Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны тавдугаар сарын 4-нд УИХ-аар баталсан. Бид стандартуудаа цэгцэлж дууслаа. Мэргэжлийн холбоог байгуулах үүрэг даалгаврын хүрээнд амжилттай биелж, хоёр удаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Сая 2023 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг байгуулсан. Томоохон урсгал бий болгохоор ажиллаж байна.
Мөн "Их цайны зам" буюу Хятад, Орос, Монголын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд амжилттай хэлэлцээрийн түвшинд дууслаа. Энэ арваннэгдүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах инфлүүзерүүдийн баг ирэхээр бэлтгэлээ хангаж байна. Ирэх 2023-2024 онд зургаан баг авч ирэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Монголын талаарх мэдээлэл 500 орчим сая хүнд хүрч, 2019 оны түүхэн амжилтыг жуулчдын тоогоороо давсан. Одоогийн байдлаар 111 жуулчны баазын 7639 орны тоотой байна.
Энэ хүчин чадлыг нэмэхээр шинэчлэл хийж, 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн.
Маркетингийн томоохон үйл ажиллагааг явуулахаар Боршоо, Ханх, Цагааннуурын боомтын ажиллах цагийг уртасгаж байна. Энэ жил Байгаль орчин аялал жуулчлалын хөтөлбөрт 4.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Инфлүүзерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллаж байна. Инфлүүзерүүдийн хийж байгаа контент, үзэлтийн тоо, хүргэлтийн хэмжээгээр гэрээ байгуулж ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум орчим төгрөгийг зарцуулсан. Монголд энэ жил 600 орчим мянган жуулчин ирсэн. Эргээд Монголын эдийн засагт нэг жуулчин 2000-2048 ам.доллар буюу 3.4 их наяд төгрөгийн орлого оруулсан" гэдэг мэдээлэл өглөө.
Холбоотой мэдээ