ ИЛЧИЛСЭН ГЭРЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛАВ
“Сити баз консалтинг” компанийн хэргийг анх илчилсэн Ц.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2017 оны наймдугаар сард Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөр төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий шалгагч нарыг ажиллаж байгаа компаниудаас нь шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/591 захирамж гарсан. Уг захирамжид тусгасан ажил үүргийг гүйцэтгэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудын дагуу явуулж, сонгон шалгаруулахгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай гэрээг шууд байгуулсан. Уг гэрээг шууд байгуулах нь хуульд нийцээгүй, шударга бус үйл ажиллагаа гэж би удаа дараа хэлж байсан ч хүлээж авалгүй, дарга Д.О нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.О-той нийлж шууд гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажлаа өг гэж дарамталсан.
Дээрх гэрээг хууль бусаар байгуулсантай холбоотой гомдол АТГ-т очиж үүний дагуу 2017 оны аравдугаар сард АТГ-аас намайг дуудан дээрх гэрээг хууль бусаар байгуулсан, хууль бус гэрээ байгуулахад хамтарсан гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн.
Миний бие АТГ-т мэдүүлэг өгөхдөө хууль дээдэлж зөвхөн үнэнийг мэдүүлсэн. Гэтэл үүнээс улбаалан дарга Д.О нь надтай шалтгаангүйгээр муудаж, чи Авилгатай тэмцэх газарт очиж үнэнийг хэллээ, намайг илчиллээ гэж зүй бус зан гарган, элдвээр хараан чамайг хална, ажлаасаа гар, тушаалыг чинь гаргана гэх зэргээр дарамталж эхэлсэн. Надад хариуцлага тооцох, халах гэж удаа дараа оролдоод зогсохгүй нийт албан хаагчдын дунд ёс бус үг хэллэгээр олон удаа дайрч доромжлон ажлаа өгөхийг хагас жил шаардсан. Эцэст нь өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажил үүрэгтэй ямарч хамааралгүй зүйлээр үндэслэн ажлаас халсан” гэсэн нь шүүхийн тэмдэглэлд байна.
Ц.БАТБАЯРЫН ХАМ ХЭРЭГТЭН, ХААЦАЙЛАГЧ Д.ОТГОНБААТАР, Ч.САЙХАНБАЯР НАР
Тэгвэл нийслэлээс өнгөрсөн 2022 онд “Сити баз консалтинг” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар тус компани нийслэлийн нийтийн тээврийн санхүүг удирдах болсон цагаас эхлэн хот их хэмжээний алдагдал хүлээсэн гэж дүгнэсэн.
Тухайлбал, 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурсан.
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус компанитай байгуулсан гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил ирэх тусам буурчээ. “Сити баз консалтинг” компани өнгөрсөн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй. Хотын нийтийн тээврийн орлого 50 хувиар буурсан байна. Нөгөө талдаа нийслэлийн төсвөөс тээврийн компаниудад олгодог татаас жил бүр өссөнийг дээр дурдсан. Татаасаас гадна зөвхөн “Сити баз консалтинг” компанид гэрээ байгуулсан цагаас хойш нийслэлийн төсвөөс жил бүр 3-4 тэрбум төгрөг олгосон байдаг. Гэвч тус компани нийтийн тээврийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна.
Хамгийн сонирхолтой нь, энэ хугацаанд нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам “хангалттай, бүрэн хангалттай” хэмээн дүгнэж ирсэн байгаа юм.
Уг дүгнэлтийг Нийтийн тээврийн газрыг 2016-2022 онд удирдаж байсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр нар үйлдэж ирсэн. Тэд мөн “Ногоон” автобусны хэрэгтэй холбоотой бөгөөд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн ивээн тэтгэлгээр уг албан тушаалд хүрч байсныг бид өмнө нь мэдээлсэн.
ЗАСРААГҮЙ Ц.БАТБАЯР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИАС ТЕНДЕР АВДАГ
Хотын дарга асан Ц.Батбаярыг нийслэлийн Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэж, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлснийг хууль хяналтын байгууллага тогтоож, 2014 онд шүүхээс түүнийг 2.1 жилийн хорих ялаар шийтгэж байсан юм.
Тухайн үед түүний үйлдсэн хэрэгт 10 жилийн хорих ялыг чангатай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хуулийн санкцтай байсан ч шүүхээс түүнд 2.1 жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл авлига, ашиг сонирхлын хэргээр хөнгөхөн ял эдлээд, суллагдсан Ц.Батбаяр “Сити баз консалтинг” компанийг байгуулан нийслэлийг хохироогоод зогссонгүй. Түүний “Сити баз консалтинг” компани 2022 онд Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдаж байхад 828.9 сая төгрөгийн тендер авч байжээ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан “Автобус тээвэр” нийлүүлэх тендер, ямар ч өрсөлдөгчгүй оролцсон. Ганцаараа тендерт орсон учраас ялалт байгуулсан нь тодорхой.
Холбоотой мэдээ