Ирэх оны улсын төсөвт үр ашиггүй зардал их байгаа төдийгүй улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоо, ач холбогдол бага байгааг эдийн засагчид, судлаачид онцолж байгаа. Тухайлбал, үнийн өсөлт, ажилгүйдэлд шууд чиглэсэн төсөл хөтөлбөр 2024 оны төсөвт тусаагүй байна. Энэ талаар судлаачийн байр суурийг тодрууллаа.
ШУТИС-ийн багш, доктор Д.БАЯРМАА:
-2024 онд улсын төсвийн санхүүжилтээр санхүүжих нийт 1050 төсөл арга хэмжээ байгаа. Үүнээс 4,3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр хэрэгжих 498 төсөл арга хэмжээ бий. Шинээр хэрэгжих төслүүдийг төсвийн ерөнхий зарцуулагчаар нь авч үзвэл 30 орчим хувь нь Зам тээврийн сайдын багцад багтаж байна. Эдгээрээс хамгийн их төсвийг шаардаж байгаа ажлууд нь авто зам. Тус ажлуудыг 2024 оны улсын хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлсэн гэж байгаа боловч төдийлөн сайн уялдаагүй нь ажиглагдсан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сант Марал төвөөс иргэдийн дунд "Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ" гэх санал асуулгыг явуулсан. Үүгээр иргэд үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн.
Эдгээр тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээ ирэх оны төсөвт төдийлөн тусаагүй. Өөр нэг анхаарах асуудал нь шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн эхний санхүүжилт нь хуулийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй. Шаардагдах төвшнөөс бага хэмжээтэйгээр төлөвлөгдсөн төсөл олон байсан. Ингэснээр тус арга хэмжээнүүд цаашид заасан хугацаандаа хэрэгжиж чадахгүй байх, ирэх жилийн төсөвт ачаалал үүсгэх, төсөвт тодотгол хийх зэрэг сөрөг нөлөөг үүсгэх эрсдэлтэй.
Мөн ижил зориулалттай хэрнээ төсөвт өртөг ялгаатай төсөл, арга хэмжээнүүд их байна. Жишээлбэл, 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилга аймгуудад төлөвлөгдсөн байдлыг харвал орон нутаг бүрд өөр, өөр гэхчлэн.
Шинээр хэрэгжих барилга байгууламжуудыг төрлөөр нь авч үзвэл:
- 1,3 их наядын төсөвтэй нийт 53 хатуу хучилттай авто замын барилга байгууламж,
- 128,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 цэцэрлэгийн барилга,
- 362 тэрбумын төсөвтэй 28 сургуулийн барилга,
- 66,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 соёлын төвийн барилга,
- 34,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 16 спорт заалны барилга төлөвлөгдсөн байна.
Эдгээр барилга байгууламжууд төсөвт хамгийн олноор төлөвлөгдсөн байгаа юм. Жил бүрийн төсвийн төсөлд соёлын байгууламжуудыг олноор тусгасан байдаг. Нэг талаар соёлын төвийн барилга олноор төлөвлөгдөж байгаа нь цаашид эдгээрийг дагасан урсгал зардлыг нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ 2024 оны хөгжлийн төлөвлөлт, Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлогод соёлын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмнэ гэж төлөвлөгөөнд тусгасан байдаг. Тиймээс олноор төлөвлөгдөж байгаа барилга дээр холбогдох газрууд дээрх төлөвлөлтүүдэд тусгасан гэж тайлбарлаж байгаа.
Угтаа бол үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээнүүд төсөвт ихээр дутагдаж байна.
Холбоотой мэдээ