Израиль, Хамасын мөргөлдөөн бүс нутгийн бусад улсад халиж, тэлэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа буй. Ливан, Сири, Египет зэрэг хөрш орон, Иран, Катар гэх мэт бүс нутгийн тоглогчид одоогоор дотоодын болон олон улсын шахалт дор хариу арга хэмжээ авч байна. Тэгвэл мөргөлдөөнд татагдан орох магадлалтай, аль эсвэл хямралыг шийдвэрлэхэд дипломат үүрэг гүйцэтгэх боломжтой дөрвөн улсыг доор нэрлэв.
ЕГИПЕТ: ОРОЛЦОХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ НЬ ХЯЗГААРЛАГДМАЛ
Арабын хаврын бослогын дараа буюу 2013 онд Египетэд ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сисигийн дэглэм тогтсон. Ардчилсан замаар сонгогдсон “Исламын ахан дүүс” тэргүүтэй засгийн газрыг түлхэн унагаснаар Эль-Сиси засгийн эрхэнд гарсан нь энэ юм. Тус хөдөлгөөн нь нь Египетийн улс төрийн сөрөг хүчний гол тулах цэг байсаар ирсэн бөгөөд үзэл суртлын хувьд Хамастай нэг.
Эль-Сисигийн засгийн газар Газын зурвас дахь Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим жагсаалыг зөвшөөрсөн ч эдгээрт хатуу хяналт тавиж байна. Хамгийн анхаарал татахуйц нь Арабын хаврын эсэргүүцлийн гол төв болсон Тахрир талбайд жагсагчдыг оруулахыг зөвшөөрөөгүй явдал юм.
Эль-Сиси дайнд шууд оролцохоос илүү дотоодын тогтвортой байдлыг эрхэмлэхийг хичээж байна.
Египет улсын тухайд Газын зурвастай хиллэдэг өмнөд хилийн боомтоо нээхээс татгалзсан. Тус улсын арми 10 жилийн турш Синайн цөлд исламын босогчидтой тулалдаж байна. Тиймээс Газаас дүрвэгсдийг хүлээж авбал хурцадмал байдалд улам нэрмээс болж, дэглэмийн эсрэг үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
ЛИВАН: ХЕЗБОЛЛА БҮЛГИЙН ШИЙДВЭРЭЭС ХАМААРАЛТАЙ
Ливаны хувьд Израильтай дайтах нь хүсээд байх зүйл биш. Ливаны улс төрийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ороо бусгаа байна. Олон нийт элитүүдэд дургүйлхэх хандлагатай байдгаас гадна эдийн засгийн хямрал удаан үргэлжилж байна.
Гэтэл Ливаны Хезболла бүлэглэл аль хэдийнэ хилийн цаана Израилийн цэргүүдтэй мөргөлдөж эхэлсэн. Израиль болон Хамасын мөргөлдөөн даамжирсаар байвал Хезболла хойд зүгээс тулаанд орж магадгүй юм. Энэ нь 2006 оноос хойш тогтвортой байсан энх тайвныг эвдэж, сөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй.
Хезболла нь Ливаны засгийн газар ивээлд багтдаг, хамгийн хүчирхэг, хамгийн сайн зохион байгуулалттай зэвсэгт хүчин юм. Тиймээс тус улсын бусад бүлэглэл Хезболлагийн аливаа үйл ажиллагааг хязгаарлах боломжоор хязгаарлагдмал. Хезболла нь Иранаас санхүүжилт, цэргийн техник хэрэгсэл, сургалт авдаг тул Тегераны бүс нутаг дахь амбицаа хэрэгжүүлэх хамгийн хүчтэй төлөөлөгчдийн нэгд тооцогддог. Тиймээс Хезболлагаас Израильд довтлох аливаа шийдвэрийг Иран гаргах магадлалтай.
СИРИ: ИРАНД УЛС ТӨРИЙН ӨРТЭЙ
Сирид 2011 онд дэгдсэн улс төрийн эсэргүүцлийн жагсаал ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэм болон босогчдын бүлгүүдийн хооронд иргэний дайн үүсгэсэн. Ассад эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Иран, Оросын цэргийн дэмжлэгт найдаж байв.
Башар аль-Асадын хувьд Израилийг цэргийн хүчээр байлдан дагуулж, өөрийн бий болгосон улс төрийн хяналтаа тогтворгүйтүүлэх ямар ч сонирхолгүй байна.
Гэсэн хэдий ч Израиль Газын зурвас руу хуурай замын ажиллагаа явуулбал Асад Иранд өр төлөх шаардлагатай болж магадгүй юм.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Газын зурваст халдсанаас хойш Сирийн төрийн хэвлэлүүдээр “Израилийн хүчин Дамаск, Алеппо хотын нисэх буудлуудад пуужингийн цохилт өгч, хохирол учруулснаар нисэх буудлуудыг хаасан” гэж мэдээлж байв. Мөн Мөн өнгөрсөн долоо хоногт Сирийн найман цэрэг агаарын цохилтод өртөн амиа алдсан гэж мэдээлжээ. Энэ тухай Израилийн тал мэдэгдэхдээ Сириэс пуужин харвасны хариу үйлдэл гэсэн байна.
Израилийн эдгээр цохилтын зорилго нь цэргийн сөргөлдөөнийг өдөөх бус харин таслан зогсоох явдал байв.
Тодруулбал, Израилийн хүчин Сирийн нутаг дэвсгэрийн гүн дэх чухал объектуудад цохилт өгөх чадвартай, үүнийг хийхэд бэлэн гэдгээ Асадад сануулсан гэж үзэж байна. Энэ үйлдэл нь хослуулан Сири, Израилийн хооронд хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй юм.
Сирийн үйлдлийг хязгаарлах чадвартай холбоотнуудын нэг бол ОХУ. Сири дэх ОХУ-ын цэргийн оролцоо санаснаас ч их юм. Тэгвэл ОХУ нь Сирийг Израильтай мөргөлдүүлэх сонирхолгүй байна. Яагаад гэвэл энэ нь Оросын асар их хичээл зүтгэл гаргаж байж тогтоосон улс төрийн тогтвортой байдлыг сүйтгэх эрсдэлтэй.
КАТАР: ДИПЛОМАТ ЗУУЧЛАГЧИЙН БАЙР СУУРИНААС АСУУДАЛД ХАНДАХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ
Эдгээр улсын дотроос магадгүй хамгийн сонирхолтой нь Катар болж байна. Тус улс олон жилийн турш бүс нутгийн улс төр, дипломат харилцаанд зарим талаараа өдөөн хатгасан гэмээр томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Катар нь “Исламын ахан дүүс” болон бусад салбар байгууллагатай эртнээс дотно харилцаатай байжээ. Мөн Хамасын санхүүгийн гол ивээн тэтгэгчдийн нэг юм.
Катар, Хамасын харилцаа Иран, Хамасынхаас ч илүү нягт гэхэд болно. Тухайлбал, Газын зурваст барьцаалагдсан дөрвөн хүнийг суллах хэлэлцээг Хамастай хийхэд Катар голлох үүрэг гүйцэтгэсэн.
Бүс нутгийн дөрвөн улс 2017 онд Катараас харилцаагаа тасалснаар нөлөөгөө тодорхой хэмжээнд алдсан. Гэхдээ өдгөө алдсан нэр хүндээ эргүүлэн олж авахаар эрмэлзэж байна. Тэгэхээр мөргөлдөөний дипломат зуучлагчийн байр сууринаас өөрийгөө илэрхийлж, Хамасын санхүүжүүлэгч гэдэг өнцөгөөр харагдахаас зайлсхийх нь Катарын ашиг сонирхолд нийцнэ.
Эх сурвалж: THE CONVERSATION
Холбоотой мэдээ