Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан хоёр дахь хүн нас барсныг эмч нар Мягмар гаригт мэдэгдлээ. 58 настай Лауренс Фаусетт өндөр эрсдэлтэй мэс засалд ороод зургаан долоо хоногийн дараа нас баржээ. Тэрбээр зүрхний дутагдалд ороод, уламжлалт мэс засал хийлгэх боломжгүй байсан тул есдүгээр сарын 20-ны өдөр мэс засалд орсон.
Мэрилэндийн Анагаах ухааны их сургуулиас мэдэгдсэнээр шилжүүлэн суулгасан зүрх эхний нэг сар эрүүл, хэвийн байжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд үйл ажиллагаа нь доголдсоор өвчтөн Даваа гаригт нас барсан байна.
Фаусеттын эхнэр Энн хэлэхдээ "Нөхөр маань бидэнтэй байх цаг хугацаа нь богино гэдгийг, энэ нь түүний сүүлчийн боломж гэдгийг мэдэж байсан. Ийм удаан амьдрана гэж тэр төсөөлөө ч үгүй байсан" гэжээ.
Мэрилэндийн багийнхан өнгөрсөн жил гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах анхны хагалгаагаа хийсэн. Өвчтөн Дэвид Беннет хоёр сар амьдраад нас баржээ. Шилжүүлэн суулгасан зүрхнээс гахайн вирус илэрсэн бөгөөд энэ нь дараагийн оролдлогыг илүү няхуур хийхэд хүргэж байв.
Амьтны эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах оролдлого төдийлөн амжилт олж байгаагүй. Яагаад гэвэл хүний дархлааны тогтолцоо гадны эсийг тэр дор нь устгадаг ажээ. Эрдэмтэд өдгөө генийн өөрчлөлттэй гахайн эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжийн талаар судалж байна. Өдгөө АНУ-ын хэмжээнд 100 мянга гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад байна. Эдгээрийн ихэнх нь бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай ажээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ