ЗГ: Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг жилээр татна

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

ЗГ: Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг жилээр татна

ЗГ: Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг жилээр татна

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.01/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид томилогдон ажилласан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг сонслоо. Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэлээ.

Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийг дахин томилно.

Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлсэн. Таван сарын хугацаанд ажилласан баг амжилттай ажилласан үр дүнгээ танилцууллаа. Төр үйлчилгээний байгууллага шиг иргэндээ хүрч ажиллах тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Иргэнд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын цэгүүдийг сонгон авч, иргэдэд үйлчилнэ. Нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, энэ салбар дахь эрсдэлийг тооцсон. Энэ салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Жишээлбэл, хүнд суртал, авлига гэх мэт. Хүн төвтэй үйлчилгээг үзүүлснээр төрийн үйлчилгээ бодитой болох юм. Хүнд суртал арилна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд группийн мөнгөө сунгуулдаг байдлыг арилгах бүрэн боломжтой. Энэ баг гурван асуултад хариулж ажилласан. Засгийн газар энэ ажлыг нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжүүлнэ. Амжилттай үр дүн гарвал боловсрол, эрүүл мэндийн салбарт хоёр сарын хугацаанд загвар гаргаж, хэрэгжүүлнэ. Жишээлбэл, Нийгмийн даатгалын санд таван төрлийн сан бий. Арилжааны банкууд дээр таван сан нийт 2650 данстай. Төрийн санд 750 сантай үйл ажиллагаа явуулж байдаг. Яагаад Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд 3400 данс байна вэ. Үр дүнгээрээ арилжааны банкинд нэг, төрийн санд нэг л данстай болгож өөрчилнө. Бид хүнд суртлыг арилгаж, төр өөр өөрийгөө толинд харж байна гэсэн үг. Мөн СХД дээр нийгмийн даатгалын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар гээд тусдаа байдаг. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг хоёр газар 1.5 км зайтай байдаг. Иргэн цаг хугацаа алдаж, хүнд сурталд өртдөг" гэв.

"ИРГЭД 9 ДҮҮРЭГ ДЭЭР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД 23-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ"

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж:

-Иргэд яагаад бухимдаад байна вэ гэдгийг тодорхойлохыг хичээсэн. Иргэн төрийн албан хаагч харилцан сэтгэл ханамжтай байх ёстой. Ил тод, шуурхай, амар хялбар байя. Тиймээс 211 үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй байх үүднээс ажилласан. Нийт 1999 бодит эрсдэл байна. Иргэд есөн дүүрэг дээр төрийн үйлчилгээ авахад 23-34 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Харин 21 аймагт 54-108 мянган төгрөгийн зардал гаргаж, төрийн үйлчилгээ авч байна. Нийт 42 агентлагаас хоёр нь харьяалал харгалзаж үйлчилгээ үзүүлж байна. Архангай аймгийн иргэн Улаанбаатар хотоос хөдөлмөр халамжийн үйлчилгээ авах бүрэн боломжтой байх жишээтэй.

Мөн төрийн аль ч байгууллагыг харьяалал харгалзахгүй үзүүлдэг болно. Алдарт эхийн одонгийн мөнгө, ахмад настны хишиг бол халамж биш. Төрийн дэмжлэг байна.

Нийт 46 төрийн халамжаас 22-ыг нь эргэн харж, халамж мөн үү гэдэг дээр хууль эрх зүйн хувьд тодорхой болгох ёстой байна. Мөн 11-11 төвийн тусгай дугаараар холбогдож байгаа иргэдийн 73.8 хувь нь төрийн үйлчилгээ хүнд сурталтай, удаан байна гэж гомдол гаргасан. Бидний судалгааны чиглэл энэ гомдлыг арилгах юм. Нийт нийгмийн даатгалын 96 үйлчилгээний 70 хувь нь иргэдээс цаасан материал шаардсаар байна. Халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь цаасан баримт шаардаж байна. Тэтгэвэр, тэтгэмж авахад өргөдөл, цээж зураг, хаягийн тодорхойлолтоо цаасаар өгч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчид үзүүлж, эмчийн шийдвэр гарчихаад байхад эмч бус мэргэжилтэй хугацааг нь сунгадаг. Эмч шийдвэрийн хариуцлагаа өрөө хүлээж, хуралд оролцоно. Тухайн иргэн хоёр минутын группийн хуралд заавал оролцохын тулд 1180 км туулж, 2 сая төгрөгийн зардал гаргадаг. Энэ хурлыг хоёр удаа хийдэг байсныг нэг удаа зохион байгуулж, тухайн иргэн заавал биечлэн орох шаардлагагүй болж байгаа.

"УЛИРАЛД ОЙРОЛЦООГООР 100 МЯНГА ОРЧИМ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ИРДЭГ"

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Манай салбарын хувьд их онцлогтой салбар. Цахимжилтыг хийсэн хэдий ч 2022 онд байршлууд дээр давхардсан тоогоор дөрвөн сая гаруй иргэн, цахимаар зургаан сая гаруй иргэн үйлчилгээ авсан байдаг. Иргэд, албан хаагчдын зүгээс цахим дээр хийсэн ажлаа бичгээр давхар хийдэг. Улиралд ойролцоогоор 100 мянга орчим өргөдөл гомдол ирдэг. Бид дахин инженерчлэлийг хийснээр төрийн албан хаагч дээр ирж байгаа дарамтыг багасгах шаардлага байгаа.

Тэтгэвэр тогтоох байцаагч дээр гэхэд дээшээ 8-9 шатны шалгалт орж, зарим нь 20 сая төгрөгийн зөрчилтэй байна гэдэг бол тэр хүн дээр акт тавьж байсан тохиолдол гардаг.

Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долдугаар сард батлагдаж, 2024 оноос хэрэгжих гэж байна. Үүнтэй холбоотойгоор 60 журамд өөрчлөлд оруулах гэж байгаа цаг үед дахин инженерчлэлийн процессыг тусгахаар ажиллаж байна. Нэг цэгийн үйлчилгээ Засаг даргын Тамгын газраа тойрч байрладаг. Гэтэл иргэдэд аль болох ойр байх ёстой учраас бүсчилж, цэгүүдийг байгуулах болно. Бид Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа.

"ХӨГЖЛИЙН БАНК 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨРӨӨ ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР 100 ХУВЬ БАРАГДУУЛЖ ДУУСЛАА"

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголын Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж дууслаа. Энд ямар нэг өрийг өрөөр төлөөгүй. Дахин санхүүжилт байхгүй. Хөгжлийн банк нийт зээлийн багцад 55 хувийн буюу 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наядын зээл чанаргүй гэж үнэлэгдэж, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь яригдаж байв. Энэ бол хоёр жил хүрэхгүй буюу 2022 оны нэгдүгээр сард болсон зүйл.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж, Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг чанаргүй зээл эргэн төлүүлэхэд чиглүүлж, шинээр нэг ч зээл олгоогүй.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ онд 500 сая ам.долларын бонд болон 30 тэрбум иенийн бонд буюу нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг төлөх сорилттой тулгарсан. Нүүрсний хулгайтай амжилттай тэмцэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Тодруулбал, 2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар, 2016 онд татсан "Кредит Свисс" банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар. Гадаад өр төлбөрөө амжилттай төлөх нь зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх эерэг нөлөөтэй.

Ирээдүйн өв сангийн хуулийг 2017 онд баталсан. Өнгөрсөн 2019 он хүртэл өмнөх 1 их наяд төгрөгийн зээлийг төлж, хуримтлал бий болгосон. Өнөөдөр 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна. Оны эцэс рүү 3.2 их наяд төгрөг болно. Ирэх онд 4.5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Холбогдох хууль, журамд 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Ирээдүйн өв санг тусгаарлах үүрэгтэй байгаа. Засгийн газар 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 1.3 их наядын хуримтлалтай, төрийн сангийн үлдэгдэл 1.4 их наяд орчим байсан. Өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл гурав дахин нэмэгдэж, 4.3 их наяд болсон. Тийм учраас Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг 1 жилээр татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-н болголоо. Хуулийг яаралтай горимоор өргөн барихаар боллоо. Одоо "Самурай" бондын өр төлбөр 200 сая ам.долларыг арванхоёрдугаар сард төлөхөөр байгаа. Монгол Улс В тогтвортой зээлжих зэрэглэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж